СПОРТ

Хөлбөмбөгөөр “амьсгалж”, хөгжмийн эгшгэнд уярдаг хосын хайрын түүх

Дэлхийн хамгийн алдартай, царайлаг хосуудын нэг нь хөлбөмбөгийн “Барселона” клубийн тоглогч Жерар Пике, дуучин Шакира нар гэдэгтэй хэн ч маргахгүй нь лавтай. Хоёулаа салбартаа гялалзаж, дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй одууд тэд мөнөөс мөн. Хоорондоо 10 настай зөрүүтэй Пике, Шакира нарын хайрын түүх олон хүний сонирхлыг татдаг. Ингээд тэдний хайрын түүхээр хамтдаа аялцгаая.

Тэдний хайрын түүх 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр эхэлжээ. Шакира 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу болох “Waka waka”-г дуулж, клипэнд нь Пике тоглосон.  Тус клипний зураг авалтыг хийсэн, Испанийн Мадрид хотод тэд анх танилцжээ. Тэр үеэр Пике Шакирагийн утасных нь дугаарыг авсан гэдэг. Үүнээс өмнө Шакира Аргентины Ерөнхийлөгч асны хүү Раутай 10 жил дотно холбоотой байсан. Түүгээр ч үл барам Рау колумб бүсгүйд гэрлэх санал тавьж байсан удаатай. Харин Пике жүжигчин Нури Томастай үерхээд жил орчим болсон байв.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэд дуулахаар Шакира Испанийн шигшээ багаас түрүүлж ӨАБНУ-д очжээ. Энэ нь Пикед сайхан далим болсон гэдэг. Хөлбөмбөгчин залуу түүнээс цаг агаар ямар байгааг асуухад Шакира огт цааргалалгүй, дэлгэрэнгүй хариулдаг байж. Үнэндээ үүнээс өөр “мэх” Пикед байсангүй. Энэ тухай тэрбээр сүүлд “Миний асуусан энгийн асуултуудад тэр их дэлгэрэнгүй хариулдаг байсан.  ДАШТ дуустал түүнтэй уулзах боломж надад олдоогүй. Хэрэв дахиж уулзахын тулд шигшээд шалгарах ёстой бол би тэгэхэд бэлэн гэж түүнд хэлсэн” гэж дурсжээ. Пике Шакирад өгсөн амлалтдаа хүрсэн хөдөлмөрч залуу. Түүгээр үл барам Пикегийн хүчин зүтгэдэг Испанийн шигшээ алтан медалийн төлөөх тоглолтод Нидерландыг 1:0-ээр хожиж, дэлхийн аварга болсон юм. Мэдээж түүнд дэлхийн аваргын цомоос илүү насныхаа хань Шакиратай учирсан нь юу юунаас илүү чухал байдаг нь лавтай.

Тэд эхэндээ харилцаагаа олноос нуусан. Жил орчим нуусныхаа дараа буюу 2011 оны гуравдугаар сарын 29-нд Шакира нийтэд ил зарлаж, цахим хуудсандаа хамтдаа авхуулсан зургаа нийтэлсэн юм. “Та бүхэнд нарханаа танилцуулж байан” гэсэн пост бүх зүйлийг ил болгож, дэлхийд нэгэн алдартай хос шинээр мэндэлснийг зарласан.

ЮНИСЕФ-ийн элч, Колумбын хүүхдүүдэд боловсрол олгох “Pies Descalzos Foundation” санг үүсгэн байгуулсан Шакира дараа жил нь бие давхар болсон. Тэдний анхны хүүхэд 2013 оны нэгдүгээр сарын 22-нд Барселонад мэндэлсэн, Милан гэдэг нэртэй. Алдарт хос хоёр жилийн дараа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Пике “Барселона”-тай зөрчилдөх бүрт Шакира нөхрөө дэмжиж, хамгаалсаар өдий хүрсэн. Тэд 2012 онд рафтингаар уралдсан нь Пикегийн дасгалжуулагчид таалагдаагүй. Багийнх нь үндсэн хамгаалагч экстрим спортоор хичээллэн, бэртэх ч эрсдэлтэй байхад санаа нь зовох нь ч аргагүй биз ээ. Шакира “Барселона” клуб болон ханийнхаа үнэнч хөгжөөн дэмжигч. Зав л гарвал тоглолтыг нь үзэх үнэхээр дуртайгаа үргэлж хэлдэг.

Тэднийг салсан гэх яриа нэг бус удаа гарсан. Хамгийн их дуулиан дэгдсэн нь 2017 он. Испани, Колумбын хэвлэлүүд хосыг салсан гэж мэдээлж, түүнийгээ батлахыг оролдож байв. Үүнд Пикегийн үнэнч бус зан нөлөөлсөн, хуучин найз бүсгүй Н.Томастайгаа уулздаг гэж мэдээлсэн билээ.

Шакира гэр бүлийнхээ төлөө дуучны карьераа золиослон, долоон жилийн турш концерт тоглоогүй. Дахин дуулахгүй гэж шийдээд байсан эхнэрээ Ж.Пике ятгаснаар колумб дуучны бодлыг өөрчилж чадсан. Тэдний амьдрал үргэлж дардан байгаагүй. Шакирагийн хоолой хүнд өвдөн, дахин дуулна гэдэгт нь цөөнгүй хүн эргэлзэж байв. Түүнийг улаан хоолойны хорт хавдартай болсон гэх цуурхал хүртэл дэгдсэн удаатай. Азаар бүх зүйл сайхнаар эргэж, Шакира “El Dorado” аялан тоглолтоо 2018 оны зургадугаар сарын 3-нд Германы Хамбург хотоос эхлүүлж тэр жилийнхээ сүүлчээр эх орондоо өндөрлүүлсэн.

Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн жил “Super bowl” тэмцээний үеэр Женифер Лопезын хамт яалаа даа. Тайзыг ёстой жинхэнэ утгаар нь доргион, хөгжөөн дэмжигчдийнхээ цөсийг хөөргөсөн шүү дээ. Тэдний бичлэгийг зөвхөн “Youtube” хуудаснаас л гэхэд 170 сая хүн үзсэн юм.

Пике, Шакира нарын хуримыг тэсэн ядан хүлээж буй хүн олон байгаа нь мэдээж. Гэхдээ тэд хуримаа хийх гэж яардаггүй. Пике өнгөрсөн жил Италийн “Pomeriggio 5” шоу нэвтрүүлэгт оролцохдоо “Ойрын хугацаанд бид хоёр хуримаа хийнэ” гэж хэлсэн нь ихээхэн хүлээлт үүсгээд буй. Үүнд нь Шакира “Аз жаргалтай амьдрал, хүүхэд, хайр гээд бид хоёрт хэрэгтэй бүхэн бий” гэж хариулжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button