Тойм: "Эзэнгүй төр" эмгэнэлт жүжиг үү, "Дарангуйллын цаг" драмын жүжиг үү
Ард түмний эв нэгдлийг хангах учиртай Төрийн тэргүүн маань өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн хэрнээ "Гадаад, дотоодод сүлбэлдсэн гэмт бүлэглэлүүд ажил хийлгэх боломж олгохгүй байна. Төрийн тэргүүний нэр хүндэд дураараа халдаж байгаа нь нийт улс орон, ард олны нэр төрд халдаж буйтай адил. Тийм учраас иргэн болж гудамжинд гарч байгаад ард түмэнтэйгээ цуг шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ" хэмээн парламентын индрээс хэдэнтээ зангиран хэлэхийг анх удаа үздэг хачирхалтай долоо хоног шувтарч байна.
Анх удаа зургаан жилийн хугацаатай ард түмнээсээ сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бээр "хугацаат албаа" хааж дуусгалгүй УИХ-ын даргын давхар "дээл"-ийг нэмж зузаалж өгөөд, өчигдөрхөн (2026.11.20) Төрийн ордны урд гол хаалгаар ёслол төгөлдөр үдүүлэн одов оо. Үүнийг "Эрх мэдэл албан тушаалтай зууралддаггүй, эх орон, ард түмнийхээ нэр төрийг бодсон зоригтой шийдвэр" хэмээн магтах нь ч байна, басхүү цаашид Монгол төрийн тогтвортой байдлыг ганхуулж мэдэх буруу жишиг гэх нь ч байна. Юутай ч дайраад ирсэн цаг хугацааг туулаад гарахаас аргагүй болсон нь үнэн юм.
Гадаа хүйтний эрч чангарч, гэрт үнийн өсөлт өрхийн гишүүн бүрийн хэрэглээг чангалж, "Яаж энэ өвлийг давна даа" хэмээн ард иргэд нь халгаж тээнэгэлзэж суухтай зэрэгцэн улс төр хавиар Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдэл хуваарилалт, институц хоорондын чиг үүрэг, хяналт, тэнцвэр нэг л болохгүй байгааг бултаараа гайхан шагширсан, талцаж маргасан хэрүүлийн салхиар тооно, хаалга, хаяа, хатавчгүй үлээлгээд байхаар улам жихүүн.
Төрийн институц хооронд Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хил хязгаар, зааг зүгийг бодлого шийдвэртээ ч, төсөв санхүүдээ ч хэрхэн тусгавал зохистой тухай төрийн тогтолцоо руу чиглэсэн, Үндсэн хуулийн өөрчлөлт рүү даялсан тодорхойгүй асуултууд үлдээсэн жигтэй үйл явдал энэ болов.
У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн үүргээс сайн дураараа чөлөөлөгдөхөөр парламентаар хэлэлцүүлэх үед нь зарим гишүүний хоолой зангирч, бараг дотогшоогоо өмөлзөж мэлмэрч байна уу гэмээр, нэлээд хэсэг нь магтах байх үгээ олж ядан зусардаж, нэг хэсэг нь хоёр үзүүртэй үг "чулуудаж" байна лээ. Мэдээж Монгол төрийн тэргүүнээр таван жил гаруй ажилласан түүнд хийсэн сайн зүйл ч олон, саар зүйл ч бишгүй. Парламентын танхимд өөрийнх нь хэлсэн сүүлчийн үгэнд болон УИХ-ын зарим гишүүний хэлж байгаачлан Монгол Улсын гадаад харилцаа гэхэд л эдгээр он жилд хэрхэн тэлснийг, Ромын Папаас эхлээд Японы эрхэмсэг Эзэн хаан хүртэл Монголд айлчилсныг бүгд мэднэ.
Харин У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдийн тайлангаа ард түмэндээ, парламентад тавих асуудлыг хөндсөн УИХ-ын гишүүдийн өөдөөс "Цахим хуудаснаас хар" хэмээж суудаг нь мэдээжийн хэрэг утгагүй үйлдэл. Нэгэнт бүх ард түмний төлөөлөл болон сонгогдсон Төрийн тэргүүн учраас төр хийгээд түмэн олон, төрийн эрх барих дээд байгууллагадаа ядаж өнгөрсөн таван жилийн санхүүгийн тайлангаа нэгтгээд ч болсон тавьж, ил тод нээлттэй байсан бол илүү оноо авах байлаа.
-Ухнаагийн Хүрэлсүхийн угийн хүсэл-

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотор тэлчилж байсан хүсэл юу болохыг чуулганы танхимд гишүүдийн асуултад хариулсан үгнээс нь болон өчигдөр Төв талбайд үдэн гаргуулж байгаа "сценар"-аас нь таамаглах боломжтой. Улс төр хуйсганан шуурч, инфляц, үнийн өсөлт гаарч, шатахууны хомсдол арга барж, нийгэм, эдийн засгийн байдал жинхнээсээ амаргүй байгаа нөхцөлд ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Төрийн тэргүүн нь замын дундаас жолоо цулбуураа тавьж, төрийн хасбуу тамгаа өөр нэгэн институцийн удирдлагад үлдээн явсны учир юу вэ.
Энэ өдрүүдэд У.Хүрэлсүхийн цухалзуулаад буй гол байр суурь юу байв.
Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлт. Тэрбээр “Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Үндсэн хуульд "гар хүрэхгүй" гэж хэлсэн. Хүрээгүй. Би яг хэлсэндээ байдаг хүн" гэх мөртөө "Улс төрийн тогтолцооны шинэчлэл хийх цаг нь болсон байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх эрх нь нээлттэй. Ард түмнээс асуугаад үүнийг хийж болно. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай хамт давхар Ард түмний санал асуулга хийх боломжтой. Парламент нь дээд, доод танхимтай, Ерөнхийлөгчөө тэндээсээ сонгодог улс орнууд шиг байх юм уу, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу гээд ард түмний санал асуулга явуулж болно. Үндсэн хуультай холбоотой институц хоорондын мөргөлдөөн үүсдэг” гэж хэлээд байсан нь түүний явсан шалтгааныг тодруулах чиг болох мэт.
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль. Их хурлын гишүүний бүрэн эрх нэрийн цаана хулгай дээрэм хийсэн хүмүүс УИХ-ын танхимд орж ирж “үүрээ засаад, өндөглөөд” өндгөөрөө парламентад хулгай дээрмээ хаацайлуулж амьдарч байгааг хэдэнтээ тодотгосон тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар өөрийнх нь санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлнэ лээ. Гадагшаа "шувуу" болоод ниссэн нөхрийг авчраад, хууль хяналтынхан заавал шалгах хэрэгтэй гэдгийг хэдэнтээ давтан, үг, үйлдэл, харц, биеийн хэлэмжээ заналтайгаар сүр хүчийг үзүүлж байв шүү.
Монголын улс төрийн өнөө цагийн шилдэг "удирдаач" тэрбээр чөлөөлөгдөх өдрөө парламентын танхимыг утгаар нь дохиж, хүссэнээрээ хөдөлгөж, хүссэнээрээ магтуулж, өөрийнх нь хэлдгээр ёстой л хувь хүний повер, харизмаа гайхуулах зууртаа "Ерөнхийлөгчид олигтой төсөв мөнгө байхгүй, бүхнээ илүү дээгүүр эрх мэдэл ч үгүй. Төрийн тэргүүн хориг тавих л ганц эрхтэй. Надад дэглэм тогтоож, хаанчлаад байгаа юм алга" гэж санаагаа хавчуулаад байсан.
Х.Нямбаатарыг үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг хагалан бутаргасан гэмт хэрэг хийснийг Тагнуулын байгууллага шалгаж тогтоох хэрэгтэйг дахин дахин сануулахын сацуу "гадагшаа орогнол хүсээд явж байгаа, гэмт хэрэг хийгээд зугтчихсан нөхөр” гэдгийг байнга дурдах мөртөө “Хүч чадал хүрэхгүй мухардаж байгаа ч би зүгээр суухгүй. Шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлнэ. Эх орон дуудсан газарт би хаана ч очно” хэмээн тэр улс төрөөс явахгүй, өөрийгөө “хай сайгүй оршино” гэдгээ тунхаглаад чуулганы танхимаас гарахад нь Ерөнхий сайд болон бусад олон гишүүн дагаад талийсан юм даг.
-Нүүгэлтэж манантсан завсрын орон зай-
С.Бямбацогтын харин Ард түмний эв нэгдлийг хангах Ерөнхийлөгч, Ард түмний элч байх гишүүдийг удирдах спикер гэсэн хоёр том эрх мэдлийн завсар дахь учир битүүлэг нөхцөл дунд, засварын орон зайд хоосон шахуу болсон танхимтайгаа ханхайгаад үлдэнэ лээ.
У.Хүрэлсүхийн "гэнэтийн" шийдвэрээс болж ирэх оны зургаадугаар сарын сүүлчээр зохион байгуулах байсан Ерөнхийлөгчийн сонгууль наашилж, дөрөвхөн сарын дараа болох товтой болсноор улс төрийн хүрээнийхэн ч уржигдраас үймээд эхэлчихлээ.

"Ерөнхийлөгчгүй" болсон 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүд бөөн эргэлзээ, тээнэгэлзэл, тулгамдал, бөөн асуултын тэмдэгтэйгээр чуулганы танхимд "Одоо бид яах вэ, одоо хэдүүлээ яах вэ" хэмээн нэг нэгнээсээ асуусаар байв.
Чуулганы хуралдаан эхлэхэд танхимын хоймор дүүрч, Монгол Төрийн гурван өндөрлөг зэрэгцээд сууж байснаа санал хураалтын ар дээр хоёр нь гараад явахад аялдан дагагсад нь хамт бараалхан одохыг хараад яаж ч чадахгүй ганцаараа хохийгоод үлдсэн С.Бямбацогтын байр байдлаас “төрийн эзгүйрэл” мэдрэгдлээ гэвэл дэгс болохгүй л болов уу. Сүүлдээ УИХ-ын дарга ч өөрөө суудлаа орхин, дэд даргаараа хуралдааныг удирдуулаад араас нь чавхдаж одсон юм даг.
126 гишүүнтэй анхны парламентын түүхэнд хоёр Ерөнхий сайд, хоёр УИХ-ын дарга, нэг Ерөнхийлөгчөө "аваад залчихдаг" нь төр цаашдаа улам тогтворгүйтэхийн цондон уу, тунгалагшиж цэвэршихийн дохио юу гэдгийг одоохондоо таахад бэрх. Нэг мэдэхэд "Баяртай" гээд гар даллан одсон хүн маань "Парламентаасаа би Ерөнхийлөгчөөр сонгогдоно" гээд дахиад хүрээд ирэхийг ч үгүйсгэхгүй.
Ирэх хоёр жилд бүгдээрээ "Эзэнгүй төр" эмгэнэлт жүжгийн туслах дүр болцгоох уу, "Дарангуйллын цаг" драмын жүжгийн арын албаныхан болцгоох уу гэдэг сорилттой тулах вий дээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.