УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Монгол наадмын хойморт залрах гурав дахь гадаадын төрийн тэргүүн И Жэ Мён

Энэ жил Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн тохиож байна.

1024 бөх барилдана, 13-нд "Уяачдын наадам" бус "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн дэлгэр тэмдэглэнэ. Наадмын нээлтэд карьер нь мандаж яваа БНСУ-ын Ерөнхийлөгч  И Жэ Мёныг дэргэдээ суулгах зураглал цөм У.Хүрэлсүхийнх. Ингэж хэлсний учир нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаан дахь сүүлчийн наадам тохиож буй. Түүний хувьд сүүлийн гурван жил дараалан хаад, ерөнхийлөгчийг монгол наадмын индэрт ийн суулгаж байна. 2024 онд Бутаны Хаан, 2025 онд Японы Эзэн Хаан, 2026 онд БНСУ-ын Ерөнхийлөгч. Эл айлчлалуудын ард юу өрнөснийг эргэн саная.


Дата график:

2024 он: Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хатан Жэцүн Пэма, хааны гэр бүлийн хамт нээлтэд хүндэт зочноор оролцов. 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойших анхны айлчлал болсон юм.

2025 он: Япон Улсын Эзэн Хаан Нарүхито Хатан Масако-гийн хамт нээлт, сурын харваа, шагайн харваа, Хүй долоон худагт морины уралдаан үзэв. Японы эзэн хааны Монголд хийсэн түүхэн дэх анхны айлчлал.

2026 он: БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Гэргий Ким Хе Гён-ы хамт нээлтэд хүндэт зочноор оролцоно. БНСУ-ын төрийн тэргүүний 15 жилийн дараах айлчлал.

Нэг. Аз жаргалын яамтай, гэрлэн дохиогүй, иргэдээ үнэгүй эмчилдэг Бутаны Хаан айлчилсан нь

2024 оны наадам Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук сум тавьж буй нь | Зургийг: Б.Эрдэнэбаяр, Байршил: Үндэсний сур харвааны талбай

2024 оны наадмаар анхны төрийн тэргүүн хүндэт зочноор ирэв. Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хатан Жэцүн Пэма болон хааны гэр бүлийн хамт /2024.07.08-15/-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд хүндэт зочны хувиар оролцсон. Хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Бутаны төрийн тэргүүний хийсэн анхны айлчлал энэ байв. Долоо хоног үргэлжилсэн айлчлалын хөтөлбөрт хоёр талын хэлэлцээ, баримт бичигт гарын үсэг зурахаас гадна "Чингис хаан" үндэсний музей, Богд хааны ордон музейд зочлох зэрэг соёлын арга хэмжээ багтсан. Мөн Монгол төрийн наадмын голлох төрөл болох сурын харвааны талбайд Бутаны Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук төлөөлөгч нарынхаа хамтаар очиж, манай Улсын Ерөнхийлөгчийн хамтаар сум тавьсан юм.

Энэ тухай сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Монгол Улсад урьсан Ерөнхийлөгчид баярлалаа. Мөн Монголын ард түмэнд маш их баярлалаа гэж хэлье. Өөрийн нутгийн "Таши дэлэг" гэх үгээр баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж байна. Бага наснаасаа нум сумаар харвадаг байсан тул хийдэг зүйлээ л хийсэн мэт санагдлаа. Монгол Улсыг "Найз аа" гэж дуудахдаа баяртай байна. Монголчуудыг Чингис хааны үр удам гэдгийг нь бүх зүйлээс мэдэрч байна. Тиймээс Монгол Улсад маш их хайртай байж, сайн найзаа гэж хүндэтгэн бодох болно" хэмээсэн байдаг.

Айлчлалаар | Бутаны хаант улстай малын үр шимийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх, Бутан, Монгол Улс оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах талаар тохиролцсон байдаг.

Хоёр. Японы Эзэн Хааны түүхэн айлчлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, эзэн Хаан Нарүхито нар хурдан соёолонгийн уралдаан үзэж буй агшин. |2025.07.12|, Хүй долоон худаг

2025 он. Япон Улсын Эзэн Хаан Нарүхито, Хатан Масако нар төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн тоглолт үзэхээс гадна сурын харваа, шагайн харвааны талбайд хүрч очиж, Хүй долоон худагт хурдан морины уралдаан үзсэн юм. Тэрбээр 2007 онд Монголд анх удаа ирж байсан бөгөөд хоёр дахиа ирэхэд сэтгэл хангалуун байсан талаараа ийн ярьсан юм.

Эзэн Хаан Нарүхито "Монголын нийгэм өмнө нь ирж байснаас илүү эрч хүчээр бялхаж байна" : Япон Улс болон Монгол Улсын найрамдалт хамтын ажиллагааны гүн гүнзгий харилцааны үндэс суурь нь хүн хоорондын хэлхээ холбоо юм.

Өмнөх айлчлалын үеэр миний бие тухайн үеийн хоёр орны харилцаа оргилдоо хүрээгүй байгааг хэлж байсан. Жишээлбэл 2007 онд Япон Улсад 1,100 орчим монгол оюутан суралцаж байсан бол өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд энэ тоо дөрөв дахин нэмэгдсэн байна. Айлчлалын үеэр Японд төгсөж, амжилттай ажиллаж буй хүмүүс болон  боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай танилцахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын ирээдүйг авч явах хойч үеийнхэн, Японд суралцаж ирээд залгамж үеэ удирдан чиглүүлж байгаа эрхмүүдтэй уулзах гэж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Өмнөх айлчлалын үеэр монголчууд “хувьтай хүн хур борооноор” хэмээн бэлгэшээдэг болохыг мэдсэн бөгөөд хур тунадас багатай, хуурай уур амьсгалтай бүс нутагт амьдардаг хүмүүсийн хувьд “ус бол чандмань эрдэнэ” гэдгийг мэдэрсэн билээ" гэв.

Айлчлалаар | Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийж, найрсаг харилцаа, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан. Мөн энэхүү айлчлал Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай хөгжүүлж буй “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц өгсөн гэж үздэг билээ.

Гурав. Монгол Улс, БНСУ стратегийн түншлэлийн алтан үеийг эхлүүлэх айлчлал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах үеэрх агшин | Гэрэл зургийг Ерөнхийлөгчийн тамгын газраас

Тэгвэл энэ жил И Жэ Мён гэргийн хамт наадмын нээлтэд хүндэт зочноор оролцоно. Айлчлалын хүрээнд хоёр улсын Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж буй бөгөөд байгаль орчин, ойн салбарын гурван санамж бичиг аль хэдийн байгуулагдаад байна. И Жэ Мён айлчлалынхаа өмнө энэ үйл явдлыг "Солонгос, Монголын харилцааны алтан үеийг угтсан сайхан боломж" хэмээн тодорхойлсон юм.

Энэхүү айлчлал Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй 15 жилийн дараах төрийн айлчлал бөгөөд И Жэ Мёны Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Монгол Улсад хийж буй анхны албан ёсны айлчлал болж байна. Тиймээс уг айлчлал нь зөвхөн дипломат ёслолын хүрээнд бус, хоёр улсын стратегийн түншлэлийн дараагийн үе шатыг тодорхойлох, эдийн засаг, бүс нутгийн аюулгүй байдал, дипломат хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг хэлэлцэх чухал боломж гэж ажиглагчид үзэж байна.

Айлчлалаар | Хоёр улсын төрийн тэргүүн "Солонгос, Монголын харилцааны Алтан үе" хамтарсан тунхаглал гаргаж, 2030 он гэхэд хоёр улсын иргэдийн харилцан зорчих урсгалыг жилд 500 мянгад хүргэх зорилтыг дэвшүүлэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улс нь зэс, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын баялаг нөөцтэй бол Өмнөд Солонгос эдгээр түүхий эдийг өндөр технологийн үйлдвэрлэлд ашигладаг дэлхийн тэргүүлэх орнуудын нэг юм. Иймээс уул уурхайн хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн сүлжээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, шинжлэх ухаан, технологи зэрэг салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэхээр байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button