НИЙГЭМ

"Үдийн хоол"-ны тоонд биш, чанарт анхаармаар байна

2027 оны улсын төсөвт сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг ₮194 тэрбумаар нэмэгдүүлж баталлаа. Энэ хичээлийн жилд “Үдийн хоол” хөтөлбөрт I-V ангийн 349 мянган сурагч хамрагдаж байгаа бөгөөд ирэх оноос VI-VII ангийн 139 мянган сурагчдыг хамруулахаар санхүүжилтийг нь шийдвэрлээд буй юм.

“2028 оноос бүх сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахаар боллоо. Энэ ажлыг би тэнд байхдаа санаачилж, би тэндхийн туршлагыг судлаад, тэр тэрэнтэй хамтарч боловсруулсан” хэмээн УИХ-ын гишүүд, сайд нар өнөөдөр төсөв батлагдахтай зэрэгцээд уралдан өрсөлдөн тус тусын нийгмийн сүлжээн дэх сувгаараа мэдээлэл оруулцгааж байна.

Манай улс төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхандаа  чадан ядан өдөрт 2500 төгрөгийн үнэ бүхий үдийн хоол, цай өгдөг байснаа ирэх жилээс дунд ангийн сурагчдыг нэмэхээр болж буй нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ эцэг, эхчүүдийн хувьд нэн түрүүнд хүүхэд багачуудад өгч буй хоолныхоо амт, чанар, шим тэжээл, орц найрлагад нь анхаарахыг юу юунаас илүүтэй хүсэж, шаардаж байна.

Зарим сургуулийн “Үдийн хоол”-нд хүүхдэд хоол, шим тэжээл болох бус харин ч хор болохоор сахартай, бэлэн бүтээгдэхүүн сонгодог, зарим хоол нь хөрчихсөн байдаг, зарим нь гал тогоогүй учраас энд тэндээс зөөж авчирсан бэлдэцээ холиод өгдөг гэхчлэн асуудал бишгүй тулгардаг гэдэг.

Монгол хүүхдүүдийг Д амин дэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд бага ангийнханд сүү уулгана гээд үдийн хоолтой нь зэрэгцүүлэн давхардуулан хэрэгжүүлж буй “Сүү” хөтөлбөрт гэхэд л ганц компани шалгарч, давуу эрхтэйгээр ажилладаг.  

Тиймээс “Үдийн хоол” хөтөлбөрийн тендерт шалгардаг аж ахуйн нэгжүүддээ чанар стандартын нарийн  шалгуур, шаардлага тавьж, хяналтаа сайжруулахгүй бол төрийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгний шахааны бизнесийг өөгшүүлэн цэцэглүүлэх шалтаг, далим болдгийг олон нийт шүүмжилж буй юм. Тухайлбал, Нийслэлийн боловсролын газраас өгсөн удирдамжийн дагуу гээд энэ намраас эхлэн цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдийн үдийн хоолны цэсэнд таван цулыг гэнэт оруулж ирсэн нь эцэг, эхчүүдээс багагүй шүүмжлэл хүртэж байсан билээ.

2028 оноос төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бүх сурагчийг чанартай, шим тэжээлтэй үдийн хоолонд хамруулна гэж байгаа бол хүүхдүүдийн нас насанд нь тохирох шим тэжээл, амт чанар, орц найрлагатай байх, түүнд нь   шаардлагатай төсөв санхүү, сургуулиудын гал тогоо, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг ч хамтад нь шийдвэрлэх ёстой.  

Л.АРГАМЖИН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button