Өлгийтэй байхдаа айлд өргөгдөн холдсон ч өсвөр наснаасаа ижилдэн, хамтдаа өтөлж буй өвлөн уламжлагч ихрүүд Р.Хандсүрэн, Т.Шануу

Тэмээн сүргийн магтаалыг хоолой нийлэн уянгалуулах ногоон торгон дээлээр ижилдэн гоёсон эрхмүүд бол Р.Хандсүрэн Т.Шануу. Тэд ховорхон заяанд төрсөн ихрүүд. Эхээс мэндлээд 22 хоногтой байх үед нэгийг нь айлд өргүүлснээр бие биеэсээ алсхан өссөн ч өдгөө товшуур хөгжим дарж, хамтдаа дуулж хуурдан нэгнээ түшин амьдарч буй нь энэ.
Тэд “Өдий 70 гаруй насандаа дуу хадаах зэрэгтэй яваа маань хүүхэд наснаас бие, сэтгэлийн тэнхээ суулгасан монгол ахуй, өв соёл, дуу хуурын ач гэж боддог. Нас нэмэх тусмаа л нэгнээ санадаг. Ойр байх гэж тэмүүлдэг болчихдог юм байна. Хүмүүс бид хоёрыг хараад ямар хөөрхөн юм бэ гэлцдэг. Олны ерөөл буянаар сайн сайхан явна даа” хэмээн амны бэлгэ дүүрэн өгүүлнэ.
Ихрүүдийн нэрийн өмнө эцэг эхийнх нь алдраас гадна зээ таталтын өвлөн уламжлагч, ардын авьяастан, удам дамжсан уртын дуучид гээд уртаа гэгчийн тодотгол хөвөрнө. Хоёр талд өссөн ч авьяас, хүсэл сонирхол нь ижил. Тэр ч бүү хэл хоёул зургаан хүүхэд төрүүлж өсгөсний тав нь чацуу ажээ. Ийм нэгэн сонирхолтой хувь тавилангийн эзэд, соёлын өв тээгч, түгээн дэлгэрүүлэгч эгч дүүстэй ярилцсанаа хүргэе.
-Сайхан зусацгааж байна уу. Монгол ёсоор нутаг усных нь тухай яриагаа эхэлье. Та хоёр маань аль нутгийн хүмүүс вэ. Тэмээн сүргийн магтаалыг дуудахыг бодоход говь зүгийнх болов уу гэж таамаглалаа?
-Бид дуу хуурын өлгийн Дундговь нутгийн улс. Манай Баянжаргалан сум говь хээрийн бүс хосолсон сайхан нутаг бий. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуайн зохиол, н.Чулуундоржийн хөгжим "Тэмээн сүргийн магтаал" гэх энэ сайхан магтаалыг манай Дундговийн өвлөн уламжлагчид жил болгоны "Нүүдэлчин монгол" фестивальд оролцдог юм.
-Товшуур хөгжим дараад, магтаал хэлэх нь тун сайхан сонсогдож байна. Хэзээнээс эхэлж магтаал дуудах болов. Ер нь урлагийн хүмүүс үү?
-Бид мэргэжлийн хүмүүс биш ардын авьяастнууд. Манай Дундговийнхон тэмээн сүргийн магтаалыг их уншдаг. Түүнээс гадна бид хоёр уулын тахилгын магтаал зохиосон. Өөрсдөө үгийг нь зохиож, манай найз аяыг нь хийсэн. Одоогоор хоёр ч уулын магтаалтай болоод байна. Баянжаргаланд бараа бараагаа харсан тахилгатай уулс бий.
Нас явахаар дуу хоолой жаахан суугаад ирэх юм. Гэхдээ яахав урлагт дуртай, хайртай болохоор явж л байна. Сүүлийн үед магтаал сонирхоод, 70 хүрч байхдаа товшуур хөгжим хийлгэж, тоглож сурсан даа. Ер нь бол бид малын хөөс, тойг зэрэг уриа дуудлага, одоо гийнгоо гэж ярих болсон умар зээ нам таталтыг таван настайгаасаа хойш өвлөн уламжилж яваа. Боржгон дэгийн уртын дуу дуулдаг.
-Тэгэхээр та хоёрын өссөн орчин урлаг соёл, өв уламжлал бүрдсэн сайхан монгол ахуй байж таарах нь ээ. Удам дамжсан авьяастнууд бололтой?
-Тэгэлгүй яах вэ. Бид дууч удамтай хүмүүс. Ээж маань сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн ээж маань дуучин хүн байсан юм гэнэ билээ, биднийг багад өнгөрсөн болохоор мэддэггүй. Аавын аав Сэрчин Жунай гэж алдартай уртын дуучин байсан. Алах ял сонсчихоод өөрийнхөө дуу хоолойгоор амь нь аврагдсан түүхтэй. Сэрүүн сайхан хангай гэдэг дууг дуулдаг хүн байсан.
-Өөрсдөө уран бүтээл туурвих, өвлөн уламжлахын зэрэгцээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд гар бие оролцож яваа юм байна. Уртын дууны сургалтынхаа талаар яривал?
-Р.Хандсүрэн: Өөрийнхөө хэмжээнд хүүхдүүдэд зааж сургаж байна. 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Соёлын яамнаас уртын дууны багш нар бэлтгэсэн. Бид хоёр тэр сургалтад сууж уртын дууны сургагч багшаар төгссөн. БИ хотод, ихэр маань Говьсүмбэр аймагт сургалт явуулдаг.
-Т.Шануу: Манай сум Говьсүмбэр аймагт ойрхон. Тийм учраас тэнд уртын дууны сургалт явуулж байна. Манай шавь нараас Энхмаа, Лхагва-Эрдэнэ, Энхжаргал, Алтанцэцэг, Мөнхболд гээд түрүүчээсээ төгсөөд сургуульд орж, улс, аймгийн уралдаанд оролцоод явж байна.
-Сүүлийн үед хүмүүс үндэсний урлаг, өв уламжлалаа их сонирхдог, таньж мэдэхийг зорьдог болжээ. Ганц сайхан уртын дуу аялаад сурчихсан ч гэж бодддог хүн ч бий байх. Солгой хоолойтой хүнд уртын дуу дуулж сурах боломж хэр байдаг юм бол?
-Ер нь хүмүүс их асуудаг. Солгойтой хоолойтой бол дуулж сурах болов уу гээд. Солгой хоолой гэдэг бол нэлээд засаж, ажиллаж байж "тэгшрэх" хоолой юм л даа. Сонирхол нь байвал хоолойн дасгал хийгээд засрах боломжтой. Гэхдээ нэлээд хугацаа шаардлагатай. Монголчууд уртын дуугаа их сонирхдог болж. Гэр бүлээрээ дуу суръя, найранд ганц дуутай болъё гээд зориод ирэхэд их баярладаг. Өөрсдийнхөө хэрээр, зохих хэмжээнд зааж сургаад явж байна.
-Та хоёр маань ихэр заяанд мэндэлсэн хувьтай хүмүүс аж. Их багадаа нэг нь айлд өргөгдсөн гэж дуулсан. Хэдэн настайгаасаа бие биеэ мэддэг болж, хэзээнээс дотносов?
-Р.Хандсүрэн: Биднийг гэдсэнд байхад ээж маань найз үе тэнгийн сургуулийн багш нь "Чиний гэдсэнд ихэр хүүхэд байна даа" гэж л дээ. Тэгсэн ээж маань " Хэрэв ихэр байвал чи нэгийг нь өргөж аваарай" гээд тоглоом шоглоом болгосон гэдэг. Тэгтэл үнэхээр ихэр хүүхэд мэндэлж, ээж минь ч хэлсэн амандаа хүрсэн юм билээ. Тэр үед хүүхэд ховор. Хүнд үр хүүхдээ өгнө гэдэг буянтай, нэр төртэй зүйл байсан. Тэгээд ихэр маань 22 хоногтойдоо нь зэргэлдээ сум руу айлд өргөгдсөн түүхтэй. Таван настайд энэ маань айлчилж ирж, ээж аав маань биднийг уулзуулж байсан. Тэрнээс хойш арав гаруй настайдаа аймгийн төвийн ойн баяр дээр хоёр биенээ анх харж байсан даа. Тавтайд бол нэгнээ төсөөлөхөөс төдийгүй л байсан байх.
-Т.Шануу: Сургуулийн захирал ихрийн өрөөсөн байсан. Тэгээд зэргэлдээ Говь-Угтаал суманд байгаа ихрийнхээ өрөөсөнд намайг өргөж өгсөн. Миний өргөсөн ээж ихэр, өргөж авсан аав маань бас ихрийн өрөөсөн. Тийм сонин түүхтэй.
-Арван хэдтэй уулзсан уулзалт бол аав, ээж нь зорьж уулзуулаагүй, та хоёр өөрсдөө нэгнээ олж харсан мөч юм байна шүү дээ. Тэр үед ямар мэдрэмж төрж байсан бол?
-Тэр үе аймгийн 30 жилийн ой болж байсан юм. Сум болгоноос хүмүүс очсон. Бид хоёр талаасаа очиж таарч, хоорондоо уулзалдсан хэрэг. Хоёр гэрэвшсэн хүн, бие биеээ харж чадахгүй, жишүүдүүхэн хараад л уулзаж байсан санагдана.
-Та хоёрын хэн нь эгч нь вэ?
-Р.Хандсүрэн: Би эгч нь гэж явдаг юм. Ихрүүдийг түрүүлж гарсан нь дүү, сүүлд гарсныг нь ах, эгч гэж тооцдог. Энэ маань надаам түрүүлж гарсан юм.
-Хэдийгээр өмнө нь нэгнээ мэддэг байсан ч том болсон хойноо нэгэнтэйгээ уулзах мөч мэдээж догдлом байх. Ялангуяа айлд өргөгдөөд явсан дүүгийн хувьд?
-Т.Шануу: Таван настай уулзахад бол төсөөлөл бага байгаа шүү дээ. Намайг тавтайдаа айлчилж очиход ээж маань бидэнд ижилхэн дээл хийж өгсөн. Тэрийгээ өмсүүлчихээд хаалганы дэргэд зэрэгцүүлээд зогсоож хараад ээж аавууд маань "ижилхэн байна шүү" гэж байсныг муухан санадаг. Тэр үед чинь эсгий үүд, самбартай хаалгатай байлаа. Дараа нь арван хэдтэйдээ аймагт уулзсан. Тав, зургаадугаар ангийн л хүүхдүүд байсан байх. Аймаг орно, ихэртэйгээ уулзана гэхээс дотроо бол догдлоод байгаа байхгүй юу. Хоёр өөр сум учраас энэ маань трүүрүүлээд оччихсон байсан.
-Р.Хандсүрэн: Миний хувьд анх нэгнээ хараад "Би хүн харахад ийм төрхтэй байдаг юм байна даа" гэж бодогдож байсан. | Инээв|
-Одоо та хоёр маань үр хүүхэд, ач, зээ хэдүүлээ болж байна?
- Р.Хандсүрэн: Өөрөөс гарсан зургаа, зургаан хүүхэдтэй. Тэгээд одоо өнчөөн өнөр болсон. Хүүхдийн хүүхэд гэхэд 30 -аад хүүхэд байна. Нодлин 28 гэж "тоологдож" байсан.
- Т.Шануу: Ялгаагүй ээ, манайх бас ижил.
-Та хоёр хоёулаа зургаа, зургаан хүүхэдтэй юу?
-Тийм. Бид өөр өөр суманд амьдардаг байсан. Хүүе чи төрөх гэж байна уу. Би төрөхөөр төлөвлөж байна гэж хоорондоо ярилцаагүй л юм. Нэг л мэдэхэд зургаа зураан хүүхэдтэй болчихсон. Одоо бодоход тав нь чацуу. Тэр одоо ихрийн холбоо л байх.
-Бага залуу насаа бие биенээсээ хол өнгөрүүлжээ. Одоо амьдрал тэгшрээд ирсэн энэ үедээ илүү ойрхон байх сан гэж бодол төрөх үү?
- Р.Хандсүрэн: Байлгүй яах вэ. Бид зэргэлдээ суманд байсан болохоор тэмцээн уралдаан, зорьж очиж нэгэндээ золгох гээд жилдээ 1-2 удаа уулзалддаг байсан. Нэг нь эрх баригч, нөгөө нь цаг уурч учраас ажил завдахгүй. 1984 онд аймгийн соёл урлагийн 10 хоног гэж болсон юм. Тэгээд зургаан сар хамт сургуулилсан.Тэнд хамт байснаас хойш хоёр биетэйгээ хамт байх сан гэж санагалздаг болсон. 1990 он гараад тэтгэвэртээ сууж, ихэр маань Өндөршилээс нүүж ирж, бид Баянжаргаландаа аав, эж дээрээ ойрхон 10-аад жил болсон. Одоо бол болж л өгвөл хамт л байх санаатай.
-Хүмүүс ахтай, эгчтэй байсан болоосой гэж ярьдаг шүү дээ. Таны хувьд ихэр эгч заяажээ. Эгчийн нөмөр нөөлөг сайхан биз?
- Т.Шануу: Сайхан байлгүй яах вэ. Ер нь ихэртэйгээ хамт байх санаатай. Хотоор хүүхдүүд байна. Хотод ирэхээрээ хүүхдийндээ очоод нэг л хононо. Тэгээд л ийшээгээ зүтгээд эхэлнэ шүү дээ. Хоёулаа хамт байхдаа хөгжмөө дарна, дуугаа дуулна. Ингэж л байвал сэтгэл санаа өөдрөг байдаг. Дуу хуур хүний сэтгэл санааг өргөдөг сайхан зүйл л дээ. Хүмүүс биднийг "Ямар хөөрхөн юм бэ" гэдэг. Олон түмний урмын үг биднийг урт наслуулж, удаан жаргуулж байна даа.
Тэд "Монгол ахуй, өв соёл гэдэг бол бидний мах цусанд шингэсэн өв. Бид дөрөв, таван наснаасаа хурга ишгэнд гүүгчээд, наадмын морио унаж зээ татаж өссөн. Тэр үед наадмын морь унана гэдэг одоогийнх шиг машинаар морио ачиж аваачаад уралдуулдаг байсангүй. Морины уяаг хэчнээн тойрч, мориныхоо хөлсийг хатааж, тэр болгонд зээгээ татна. Тэр олон удаа дуулж, хашхирч явсан маань бидний биед сууж өгсөн. Өдий 70-н хэд насалчихаад дуу аялахтайгаа байна гэдэг бол Монголын агуу өв соёлын ач. Багаасаа хатуужилтай, хүмүүжилтэй, барагтай юманд шантрахгүй болж өсөж байгаа. Энэ агуу соёл уламжлал минь бүү унтраасай, улам өргөжин дэлгэрээсэй гэж хүсэж явна. Адаглаад сайхан зээ татдаг унаач хүүхэд ховордсон харагдана. Хүүхдийн буруу биш. Хүүхдүүдэд зааж сургахгүй байгаа томчуудын, энэ нийгмийн дутагдал. Том том уяачидтай хамтраад цангинатал зээ татахыг хүүхдүүдэд зааж, өв соёлоо уламжлуулахсан гэж боддог" хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Видео:











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.