НИЙГЭМНийгэм мэдээ

Байр суурь: Барилдааны дараа бөхчүүдийн гарыг арчих асуудлаар хэн юу хэлэв

Энэ сарын 10-нд буюу Монгол бахархлын өдрөөр "Чингис хаан" цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болж Улсын гарди М.Лхагвагэрэл түрүүлж Даян аварга Б.Орхонбаяр үзүүрлэсэн. Тус барилдаанд түрүү, үзүүр булаасан болон их шөвөгт үлдсэн бөхчүүд шагналаа гардахаар индэр өөд гарахын өмнө "хөлстэй гарыг нь арчуулсан" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Улмаар энэ асуудлыг иргэд шүүмжилж эхэлсэн. Тэгвэл бид үүнийг дагасан талуудын байр суурийг хүргэж байна.

"Бөхчүүдийн гарыг арчуулсан" гэх асуудлаар Монголын үндэсний бөхийн холбоо албан ёсны тайлбар гаргасан. Ингэхдээ "Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай. МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа. Цаашид Монгол бөхийн өргөө болон бусад заал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана" хэмээн мэдэгдэв.

"Чингис хаан" цомын төлөөх барилдаанд шөвгөрсөн О.Хангай аварга болсон зүйлийн талаар өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Тэрбээр "Монгол бахархлын өдрийн барилдаан болж шөвгийн дөрөвт үлдээд индэр өөд шагналаа авахаар дөхлөө. Савтай алчуур барьсан бөхийн холбооны ажилтан гараа арчаарай гэхээр нь, "ингэж арчдаг болсон юм уу. Нүүрээ бас арчих уу" гэж асуулаа. Тэгсэн "үгүй, гараа арчаарай" гэсэн. Төгсөв" хэмээн бичжээ.

Харин Улсын арслан Р.Пүрэвдагва "Монгол бөхийн өргөө бол улс төрийн хааны сэнтий биш. Бууж ирээд шагналаа өгвөл өг өгөхгүй бол боль. Гар барихаа хүрэх юм бол "бидний гар бохир уу, бөхчүүдийн гар бохир уу" гээд ард түмнээсээ асуугаад үзээрэй. МҮБХ та нар эд нарт манай бөхчүүд бохир шүү гээд хэлчихсэн юм уу. Бүр нэг зэвүү хүрээд байх юм" хэмээжээ.

Спортын сэтгүүлч С.Шижирбат эл асуудал дээр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Соц нийгмийн үед наадмаар түрүүлж үзүүрлэсэн бөхчүүдийн гарыг спирттэй хөвөнгөөр арчдаг байсан. Спирттэй хөвөнгөөр арчуулаад дээшээ гарах уу, үгүй юу гэдгээ үзнэ дээ гэдэг хэллэг тэр үед байсан гэдгийг ахмад бөхчүүд мэднэ. Үндэсний бөхийн холбооноос энийг сэргээнэ л гэсэн юм байна. Бөх морины хөлсөнд хүрээд хийморьтой болно гэж юу байх вэ дээ" гэжээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button