НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Чулуудай: Хүүхэд байхад ихэвчлэн аавынхаа нэрийг нуудаг байсан. Одоо ч энэ бүхэн бүрэн дууссангүй

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай өөрийн цахим хуудсаар дамжуулан хүүхэд насандаа туулсан зүйлс хийгээд аавтай холбоотой хардлага, шүүмжлэлийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Намайг найман настай байхад аавыг минь бидний нүдэн дээр баривчилж аваад явсан юм. Тэр өдрөөс хойш бараг 40 жил өнгөрчээ. Гэтэл аавыг минь дагасан хараал, гүтгэлэг, доромжлол яг хэвээрээ. Зүгээр л хэн нэгнийг буруутгах хэрэгтэй болсон үед аавын минь нэрийг гаргаж ирж өөрсдийн бухимдал, хорсол, амьдралынхаа бүтэлгүйтлийг түүнд наачихдаг юм билээ" гэжээ.

Мөн тэрбээр,

Аавыг минь “Хувьсгалаа дутуу хийсэн”, “С.Зоригийг алсан”, “Хотын дарга байхдаа "идсэн", гэр хорооллынхныг хохироосон” л гэнэ. Он жил өнгөрөх тусам үг нь солигддог болохоос утга нь ердөө өөрчлөгддөггүй. Хамгийн хэцүү нь, энэ олон үгийн аль алинд нь бодит баримт, нотолгоо нэхээд хэнд ч байдаггүй. Бид ч олон арван жил ингэж хараалгаж, доромжлуулсаар байгаад сүүлдээ бараг дөжирчихсөн.

Гэхдээ хүүхэд насанд үлдсэн зарим зүйлд хүн тийм ч их дөжирдөггүй юм байна. Аавыг минь залуу байхад манай өвөөгийнх рүү бараг өдөр бүр таних, танихгүй хүмүүс утасдана. Эмээг минь гичий нохойгоор дуудан хараана. Аав минь мэдээж ажилгүй болж, ээжийг ч ажлаас нь эвтэйхэн халсан. Харин бид хаа сайгүй аавынхаа нэрээр гадуурхагдана. Хүүхэд байхад аавынхаа нэрийг хэлэх хүртэл заримдаа зориг шаарддаг байлаа. Учир нь, аавынхаа нэрийг хэлсний дараа хүмүүсийн харц хэрхэн өөрчлөгдөж, үг нь яаж ширүүн болж, ямар муухайгаар доромжилж, дээрэлхдэгийг бид багаасаа мэддэг болчихсон байсан юм.

Хамгийн сонин нь тэр үе өнгөрсөн ч энэ бүхэн бүрэн дууссангүй. Нэг удаа хүү минь надаас "Ааваа, та нар өмнө нь юу хийсэн болоод хүмүүс бидэнд ингэж их дургүй байдаг юм бэ" гэж асуусан.Тэр асуултыг сонсоод би хэсэгтээ юу ч хэлж чадаагүй. Бид гурав биш дөрвөн үеэрээ хараалгах тавилантай улс юм байж дээ л гэж дотроо бодоод өнгөрсөн. Бидний тавилан ийм л юм байна гэж эвлэрээд, үгээ залгиад өнгөрдөг үе маань дуусаагүй бололтой.

Би хааяа нэг зүйлийг өөрөөсөө асуудаг юм. Үнэхээр энэ хүмүүс яагаад энэ нийгмээс авахыг хүссэн бүхнээ авчихаад, түүнийгээ үгүйсгэдэг юм бол. Бүхэл бүтэн нийгмийн баян элит болчихсон, ардчиллын буянаар ганзага зөөж баяжаад олны танил болсон хүн хүртэл “Социализм их сайхан байсан” л гэнэ. Ардчиллын хүчээр гаднаа тал дүүрэн малтай, Porter, Bongo өрөөд тавьчихсан, Land 200-гаа дулаан бүтээлгээр бүтээчихсэн мянгат малчин ч ардчиллыг хараана. Аль 1990 он гарангуут гэрээсээ яваад Америкт 30 гаруй жил болчихсон, бараг уугуул шахуу америкжсан монгол ах ч "Орос ах" л гэнэ.

Аав минь уг нь тэдний төлөө л тэмцсэн юм шүү дээ. Тэдний хүүхдийг өөрийнхөө сонголтоор гадаадад амьдарч, сурч боловсрох, ядаж сурч чаддаггүй юмаа гэхэд хар ажил хийх эрхтэй байлгахын төлөө.Тэр аймар том брэндийн хар шилтэй залууг хүссэн шилээ өөрийнхөө мөнгөөр авч, хүссэн машинаа унаж, хүссэнээрээ амьдрах эрхтэй байлгахын төлөө л аав минь 1990 онд анд нөхөдтэйгөө хамт тэмцсэн юм шүү дээ. Тэр үед төрийн эсрэг бослого, хөдөлгөөн гэдэг цаазын ялтай байлаа.

Дэлхий нийт өөрчлөгдөж байхад Монгол бахь байдгаараа, коммунист дарангуйллын тогтолцоондоо үлдсэн бол өнөөдөр та нар аавыг минь ингэж чөлөөтэй харааж, доромжилж ч чадахгүй шүү дээ. Тэр үед үнэндээ хэдхэн даргаа тахин шүтэж тэдний эсрэг үг хэлбэл шоронд суудаг байлаа. Р.Чойном шиг үзэл бодол, үнэн үг бичсэнийхээ төлөө эрх чөлөөгөө хасуулдаг, хувийн өмч, хувийн бизнесийн тухай мөрөөдөх ч боломж байгаагүй юм.

Нэгдлийн хэдэн мал тооллогоор дутахад “Нийгмийн өмч шамшигдуулсан” хэргээр ял сонсдог байлаа. Гадаадад ажиллаж амьдрах нь битгий хэл монгол хүн өөрийн гэсэн пасспортгүй байсан юм. Тэрийгээ тэр орос ахын “дүү” ах нар бүгд л мэдэж байгаа.

Би боддог юм тэр үед аав минь шантарсан бол эсвэл хүний хэл ам үгнээс айсан бол бидэнд юу болох байсан бол. Аав ээж минь ажилтайгаа үлдэх байсан. Бид энд тэнд нүд үзүүрлэгдэж, аавынхаа нэрийг нууж, хүний хараал доромжлолоос айж амьдрахгүй байсан байх. Гэхдээ л аав минь тийм замыг сонгоогүй.

Өөрийнхөө болон гэр бүлийнхээ амар тайван амьдралаас илүү бусдын эрх чөлөөтэй амьдрах боломжийг сонгосон юм шүүдээ. Харин тэр эрх чөлөөгөөр нь амьдарч, тэр эрх чөлөөгөөрөө хөрөнгөжиж, тэр эрх чөлөөгөөрөө дэлхийгээр явж, үр хүүхдээ хүссэн газартаа сургаж, өөрийн өмчтэй, өөрийн сонголттой болсон хүмүүсийн дийлэнх нь өнөөдөр эргээд тэр эрх чөлөөгөө харааж байхыг харахаар өмнөөс нь гомдох юм.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button