Байгаль орчин

Тал нутгийн төлөвлөгөө: Монгол СОР17 хурлаар дамжуулан дэлхийн ирээдүйд санал болгож буй шинэ хандлага

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал болох COP17-гоор дан ганц улс орнуудыг цуглуулан хуралдах гэж буй төдий биш юм.

Монголын хувьд энэ хурлыг дэлхийн хэмжээнд өөрийн туршлага, газар зүйн онцлог, нүүдлийн соёл болон шинжлэх ухаанд суурилсан шинэ арга хандлагыг танилцуулж, цаашдын олон улсын хамтын ажиллагаанд бодитой мөр үлдээх боломж гэж харж байна.

UNCCD-гийн албан ёсны мэдээллээр COP17 хуралд конвенцын 197 улсын төлөөлөл, төр засаг, бизнес, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд, нутгийн иргэд, малчид зэрэг өргөн хүрээний оролцогчид хуран цуглана. Хурлын гол сэдэв нь газрын нөхөн сэргээлт, ган гачгийн эсрэг тэсвэртэй байдал, ус, бэлчээр, хүнсний асуудал юм.

Энэ цаг үед Монгол Улсын танилцуулах Тал хээрийн төлөвлөгөө” буюу Steppe Action Agenda нь хурлын санаачилга төдий бус, Монголын зүгээс COP17-гоос цааш авч үлдэхийг зорьж буй урт хугацааны бодлогын өв хэмээн тодорхойлогдож болно. "Тал хээрийн төлөвлөгөө"-ний үндсэн санаа нь энгийн мэт боловч агуулгын хувьд өргөн хүрээтэй. Үүнд, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг асуудлыг тус тусад нь авч үзэх бус, тэдгээрийн харилцан хамаарлыг нэгтгэн шийдвэрлэх тухай билээ. Үүний зэрэгцээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенц буюу Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг хооронд нь уялдуулах зорилготой.

ГАЗРЫН ДОРОЙТОЛ НЬ ЗӨВХӨН БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ БИШ

Газар доройтоход усны хүртээмж, экосистемийн эрүүл байдал, хүнсний аюулгүй байдал, малчдын амьжиргаа, эдийн засгийн бүтээмжид нөлөөлнө. Усны хомсдол нэмэгдэхэд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт ган, зуд зэрэг эрсдэлийг нэмэгдүүлснээр энэ харилцан хамаарал нь яваандаа шийдвэрлэх боломжгүй хэмжээнд хүрэх сөрөг тал бий. Тиймээс нэг салбарын бодлого нөгөөгөөсөө тусдаа хэрэгжих тусам үр дүн нь тодорхой хязгаарт тулна. Өөрөөр хэлбэл газрын доройтол дан ганц байгаль орчны салбарынх гэж орхилгүй, энэ нь нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний ойлголт гэж харах нь зөв билээ.

Гэрэл зургийг: О.Улсболд

Иймд "Тал хээрийн төлөвлөгөө" нь салбар хоорондын энэ салангид байдлыг нэгтгэх, хэрхэн цаашид уялдаа холбоотой болгох буюу "юу хийх вэ" бус "хэрхэн хийхээр зорьсон зүйлээ нэг тогтолцоотой болгох вэ" гэдэг шийдлийн арга зам юм. Энэ нь Монголын газрын доройтлыг тэглэх хэтийн зорилтын нэн чухал хэсэг гэж харууштай.

Ингэснээр олон улсын өмнө хүлээсэн амлалт хурлын дараа цаасан дээрх зорилт төдий үлдэх бус, хөрөнгө оруулалт татах боломжтой, өргөжүүлж болох, хэмжиж болох бодит шийдэл рүү шилжих нөхцөл бүрдэнэ гэж харж буй. Энэхүү санаачилгын бас нэг чухал онцлог нь үндэсний асуудлыг олон улсын түвшний шийдэлтэй холбож байгаад оршино. Төлөвлөгөө нь дэлхийн хэмжээний санаачилгад тулгуурлана.

Үүнд,

  1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга,
  2. Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга,
  3. Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга багтана. Эдгээр нь тус тусдаа үйл ажиллагаа биш, харин нэг зорилгын өөр өөр тал гэсэн үг.

Нэгдүгээрт, бэлчээрийг хамгаалж, тогтвортой ашиглаж, нөхөн сэргээх шаардлагатай.

Хоёрдугаарт, бэлчээр болон бусад экосистемийн суурь болсон ус, газрыг нэг тогтолцоо гэж харж, тэдгээрийн менежмент, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг уялдуулах шаардлагатай.

Гуравдугаарт, эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг байгаль орчны тогтвортой байдлаас салгахгүйгээр төлөвлөх шаардлагатай.

БЭЛЧЭЭРИЙГ ДЭЛХИЙН БОДЛОГЫН ТӨВД АВЧРАХ МОНГОЛЫН САНАЛ

"Тал хээрийн төлөвлөгөө"-ний амин чанар нь бэлчээрийн тэргүүлэх санаачилга. Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран энэхүү олон улсын санаачилгыг хэрэгжүүлэх бөгөөд 2026 онд Монголд болох COP17-ын үеэр, Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөсөн.

Гэрэл зургийг: О.Улсболд

Бэлчээрийг зөвхөн мал аж ахуйн үйлдвэрлэлийн суурь гэж авч үзэх нь экологийн болон нийгмийн үнэ цэнийг дутуу үнэлсэн болно. Төлөвлөгөөний баримт бичигт бэлчээрийн экосистем нь биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгч шингээх, усны нөөцийг зохицуулах, экосистемийн үйлчилгээг хадгалах, олон сая хүний амьдрал, сайн сайхан байдлыг дэмжих чухал үүрэгтэйг онцолж буй.

Тиймээс бэлчээрийг хамгаалах нь зөвхөн малын тоо, бэлчээрийн даацын тухай яриагаар хязгаарлагдахгүй. Энд орон нутгийн эдийн засаг, соёлын өвийн тухай яриа ч багтана.

Энэхүү санаачилгаар бэлчээрийн бодлогыг гурван түвшинд урагшлуулахаар төлөвлөжээ.

Нэгдүгээрт, мэдлэгийн суурийг бий болгоно. Үүнд газрын доройтлыг тэглэх зарчим, бэлчээрийн тогтвортой байдлын стандарт, бэлчээрийн эрүүл байдлыг үнэлэх аргачлал, нөхөн сэргээлтийн өртөг болон үр ашгийг дүгнэх.

Хоёрдугаарт, бэлчээрийн нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалтын төслүүд багтана. Эдгээр төсөл нь газрын доройтол, ган гачгийн тэсвэр, биологийн олон янз байдал, нүүрстөрөгчийн шингээлт, уур амьсгалын дасан зохицол, соёлын өв, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хамарна.

Гуравдугаарт, бэлчээрийн бодлого, хөрөнгө оруулалтыг олон улсын түвшинд дэмжих дэлхийн эвслийг байгуулах зорилт багтана.

Энэ нь Монголын нүүдлийн мал аж ахуйн туршлагыг дэлхийн бодлогын хэлэлцүүлэгт оруулахын зэрэгцээ Монгол Улсын өөрийн бэлчээрийн бодлогыг олон улсын шинжлэх ухаан, стандарт, хөрөнгө оруулалтын тогтолцоотой холбох боломжтой юм.

Монголын хоёр дахь гол санал болох Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга нь Монгол Улсын манлайллын дор олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран хөгжүүлэх дэлхийн хэмжээний санаачилга гэж тодорхойлж болно. Хамгийн чухал нь энэ санаачилга ус, газрын менежментийг зөвхөн төрийн бодлогын түвшинд авч үзэх бус, төрийн болон хувийн хөрөнгө оруулалтыг татах хөрөнгө оруулалтад бэлэн төслийг багц болгон хөгжүүлэхэд зорих юм. Өөрөөр хэлбэл усны аюулгүй байдал байгаль хамгааллын асуудлаас хөрөнгө оруулалтын асуудал болон өргөжиж буй.

Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга нь байгалийн нөөц болон экосистемийн үйлчилгээг дэд бүтцийн хөгжлийн үндэс гэж үзэж, байгальд суурилсан шийдлийг төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бодлогын түвшинд системтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энд Монголын ирээдүйн хөгжлийн бодлогод хамаарах нэг чухал зарчим бий. Зам, тээвэр, эрчим хүч, ус, хот байгуулалт, хөдөө аж ахуй, ландшафтын нөхөн сэргээлтийг засаглалын асуудалтай уях.

Гэрэл зургийг Б.Мягмарбаяр

Хиймэл оюун ухаан, гео-орон зайн мэдээллийн систем, зайнаас тандан судалгаа, дижитал болон урьдчилан таамаглах загварчлалыг ашиглан дэд бүтцийн төлөвлөлт, байгаль орчны эрсдэлийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг боловсронгуй болгох зорилтууд мөн энд туссан. Ингэснээр Монголын дэвшүүлж буй энэхүү санал нь уламжлалт ногоон хөгжлийн ойлголтоос давж, өгөгдөл, технологи, хиймэл оюун ухааныг газар ашиглалт, байгаль орчин, хөрөнгө оруулалтын шийдвэртэй нэгтгэх чиглэл рүү шилжиж байгаагаараа онцлог.

COP17-ын дараах жилүүдэд бэлчээр сэргэж байна уу, усны аюулгүй байдал сайжирч байна уу, газрын доройтол буурч байна уу, хөрөнгө оруулалт нэмэгдэж байна уу, орон нутгийн иргэдийн амьжиргаа тогтворжиж байна уу гэдэг асуулт тавигдана.

Тэр үед Монгол Улс өөрийн өгсөн амлалтад өөрөө хариулах шаардлагатай болно. Иймээс "Тал хээрийн төлөвлөгөө" нь Монголын хариуцлагын эхлэл гэж харах учиртай.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button