Боловсролын салбарт есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэлчлэл, өөрчлөлтүүд
Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхлэхэд хоёр долоо хоног үлдлээ. Эцэг эхчүүд, төр засаг гээд том жижиггүй есдүгээр сарын 1-нд зэхсэн өдрүүд өнгөрч байна. Энэ жилээс ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд фэйсбүүк, групп чат ашиглахыг хориглосон зэрэг олон өөрчлөл гарч байна. Мөн монгол хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос арилгах бодлогын хүрээнд "Нэг сурагч-нэг компьютер", хотхоны бага сургууль зэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ. 2026-2027 оны хичээлийн жилд гарч буй өөрчлөлтүүдийг нэгтгэн хүргэе.
ХЗДХ-ийн сайдын тушаалаар ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг хязгаарлав
Уг тушаалыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлнэ. Ингэснээр сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформ ашиглах юм. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хувийн мэдээллийг хамгаалах зорилготой.
Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, шинэ сурах бичиг ашиглана
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу хичээллүүлэх аж. Иймд нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг шинэчилнэ. Бусад ангийн сурах бичиг шинэчлэгдэхгүй. 6-12 дугаар ангийн хувьд түрээсийн сурах бичиг ашигладаг зохицуулалт хэвээр үргэлжилнэ. Нийт 62 мянган сурах бичгийг есдүгээр сард нийлүүлнэ гэж Боловсролын яамнаас мэдээлээд буй.
Төрийн өмчийн ЕБС-ийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд 2026 оны наймдугаар сарын 17-наас 28-ны өдрийг дуустал И-Монголиа платформоор дамжуулан зохион байгуулна.
Төрөлжсөн ахлах сургууль энэ хичээлийн жилээс хэрэгжиж эхэлнэ
"Гэр ойрхон сургууль - Хамгийн сайн сургууль" концепцын хүрээнд Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний байдлаар 164 бүлгийн 5612 хүүхэд төрөлжсөн ахлах сургуульд суралцахад зохион байгуулалтын хувьд бэлтгэл ажил хангагджээ.
Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60 мянган хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэнэ гэж үзэж буй.
Хэрэв нийслэлд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль хэрэгжиж эхэлбэл 46-аас дээш хүүхэдтэй 1089 бүлгээс 971 бүлгийг нь бууруулна гэх тооцоолол гарсан байна.
Түүнчлэн Боловсролын сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлээд буй. Шинэ бүтцийн дагуу хичээлийн дөрвөн улиралтай байх бөгөөд нийслэл, орон нутгийн онцлогт тохируулан ялгаатай байдлаар төлөвлөсөн. Мөн өвлийн амралтын хугацааг богиносгож, бага ангийн сурагчдын зуны амралтыг зургаадугаар сарын 1-ээс эхлүүлэхээр тусгасан.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.