НИЙГЭМНийгэм мэдээ

Үүх түүх: Улсын ууган гуравдугаар сургуулийн анхны багш нар 80 төгрөгийн цалинтай байв

Анхны сурагчдаа “Цаасан шувуу”, “Оюунтүлхүүр”-ээр сурган хүмүүжүүлдэг байж

Монгол Улсын анхны ерөнхий боловсролын сургууль болох гуравдугаар сургууль нь эдүгээгээс 105 жилийн өмнө буюу 1921 оны арваннэгдүгээр сарын 2-нд байгуулагдсан түүхтэй.

“Бага сургуулийн дүрэм”-ийн дагуу монгол хэл, тоо бодлого, дэлхийн байдал, түүх зэрэг нийт найман хичээлийг хуваарийн дагуу заахаар төлөвлөж байв. Гэвч багшийн хүрэлцээ муу, сурах бичиг хангалтгүй байсан зэргээс шалтгаалан монгол хэл, тоо бодлогын хичээлийг түлхүү заадаг байжээ.

“Монгол үсгийн аймаг”, “Монгол үсгийн ёсыг өчүүхэн төдий товчлон гаргасан байдал”, “Цаасан шувуу”, “Оюунтүлхүүр” зэрэг ном, зохиолыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байсан тухай тус сургуулийн үүх түүхийг өгүүлэх бүтээлд тэмдэглэсэн нь бий.

Мөн сурагчдын мэдлэгийг амьдралтай холбох зорилгоор зуны улиралд хөвгүүдийг мал аж ахуй, газар тариалан болон үйлдвэрийн газруудаар явуулж, танилцуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг байжээ.

100 орчим сурагчтай, дөрвөн ангитай байв

Сургуулийн анхны жилүүдэд 7-17 насны 100 орчим хүүхэд дөрвөн ангид хуваагдан суралцаж байжээ. Тухайлбал, нэгдүгээр ангид 23, хоёрдугаар ангид 25, гуравдугаар ангид 30, дөрөвдүгээр ангид 22 сурагч суралцаж байсан түүхтэй.

Тухайн үеийн сурагчдын уншиж судалдаг ном зохиолд “Багш, шавь хоёрын хэлэлцсэн үлгэр”, “Оюунтүлхүүр”, “Цаасан шувуу”, “Ард түмний ариун ёс”, “Чингисийн дурсгал” зэрэг бүтээл багтаж байв. Эдгээрийг сурагчид бие даан уншихаас гадна багш нар уншиж, тайлбарлан заадаг байжээ.

Анхны багш нар нь 80 төгрөгийн цалинтай байв

Улсын ууган гуравдугаар сургуулийн анхны багш нараар Жамьян, Их шавийн Мандшир отгийн тэргүүн зэргийн түшмэл Бунибазар, Их шавийн Палам, Шүүлэн отгийн дэд зэргийн түшмэл Цогбадрах, Цэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны дэд зэргийн түшмэл Дашзэгвэ, Л.Сүндэв нар ажиллаж байжээ.

Тэднийг шинэ Монголын боловсролын салбарын анхны багш нар хэмээн түүхэнд тэмдэглэсэн бөгөөд тухайн үеийн багш нарын сарын цалин 80 төгрөг байсан байна.

Урлаг, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн үе үеийн зүтгэлтнүүд эндээс төрөн гарсан

Тус сургуулийн анхны сурагчдын дунд хожим Монгол Улсын Ардын багш болсон Г.Батсүх, Төрийн шагналт, Ардын зураач, Соёлын яамны орлогч сайд Л.Намхайцэрэн, Ардын жүжигчин, орчуулагч, найруулагч, зохиолч Э.Оюун нар багтдаг.

Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Монголын циркийг үндэслэн байгуулагчдын нэг Л.Нацаг, жүжигчин, найруулагч Ч.Долгорсүрэн, бүжигчин, бүжиг дэглээч Д.Долгорсүрэн, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Гавьяат багш Д.Цэвэгмэд, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Н.Содном, шинжлэх ухааны доктор Ж.Дүгэрсүрэн нарын олон алдартан тус сургуулиас төрөн гарчээ.

Түүнчлэн эрдэмтэн Б.Балдоо, Г.Цэрэндорж, Ц.Хасбаатар, Э.Раднаа, Ц.Нинжбадгар, Гавьяат эмч Г.Цэрэндулам, Гэгээрлийн яамны сайд, багш Д.Ишцэрэн, спортын салбарын төлөөлөл Галсан, Чоён, Сандагдорж, Намжилмаа, хөгжмийн зохиолч, Гавьяат зүтгэлтэн С.Мааяа, зохиолч М.Чимэд, Ч.Чимэд нарын олон эрхэм тус сургуулийн төгсөгчдийн дунд бий.

Ийнхүү 105 жилийн түүхтэй Монгол Улсын гуравдугаар сургууль нь өдгөө нийт 80 мянга гаруй төгсөгчидтэй, улсынхаа боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулаад зогсохгүй урлаг, соёл, шинжлэх ухаан, спорт, төр нийгмийн салбарт нэрээ дуурсгасан олон үеийн сэхээтэн, мэргэжилтнийг бэлтгэн гаргасан түүхтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button