Хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж буй Ерөнхийлөгчийг үдэх хууль манайд байхгүй
Авлигын хэрэгт холбогдсон Ерөнхийлөгчөө БНСУ цагдаан хөтлүүлэн явуулж байхад, манайх Улсынхаа төв талбай дээр сүр дуулиантайгаар үдэн гаргаж буй нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байна. Арга ч үгүй. Бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж байгаа Ерөнхийлөгчийг үдэх хууль манайд байхгүй.
Атал У.Хүрэлсүх Төрийн цэргийнхнийг, хууль сахиулах байгууллагынхныг цөмийг нь жагсааж, Төр нийгмийн зүтгэлтэн, элчин сайд, хотын удирдлага, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг эгнүүлэн зогсоож, улаан хивс дэвсүүлж, иргэд дундуур зүсэн алхан, гар барьсаар машиндаа суун одов. Гэтэл хуульд бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг үдэх зохицуулалтыг ингэж тусгасан байна.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам"-ын тавд:
- Төрийн хүндэт харуул үдэж гаргахаар жагссан байна.
- Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгч Төрийн ёслол хүндэтгэлийн "Өргөө" цогцолбор дахь Монгол Улсын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан туганд хүндэтгэн ёсолж адис авна.
- Бүрэн эрх нь дуусгавар болсон Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Төрийн ёслол хариуцсан нэгжийн дарга, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга Төрийн ордны зүүн талын нуман хаалганы дотор талын талбайгаас үднэ.
Яг энэ журмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг үдэж байлаа. Гэтэл анх удаа бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө, "Бодь"-ийн цүнхтэй мөнгөний агуулгаар шалгуулахаар ажлаа өгч буй Ерөнхийлөгч хуулиас гадуур үдүүллээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.