Сурвалжилга: Дэвтрийн үнэ ₮50-100 өссөн бол дүрэмт хувцасны үнэ өмнөх жилээс өсөөгүй байна
25 хоногийн дараа 2026 оны хичээлийн шинэ жил эхэлнэ. Жил бүрийн наймдугаар сарын 10-наас Нарантуул Худалдааны төв хүн хөлд дарагддаг. Тэгвэл /2026.08.06/-нд биднийг очиход хүн хөл татруун, багатай байсан юм.
Энэ жил 50 мянган хүүхэд ЕБС-ийн нэгдүгээр ангид шинээр элсэх төлөвтэй байна. Тэд бүгд хичээлийн шинэ жилдээ бэлдэж хичээлийн хэрэгсэл болох үзэг, дэвтэр, харандаа, шугам авна. Тиймээс бид Нарантуул худалдааны төвийг зорьж, хичээлийн хэрэгслийн үнийг сурвалжиллаа.
Өдийд шинээр сургуульд элсэж буй хүүхдүүдэд зориулсан багц худалдаанд гарсан байх учиртай. Гэтэл одоогийн байдлаар нэгдүгээр ангийн хүүхдэд зориулсан, түүний хэрэгцээг нэг дор хангасан багц худалдаанд гараагүй байгаа аж.
Энэ тухай худалдаа эрхлэгч нар "Бүх ЕБС-ууд ижил хэрэглэгдэхүүн хэрэглэдэггүй учраас багц гаргаагүй. Тэгээд ч нэгдүгээр ангийн хүүхдийн багц борлуулалт муу байдаг. Энэ жилийн тухайд бүр ч муу байх төлөвтэй. Учир нь иргэд бүгд л бүсээ чангалж хичээж байна. Одоогоор бол хүн багатай байгаа ч зарим эцэг эхчүүд урьдчилж хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээд явж байгаа нь цөөнгүй. Ингэхдээ эцэг эхчүүд хүүхдэд нь "байгаа л бол шинээр авахгүй, өмнөхөө ашигла" гэж байгаа нь олон байна. Өмнөх жилүүдэд бол бүгд шахуу л шинэчилж авч өгдөг байлаа. Одоо тэгээд иргэдийн амьдрал хүнд, ачаа ихтэй л байх шиг байна даа. Ер нь худалдан авалт муу байна. Наймдугаар сарын 20-ноос арай дээрдэж магад.
-Хичээлийн шинэ дөхөхөөр үзэг, дэвтрийн үнэ өсдөг гэдэг яриа байдаг. Хэр үнэний ортой вэ?
-Худлаа байх аа. Манайх бол зарж байгаа үнээрээ л байдаг. Дөхүүлээд үнээ нэмнэ гэсэн зүйл байдаггүй. Худалдан авагчид ихсээд ирэхээр зарим хүмүүс нь тэгж байж магадгүй. Гэхдээ манай Нарантуул бол хамгийн хямд, үнээ сайн барьдаг газар шүү дээ.
-Бага ангийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл ₮50-60 мянгат багтаж байна-

Хичээлийн шинэ жилийн өмнө хүүхэд бүх шинэ дэвтэр худалдан авдаг. Ихэвчлэн манайд дотооддоо үйлдвэрлэсэн буюу "Улаанбаатар принт"-ийн дэвтэр болон БНХАУ-аас орж ирдэг Эко дэвтэр, Польш дэвтэр түгээмэл борлуулагддаг. Үнийн хувьд дотоодын үйлдвэрийн дэвтэр нь арай үнэтэй байна. Энэ жил дэвтрийн үнэ хэд байгаа болон өмнөх жилээс хэрхэн өссөн болохыг доорх зургаас харна уу.


Дэвтрийн үнэ өмнөх жилээс их хэмжээгээр өсөөгүй ч тодорхой хувиар өссөн байна. Энэ тухай худалдаа эрхлэгч нар "Юань ханш өссөн учраас бага хэмжээгээр үнэд өөрчлөлт орсон" гэв. Бага ангийн нэг хүүхдийн хичээлийн хэрэгсэл ₮50-60 мянгат бүрэн багтах боломжтой байна. Энэ нь нэг хүүхдийн 3-6 сарын хэрэглээ бөгөөд үүнд зөвхөн хичээлийн хэрэглэгдэхүүн болох дэвтэр, үзэг, харандаа, зэрэг багтах юм.
Хичээлийн хэрэгслээс гадна хүүхдүүдийн нэг чухал зүйл бол дүрэмт хувцас. Тэгвэл Нарантуул зах дээр,
- Сургуулийн хүүхдийн цагаан, цэнхэр цамц- ₮25- 30 мянга
- Бага ангийн хүүхдийн дүрэмт хувцас иж бүрэн - ₮80-85 мянга
- Дунд ангийн хүүхдийн дүрэмд хувцас иж бүрэн - ₮105-110 мянга
- Ахлах ангийн хүүхдийн дүрэмд хувцас иж бүрэн - ₮120-140 мянгын үнэтэй байгаа бөгөөд үнэ өмнөх жилээс нэмэгдээгүй байгаа аж.
Сурагчид цүнх хэрэг болох нь мэдээж. Сурагчийн цүнх Нарантуул зах дээр ₮30-110 мянгын үнэтэй байгаа аж. Энэ тухай худалдаа эрхлэгч "Хүн ихэслээ гээд бид үнээ нэмэхгүй. Цүнхний үнэ бол ₮30-110 мянгын хооронд байна. Худалдан авалт ер нь муу байна шүү. Гэхдээ бас яах вэ. Хүмүүс ихэвчлэн ₮40-50 мянгын үнэтэй цүнх түгээмэл сонгож худалдан авч байна" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.