Шаргал намрын амралтаар нийслэлд үзэх үзвэрүүд

Намрын шаргал навч салхинд хийсэж, өглөөний жавар хацар хайрах болсон ч амралтын өдрүүдийг гэртээ өнгөрөөх шалтгаан биш. Энэ амралтын өдрөөр нийслэлд гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрөөх олон сонголт байна. Амралтын хоёр өдрөө гэртээ өнгөрөөхөөс илүүтэй гэр бүл, найз нөхөдтэйгөө хотын соёл, урлаг, спортын арга хэмжээнд оролцох боломж олон байна. Эдгээр арга хэмжээний мэдээллийг уншигч танд хүргэе.
-Олон орны хоолыг нэг дор амтлах боломж-
Хоолонд дуртай, шинэ амт туршиж үзэхийг хүссэн хүмүүсийн хувьд “UB Food Festival”-ийг зориорой. Тус хоолны фестиваль есдүгээр сарын 25–30-нд Сүхбаатарын талбайд үргэлжилж байгаа бөгөөд өдөр бүр 10:00–22:00 цагт ажиллана. Фестивалийн үеэр мэргэжлийн тогоочдын хоолны үзүүлбэр, олон орны хоол, амттан, хөгжөөнт тоглоом, дуу хөгжмийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Намрын сэрүүхэн өдөр хүүхдүүдтэйгээ дулаан орчинд соёлын арга хэмжээ үзэхийг хүсвэл “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжгийг сонгож болно. Монгол Улсын Хүүхэлдэйн театрт өнөөдөр буюу есдүгээр сарын 26-нд 11:00 цагт тоглогдох аж. Мөн тус театрт “Одиссей” пластик, хүүхэлдэйн жүжиг 15:00 цагт, харин “Authentic Монгол” тоглолт 14:30 цагт Хүн театрт болно.
-Хөгжмийн хөтөлбөр, DJ, тайзны үзүүлбэртэй фестиваль болно-
Харин амралтын өдрөө хөдөлгөөнтэй өнгөрөөхийг хүсвэл “Night Marathon Ulaanbaatar 2026”-ийг сонирхож болно. Өнөөдөр Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд 5, 10, 21 км-ийн төрөлтэй. Оролцогчдын бүртгэл хаагдсан ч гүйгчдээ дэмжих, хотын шөнийн уур амьсгалыг мэдрэхээр очих боломжтой. Марафон нь хөгжмийн хөтөлбөр, DJ, тайзны үзүүлбэртэй фестивалийн хэлбэрээр зохион байгуулагдах юм.
Мөн “Автомашингүй өдөр” тохиож байна. Хотын төвөөр явган алхаж, дугуй унаж, гэр бүл, найз нөхөдтэйгөө салхилахад тохиромжтой өдөр. Гэхдээ энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 448 автобусны замналд түр өөрчлөлт орох тул зорчих маршрутаа урьдчилан шалгаж, сонгоорой.
Үндэсний урлаг, өв соёл сонирхдог хүмүүс “NOMADIC LEGEND”, “Монголын гайхамшигт урлаг”, “Horse Head Fiddle” зэрэг тоглолтоос сонголт хийх боломжтой. Харин орчин үеийн урлаг сонирхдог бол есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх XAOC Festival 2026-ийг үзэх боломжтой.
Намрын сэрүүн өдрүүдийг гэртээ өнгөрөөхөөс илүү хотынхоо соёл, урлаг, амт, уур амьсгалыг мэдрэх сонголтууд олон байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.