Нийгэм ярилцлагаСурвалжилга

Дөрвөн охиныхоо төлөө амьдралаа цэцэглүүлж яваа ээжийн тэмдэглэл

Энэ орчлонд хүн бүхэн өөрийн гэсэн хувь төөрөгтэй бол тэрхүү төөрөг зургийг хэрхэн чиглүүлж амьдрах нь хүний хичээл зүтгэл буй. Бид энэ удаад дөрвөн сайхан охины хайраар хүрээлүүлсэн нэгэн хөдөлмөрч, өөдрөг эмэгтэйн гэрээр зочилж, түүний амьдралын бяцхан түүхээс хуваалцлаа. Ардын хүүхдийн сурган хүмүүжүүлэгч болсон Бага ангийн багш мэргэжилтэй түүнийг Н.Оюунгэрэл гэдэг. Таван жилийн өмнө хайрт ханиа цаг бусаар алдсан ч, амьдралд хөл нугаралгүй дөрвөн охиныхоо өмнө хүлээсэн үүргээ умарталгүй цэцэглүүлж яваа эгэл жирийн ээжийн яриаг хүлээн авна уу.

Би Нийслэлийн 16-р дунд сургуульд 30 дахь жилдээ Бага ангийн багшийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж явна.  Тэтгэвэртээ гарсан ч, бага ангийн багшийн хомсдол ихтэй тул үргэлжлүүлэн ажиллах боломж олдсон, үүнийхээ хажуугаар хоёроос гурван ажил зэрэг хийж аж амьдралаа залгуулдаг. Энэ амьдрал надад цэцэг шиг дөрвөн охин заяасан. Тэднийгээ төрүүлээд л сарын дараагаас ажилдаа ордог ажлын хэнээтэй байлаа. Охидыг минь өсгөхөд гэр бүл эгч дүү нар гээд туслаагүй хүн гэж байхгүй. Өнөр өтгөн гэр бүлийн хүчинд ажлаасаа завсардалгүй ажиллажээ.

Ээж аав минь хэтэрхий эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлснээр 6 ах, 2 эгч, нэг эрэгтэй дүүтэйгээ үлдэж хөдөлмөрлөх ёстойг бага залуудаа ойлгосон. Багшийн мэргэжилд сайхан үе ч бий, шантрах үе ч бий. Залуу байхдаа хэцүүг нь мэдрээгүй л өнгөрч дээ. Харин сүүлийн үед хэт дэлгэцийн хэрэглээ, хүүхдийн эрх яригдах болсон энэ үед хүүхдүүд  дураараа, үг сонсох чадваргүй болжээ. Багш хүн үргэлж инээнэ гэж байхгүй шүү дээ, хааяа нэг уурлахад хэл ам хийж ирдэг эцэг эх, хүүхэд бас байдаг. Гэхдээ миний ажлын замналд ийм асуудал харьцангуй гайгүй байсан. Хүний үг сонсож сураагүй хүүхэд алсдаа хэцүү учраас хүүхдүүдээ зөв яваасай гэсэндээ зэмлэх үе багш хүнд бий.

Өнөөдрийг хүртэл бага ангийн 8 ангийг төгсгөжээ. Сайхан шавь нар, эцэг эхийн буянд жаргаж ажилладаг. Миний шавь нар эргээд хүүхдүүд, ач зээгээ авчирч миний ангид сургаж эхэлж байна, амьдрал баялаг шүү.

Том охин маань хэдхэн сарын өмнө амаржиж би зээ охинтой болоод удаагүй байна, таван охины хэмжээлшгүй их хайранд умбаж байгаа жаргалтай эмэгтэй гэж боддог доо.

Миний хоёр дахь охин Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт 2100” тэтгэлэгт шалгарч “Будапештийн их сургууль”-д IT инженер мэргэжлээр дөрөвдүгээр курсэд суралцаж байгаа, охиныхоо буянаар удахгүй Европын орныг үзэх гээд, төгсөлтөд нь очно доо гээд сэтгэл догдлоод хүлээж байна даа.

Анх охиноо ганцааранг нь гадагшаа явуулах болоход үнэхээр хүнд байсан, явуулчихаад өдөржин л уйлсан даа. Очсон гэх хариуг нь сонсоод арай гайгүй тайвширч байлаа. Цаг хугацаа ч хурдан юм, саяхан л явж байсан одоо удахгүй төгсөөд ирнэ гээд сайхан байна.

Миний нөхөр Завхан аймгийн харьяат хүн байсан, бид 22 жил ханилаад таван жилийн өмнөх нэг л өглөө унтаад сэрээгүй дээ. Ковид-19 вакцины нөлөөлөл болов уу гэж би хувьдаа боддог юм. Сайхан охидуудтай минь үлдээсэн, намайг даваад гарч чадна л гэж итгэсэн байлгүй тиймээс хичээдэг. Араас нь явах эрхгүй юм болохоор охидоо аавын хайраар дутаахгүй гэж нэгэн зэрэг 5 ажил ч хийж үзсэн, чанга шүү.

Охидууд их адтай, хөөрхөн. Миний охид амь нэгтэй, хоорондоо зөрөлдөөд байдаггүй. Ээж аавынхаа үгнээс нээх гараад байдаггүй, нөхөр бид хоёр ч охидуудаа загнаж зандарч үзээгүй. Итгэлийг минь алдаж үзээгүй, яг л аав ээжийнхээ хэлснээр, хий гэснийг хийгээд л, оройн цагаар ч гэрээсээ гарч үзээгүй дээ.

Охидоо аавыг нь байх үеийн байдлаас дордуулж болохгүй гээд л зүтгэдэг юм, биелүүлж чадаж байна ч гэж боддог. Багш мэргэжлийн буян их байна аа, эцэг эхчүүд маань маш ханьтай. Би их өнгөлөг хувцасладаг байсан ч, нөхрөө алдсанаасаа хойш хувцасны шүүгээ дүүрэн хар хувцастай болчихсон, сэтгэл гутралд орсон байж. Харин нэг сурагчийн ээж надад хандаж “Багшаа та өмнөх шигээ гоё байна шүү, ингэж гундаж болохгүй” гэж хэлсэн. Тэр үед л би нэг дохио авч, өөрийгөө анзаарч байлаа.

Хүнд бурханаас ямар тавьлан заяасныг хэн ч таашгүй, гэхдээ юу ч болсон зүтгэх л хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ төлөө урам зоригтойгоор алхахаас өөр замгүй тул өөрөө өөрийнхөө хувь тавьланд эзэн нь байгаарай гэж зовлон нэгт хүмүүсдээ зөвлөмөөр байна.

Би хэзээ ч зүгээр сууж үзээгүй. Зуны цагт зусланд ногоо тарьж зардаг. Тэр бүр органик ногоог минь худалдан авч намайг дэмждэг хүмүүстээ ч маш их баярладаг гэдгээ хэлмээр байна.

Хүнээр өрөвдүүлж, хэн нэгнээс тусламж горьдож суух нь утгагүй. Өөрийнхөө амьдралыг өөрөө цэцэглүүлэх хэрэгтэй. Ах дүү хамаатан садан олон ч гэсэн тэдэндээ би яагаад ачаа болох ёстой юм гэж боддог. Тэднийхээ хайрласан харцнаас л урам авдаг.

Удахгүй дөрвөн охиныг минь дагаад дөрвөн хүү орж ирнэ. Эхнээсээ орж ирсэн сайхан л байдаг юм байна, миний чадахгүй зүйлийн ард хүү минь байгаа, түшээд авна даа гэж л бодоод байгаа юм.

Багшийн ажлын цалин үнэхээр бага байлаа. Байрны лизингээ төлөөд л мөнгөгүй шахуу үлддэг байсан. Харин өнгөрсөн жил тэмцлийн үр дүнд цалин нэмэгдэж арай гэгээтэй болж байна. Ялангуяа эрэгтэй багш нар өрх гэрээ толгойлж явна гэдэг үнэхээр чанга санагдаад байдаг.

Охидын зүгээс ээждээ хандаж сэтгэлийн үгсээ хэллээ:

Том охин: Ээж уурлахаараа босоод цэвэрлэгээ хийж эхэлдэг. Бид сандраад л хамт цэвэрлэж эхэлдэг дээ. Өөрөө ээж болоод, ээжийгээ бүр илүү ойлгож өрөвдөөд байгаа. Ээжийн оронд би энэ бүхнийг дааж авч явж чадахгүй юм байна гэсэн бодол орж ирсэн. Ээж өөрөөрөө бүхнийг үлгэрлэсэнд би баярлалаа гэж хэлмээр байдаг. Охин нь тэр бүрийг нь дуурайна аа.

Дунд охин: Ээждээ баярлалаа л гэж хэлмээр байдаг даа, гомдоож байсан бол уучлаарай /уйлав/.

Бага охин: Зарим айлын ээж нар хүүхдүүдээ зодоод байдаг юм билээ. Харин манай ээж огт зодож байгаагүйд нь баярладаг. Эгч хүүхэд төрүүлээд  ээжийн надад хандуулах анхаарал жаахан багасаж байгаа санагдаад байдаг. Гэхдээ л би айлын бага юм чинь эрхэлсээр л байна.

Эцэг эх хүүхэддээ гомдоно гэж байдаггүй юм шүү дээ. Хувь тавилангийн эрхээр ханиа алдсан ч, хэцүү үед хэзээ ч орхихгүй охидтой байгаадаа би үнэхээр баярладаг. Ганцаараа байсан ч, хийе гээд зүтгэвэл болдог л юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Өөрийгөө чамлах хэрэггүй, хичээж байгаа хүнд бурхан тусладаг юм билээ. Хүн сэтгэл зүйгээрээ л хүчирхэг байх ёстой. Тэгвэл юуг ч давна.

Том охин: Манай аав өөрийгөө цэцгэнд төөрсөн эрвээхэй гэдэг байлаа. Аавыг байхад, аав ээжийн өдөр гэж болдог байсан. Өөр өөрсдийн гэсэн онцлогтой, байнга хамт аяладаг гэр бүлсэг сайхан байж. Аав ээж минь бидэнтэй яг найз шиг, хатуурхдаггүй байсан. Аав минь гэнэт л нэг өглөө сэрээгүй болохоор бүгд их гутралд орж байлаа. Удалгүй дүү маань гадагшаа сурахаар яваад гэр хоосроод дөрвөн биенээсээ холдож чадахгүй бөөндөө байхыг л илүүд үздэг болсон доо.

Ээж нь охиддоо ийн захья:

Ирээдүйн амьдралаа чанартай байлгахын тулд сурч боловсрох хэрэгтэй, эмэгтэй хүүхэд ялангуяа цэвэрч байх ёстой, хажуудаа байгаа хэнийг ч халамжлах хэрэгтэй гэж охиддоо зааж сургахыг хичээдэг. Ээжийнхээ үлгэрлэсэн бүхнийг сурахад л хэн нэгэнд гологдож адлагдахгүй ээ. Ирээдүйд хүний амьдрал төлөвлөснөөр болохгүй ч, эмэгтэй хүн л нарийн нандин ухаан гаргаж байж амьдрал цэцэглэдэг. Цэвэр цэмцгэр, хүний сайхныг олж харах нүдтэй, сайхан үг хэлж чаддаг, сайхныг хараад баярладаг нэгэн байгаарай. Тийм хүнд бурхан сайхан бүхнийг харамгүй өгдөг шүү. Ядаж сошиал дээр ч, сайхан байвал сайхныг нь хэлээд, муухай байвал юм хэлэхгүй алгасаад сурчих. Ингээд л амьдрал сайхан шүү дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button