НИЙГЭМ

“Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэр Болороо”

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороогийн нөхөр Б өнгөрсөн оны зургадугаар сард лифтний хонгилд унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Харин хуулийн байгууллагаас талийгаач Б-г хэрэг явдал болох үед согтуурлын өндөр зэрэгтэй байсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг.

Б.Болороо өнгөрсөн хугацаанд мятаршгүй тэмцсэний дүнд талийгч нөхөр нь согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогдсон билээ.

Тэгвэл түүний хадам ээж бэрдээ зориулан дараах шүлгийг бичиж, өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлжээ.

Худ Буянжаргал, бэр Болороо нартаа зориулан бичлээ. Хайртай хүүгийн минь нэр төрийг сэргээсэнд гүнээ талархаж байна. Та хоёртоо баярлалаа.

“Нэр шигээ тунгалагхан сэтгэлтэй охин

Боловсролтой, ухаалаг, алаг нүдэн охин

Нэгэн цагийн ерөөлөөр бидэнд ирсэн бэргэн

Бурхан үрийн минь түшиг болсон хань

Хүүгээс минь салаалсан цэцэг шиг охиныг

Нахиалуулж, ургуулсан наран бэр Болороо

Бэрхшээлтэй нүүр тулж, шаналалд автсан ч

Бэтгэрсэн бодолдоо нурж, хөл алдаагүй бүсгүй ухаан

Хөгжлийн бэрхшээл, амьдралын түмэн шалгуурт ч

Харц бөхийж, шантарч нугараагүй хатан зориг

Сайхан хүүгийн минь санааных нь тал Болороо

Саруулхан үрийн минь ухааных нь дөл Болороо

Хайран сайхны минь хайрын ганц оч Болороо

Хайртай нандины минь хамаг бүхнийх нь харц Болороо

Хатан ухаан, хаан суудлынх нь хагас Болороо

Хүний л ганц охин үр Болороо бэргэн минь

Хүүг минь зөв гишгэхэд хүч нэмсэн гэргий

Хэлтгий бодлыг нь зөвд хөтөлсөн бэргэн

Бодол сэтгэлийнх нь гэгээн нууранд хайрыг

Бороо мэт асгаруулсан сэтгэлийн хайлан минь

Идэр есийн жаврыг сөрөн, зүрхэндээ тангараг өргөж

Ижийтэйгээ үнэний эрэлд няцалтгүй зогссон охин минь

Өр өвтгөж, сэтгэл шархлуулсан худлын булхайг дэлгэж

Үнэн, худлын дэнсийг ялгаж салгахаар суусан үр минь

Түмэн олон, төр хоёртой эвсэж зөвийг нь онож шүүсэн

Тууштай,  тэмцлийн дуу хоолой болон ялсан бэргэн минь

Хайрынхаа төлөө, халуун дулаан сэтгэл бүхний төлөө ялсан

Ханийнхаа төлөө, хайртай эрхэм бүхнийхээ төлөө чадсан

Хатуужил сайтай ээжийн охин гэдгээ баталж дийлсэн

Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэргэн

Хууль гууль болсныг төрийн өндөрлөгт хүргэсэн

Хэрэг хуучирдаггүйг шүүхийн танхимд дуулгасан

Хорвоод үнэн ялдгийг худлын өмнө мэдрүүлсэн

Хайрыг хайрлахын гайхамшгийг зүрхэнд түгээсэн

Хүн хүнээрээ үлдэхийн учрыг түмэнд үлгэрлэсэн

Хүүгийн минь хайртай гүнж, миний хайртай бэр Болороо” гэжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Баярласан сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг байна. Бэргэн биш, бэр байлгүй дээ. Бэргэн гэдэг чинь ахын эхнэрийг хэлдэг. Болороодоо баяр хүргэе. Зорьсондоо хүрлээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button