Нийгэм мэдээ

Хүүхэд, залуусын байгаль орчны боловсролд хөрөнгө оруулахыг дэлхий нийтэд уриаллаа

Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нээж, “Байгаль орчны боловсролын уламжлал ба ирээдүй” сэдвээр илтгэл танилцууллаа.

Үндсэн хэлэлцүүлэгт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНСУ-ын Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын хөтөлбөрийн захирал Хван Мёнхва, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар, Монгол Улсын Их Сургуулийн профессор Ц.Соёл-Эрдэнэ, Хэнтий аймгийн Олон улсын хөтөлбөртэй “Бэрх” сургуулийн Teach for Mongolia хөтөлбөрийн сурагч Г.Дондогдулам нар оролцов.

Арга хэмжээний үеэр хүүхэд, залуусын дуу хоолойгоо хүргэлээ. Налайх дүүргийн Голомт сургуулийн сурагч Б.Цогтсаруул, 109 дүгээр сургуулийн сурагч Б.Баярсайхан, Дундговь аймгийн Эрдмийн далай сургуулийн сурагч А.Энхтайван нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол нь тэдний амьдрал, сурах нөхцөл болон орон нутагт хэрхэн нөлөөлж байгаа талаар өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцлаа.

Тус арга хэмжээний үеэр оролцогчид байгаль орчин, уур амьсгалын боловсролын бодлого, сургалтын хөтөлбөр, багшийн чадавх, ногоон сургууль, ногоон ур чадвар болон сургууль-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг хэлэлцэв. Мөн оролцогчид COP17-ийн дараах хамтын ажиллагаа, түншлэл, техникийн болон санхүүгийн дэмжлэгийг бодит үйл ажиллагаатай уялдуулах, газрын нөхөн сэргээлт, орон нутгийн даван туулах чадварыг бэхжүүлэхэд боловсролын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх талаар онцоллоо.

Хүүхдийг Ивээх Сан нь байр суурийн баримт бичиг боловсруулах хүрээнд Монгол Улсын хөдөө, хот суурин газрын таван бүс нутагт хүүхэд, залуустай уулзалт зохион байгуулж, байгаль орчны өөрчлөлтийг тэд хэрхэн мэдэрч байгаа болон байгаль орчны боловсрол, ур чадвар, оролцооны ямар хэрэгцээ, боломж байгааг сонсож, үр дүнг байр суурийн бичигт тусгасан.

Боловсролын яам, Хүүхдийг Ивээх Сан нь UNCCD-ийн Талууд болон олон улсын хамтын нийгэмлэгт дараах гурван чиглэлээр хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа. Үүнд:

  1. Боловсролын бүх түвшинд байгаль орчин, уур амьсгалын боловсролд хөрөнгө оруулах – уламжлалт болон орчин үеийн мэдлэгийг практик үйл ажиллагаатай хослуулан хүүхэд, залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг хөгжүүлэх;
  2. Хүүхэд, залуусын утга учиртай оролцоог хангах – байгаль орчны боловсролын бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд хүүхэд, залуус бодитой оролцох механизм бүрдүүлэх;
  3. Ногоон ур чадвар, сургалтын орчин, инновац болон ногоон бизнес эрхлэлтийг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх – ялангуяа өсвөр үеийнхэн, залуус, эмэгтэйчүүдэд эдгээр боломжийг хүртээмжтэй болгох.

Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны хомсдол зэрэг харилцан уялдаатай сорилтын нөхцөлд боловсрол нь зөвхөн мэдлэг олгох хэрэгсэл бус, харин хүмүүсийн хандлага, зан үйл, практик ур чадварыг өөрчлөх, орон нутгийн оролцоог бэхжүүлэх урт хугацааны шийдэл юм.

Иймээс хүүхэд, залууст өнөөдөр хөрөнгө оруулах нь газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжил болон ногоон ирээдүйд оруулах урт хугацааны хөрөнгө оруулалт болохыг арга хэмжээнд оролцогчид онцоллоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button