НийгмийнСПОРТ

Б.Ганхуяг: Бэртчихээд, шантарсан хүнд үед ижий минь л намайг хурцалж, өнөөгийн амжилтад хүргэсэн

Хоймор нутгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд наадмын сорилго барилдаанаа өнгөрсөн бямба гаригт хийсэн. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, улсын начин Бадамсамбуугийн Ганхуягтай ярилцлаа.

“ХИЛЧИН” СПОРТООР ХОРООНД ХАРЬЯАГЛАГДАН БАРИЛДААД 12 ЖИЛ БОЛЖ БАЙНА

-Улсын наадам болох өдөр хоног хоногоор ойртож байна. Начны бяр их, бэлтгэл тань жигдэрч байна уу?

-Би энэ жил бэлтгэлээ “Хилчин” спорт хорооныхоо бөхчүүдтэй хамт Бугын сангийн аж ахуйд хийж байгаа. Бид тэнд бэлтгэлээ базаагаад нэлээд хэдэн жил болсон. Манай хорооны бөхчүүд энэ жил бэлтгэлээ улсын начин Н.Бүрэнбаатар, Л.Батзориг нарын удирдлагад хийж байгаа. Миний бэлтгэл ерөнхийдөө жигдэрсэн. Ойрхон болохоор нутгийнхаа бөхчүүд дээр ирэн, очин байдаг.

-Таныг “Хилчин” спорт хорооны тамирчин гэдгийг мэддэггүй хүмүүс Хөвсгөлийнхөө бөхчүүдтэй яагаад наадмын бэлтгэл хийдэггүй юм бол гэж гайхаж магадгүй.

-Миний амжилт “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээтэй салшгүй холбоотой. Одоо ч “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээнийхээ бөхчүүдтэй найз нөхөд, ойр явдаг. Би “Хилчин” спорт хорооны тамирчин, эл хороогоор овоглон барилдаад 12 жил болж байна. Тамирчин хүн бэлтгэлийнхээ хажуугаар ар гэрээ авч явах амаргүй ажил байдаг. Энэ тал дээр миний ард бат зогсдог Монголынхоо мянга, мянган хилчид болон хилчин тамирчин, “Хилчин” спорт хороогоороо бахархдаг. Нэр хүндийг нь өндөрт өргөж явахыг хичээдэг.

-Та ямар цолтой билээ?

-Дэслэгч цолтой.

-“Хилчин”-ий хүчтэнүүд наадмын сорилго барилдаанаа хэзээ хийн, бөхчүүдийнхээ өнгийг шинжих вэ?

-Одоогоор ямар нэгэн тов гараагүй. Бүрэнбаатар, Батзориг багш нар ярилцаж байгаад шийдэх байх.

-Тов нь гарвал та барилдах уу?

-Яаж ч магадгүй. Бэлтгэл, тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Наадам дөхчихсөн болохоор барилдаан болгонд зодоглох дэмий.

ҮЗЭГЧГҮЙ НААДМЫГ ТӨСӨӨЛӨХӨД БЭРХ

-Он гарснаас хойш барилдаан болоогүй, Цагаан сарын барилдааныг хүртэл өнжсөн. Энэ нь таны барилдаанд нөлөөлөх үү?

-Ер нь заал, танхимын барилдаанд сайн барилдаж байгаа бөх наадмаар амжилт гаргах магадлал өндөр. Заал, танхимын барилдаанд тогтмол барилдах нь давхар бэлтгэл болдог. Барилдаан бүхэн их чухал. Тиймээс би барилдаан алгасахгүйг хичээдэг. Он гарснаас хойш барилдаан болоогүй нь бөхчүүдэд харилцан адилгүй нөлөөлөх байх. Хэдийгээр барилдаанд зодоглоогүй ч бэлтгэлээ өдөр бүр тууштай хийн, хөдөлмөрлөсөн бөх форм сайтай байгаа. Ер нь энэ жилийн наадамд бэлтгэл сайтай бөх л амжилт гаргана.

Нөгөө талаар хэдийгээр он гарснаас хойш барилдаан болоогүй ч бэлтгэл дээр жинхнээсээ хүч сорьж болно. Бэлтгэлийг яс барилдаанаар орлуулна гэсэн үг. Бэлтгэл дээр бус барилдаанд өрсөлдөж байна гэж бодоод хүч сорьвол илүү үр дүнтэй.

-Хагас жил гаруйн хугацаанд бөхийн барилдаан болоогүй нь бөхчүүдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Их нөлөөлнө. Барилдааны бай, шагнал амьдралд их нэмэр болдог.

-Энэ жилийн наадмыг үзэгчгүй хийнэ. Бөх бүрийн сэтгэл зүй ондоо. Наадамчин олонгүй наадам гэхээр танд ямраар төсөөлөгдөж байна вэ?

-Наадамчин олон уухайлаад дэмжих хэчнээн сайхан гэж санана. Үзэгчгүй наадмыг төсөөлөхөд бэрх. Үндэсний баярыг наадамчин олонгүй тэмдэглэх сайхан зүйл биш. Яалт ч үгүй хөл хорио тогтоосон болохоор УОК-ын шийдвэрийг хүндлэлгүй яах вэ. Үзэгчгүй наадам надад нэг их сөргөөр нөлөөлөхгүй.

-С.Мөнхбат аварга хэвлэлд ярилцлага өгөхдөө “Үзэгчгүй наадам бол наадам биш” гэж хэлсэн. Та аваргатай санал нийлэх үү?

-Бөхчүүд бид наадмаар уулын мухарт очоод, тэндээ хэдүүлхнээ баярлахгүй. Барилдааныг цэнхэр дэлгэцээр шууд дамжуулан, монгол түмэнтэйгээ хамт наадна. Монголын ард түмэн зурагтаар, онлайнаар үзэн, дэмждэг бөхийнхөө дээлийнх нь захыг мушгиад хамт баярлах боломжтой. Улсын наадамд дээгүүр барилдсан залуус шинэ цол аваад, Төрийнхөө есөн хөлт цагаан тугийг тойроод явж байхад үзэгчгүй, наадамчин олны уухайн түрлэггүй нь гонсоймоор.

ЭНЭ ЖИЛ ЦОЛОО АХИУЛАХ, БАТЛАХЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

2016 оны улсын наадмын үеэр

-Та өнгөрсөн жилийн наадмын дараа болсон барилдаануудад тун өнгөтэй байсан, нэлээд шуугиулсан. Ер нь ямар, ямар амжилт гаргасан билээ?

-2019 оны наадмын нээлт, шилдэг 128 бөхийн барилдаанд шөвгөрсөн. Ерөнхийлөгчийн цомд шөвгийн дөрөвт үлдсэн. Энэ жил миний амжилт, бэлтгэл харьцангүй сайн байгаа. Мэдээж энэ жилийн наадмаар цолоо ахиулахын төлөө барилдана. Хэрхэхийг урьдчилан тааж, тэгнэ, ингэнэ гэх аргагүй шүү дээ.

АРАВДУГААР АНГИ ТӨГСӨХ ЖИЛЭЭ СУМЫН НАЧИН БОЛСОН

-Бөх болох таны багын мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгэн энэ спортоор хичээллэхийг зөвлөсөн үү?

-Би хөдөөний бусад хүүхдийн адил дээл, гутлаа ханзартал барилдан, бөх болохыг багаасаа мөрөөдсөн. Зав л гарвал ахтайгаа барилдана. Би гурван ах, нэг эгчтэй. Би Ерөнхий боловсролын сургуулиа сумын начин цолтой төгссөн. Аравдугаар ангиа төгсөх жилээ, 2003 онд Шинэ-Идэр сумынхаа наадамд барилдаад, начин цол хүртсэн юм. Тухайн үед үндэсний бөхөөр хичээллэж эхлээгүй, овооны болон сумынхаа наадамд л барилддаг байсан.

23 НАСТАЙДАА ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭХЭЭР НУТГААСАА ЦҮНХЭЭ ҮҮРЭЭД ХОТОД ИРСЭН

2016 оны улсын наадмын үеэр

Би Батлан хамгаалахын их сургуулийн харьяа Ахлагчийн коллеж төгссөн. Зэвсэгт хүчний 084 дугаар ангид ажиллаж байсан. Дараа нь нутагтаа очин, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбарт гурван жил ажилласан. Бэлтгэл хийвэл амжилт гаргана гэх бодол надаас ер салаагүй. Бүр сүүлд, 23 настайдаа бөх болох бөөн мөрөөдөл Улаанбаатар хотод ирж байлаа. Тухайн үед цөөнгүй хүн “Одоо оройтсоон, дэмий” гэж надад хэлсэн. Тэглээ гээд би мөрөөдлөө орхиогүй, ухраагүй. Тууштай хөдөлмөрлөсөөр аймгийн наадамд хоёр удаа түрүүлж, хурц арслан болсон. Монголын аймгийн арслан цолтонгуудыг эрэмбээрээ тэргүүлж явсан удаа надад бий. Өнөөдөр улсын цолтнуудын эгнээнд багтан, үндэсний бөхийн спортоор хичээллэж, үндэсний өв, уламжлалаа тээж яваадаа баярладаг.

-Ажлаасаа гаран, Улаанбаатарт ирээд бүхнийг шинээр эхлэх амаргүй байсан нь мэдээж. Их зориг, тодорхой хэмжээний золиос гаргахдаа эргэлзсэн үү?

-Бөх болох чин хүсэлтэй залуу Улаанбаатарт цүнхээ үүрээд ирж байлаа. Заал, танхимын барилдаанд анх зодоглохдоо том цолтнуудаас их сүрдэнэ. Бүх цэргийн наадамд анх барилдахдаа нэг давсан. Том цолтой бөхчүүдтэй барилдана, тэдэн шиг болно гэж бодохоор надад үнэндээ төсөөлөгдөөгүй. Хөдөлмөрлөөд, зүтгээд байхаар чимх, чимхээр сайжирдаг юм билээ. Олон сайхан багшийн хүч, дэмжлэгээр өнөөгийн амжилтад хүрсэн.

ИЖИЙ МИНЬ УРМЫН ҮГ НАМАЙГ БӨХ БОЛГОСОН ЮМ ШҮҮ ДЭЭ

-Тууштай бэлтгэл хийвэл амжилтад хүрнэ гэх итгэл, урмыг юунаас авав?

-Ер нь бөх хүн ганц нэг даваад ирэхээрээ, том цолтонг өвдөг шороодуулахаараа их урамшдаг. Би ч бас тэгсэн. Намайг үндэсний бөхөөр тууштай хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж минь. Тухайн үед бөх болох зорилготой, ээжтэйгээ хамт гэр хороололд амьдардаг байсан. Бэртчихсэн, барилдаад өрсөлдөгчөө давахгүй хүнд үеийг би туулсан. Тэр үеийг давахад ижий минь л надад тусалж, дэмжсэн. “Миний хүү улсын том цолтон болно оо” гэж үргэлж урам хайрласных нь хүчээр л би бөх болсон юм шүү дээ.

-Тамирчин хүн өнөөдөр бэлтгэл хийгээд маргааш амжилтад хүрэхгүй. Олон жилийн уйгагүй бэлтгэл, хөдөлмөрийн үр дүнд амжилтын эзэн болдог. Бэртчихсэн, бөх болох гээд бүхнээ орхичихсон байхдаа шантарсан уу?

-Шартармаар үе зөндөө байсаан. Юуг нь нуух вэ. “Өнөөдөр биш юм гэхэд маргааш чадна. Би чадах болно” гэж өөрийгөө хурцалсан. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг яг үнэн. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр зүтгэн, уйгагүй хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрдэг юм билээ.

-Бэлтгэл хийх, амьдралаа авч явах санхүүгээ хэрхэн зохицуулдаг байв?

-Ер нь бэлтгэлийн хажуугаар ар гэрээ авч явах амаргүй зүйл. Тэр үеийг би ганцаараа туулаагүй. “Хилчин” спорт хороо, “Талст маргад”, “Эрдэнэ суварга” компанийн хамт олон надад тусладаг байсан. Одоо би “Хилчин” спорт хороо, Дулааны III цахилгаан станц, Батболд захиралтай “Цагаан уулын магнит” компанийн нэр дээр барилддаг. Миний амжилтад тэдний маань тус, дэмжлэг маш их бий.

УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЭХ БОЛООГҮЙ БАЙЖ Л ГЭЖ БОДСОН

2016 оны улсын наадмын үеэр

-Та 2016 онд улсын начин цол хүртсэн. Улсын цолтны эгнээнд багтан дэвж явахад юу бодогдож байв?

-Төрж өссөн нутаг ус, төрүүлж өсгөсөн аав, ээж, ачит багш нараараа их бахархсан. Би тавын даваанд монгол түмний бахархал болсон улсын начин Э.Энхбатыг давсан. Тийм мундаг хүчтэнээр улсын начин цолны болзол хангаснаараа бахархдаг. Аав, ээж хоёр маань нутагтаа миний барилдааныг зурагтаар үзсэн. Улсын цол авангуутаа аав, ээж хоёртойгоо холбоо барьсан. Зургаагийн даваанд би улсын заан Батмөнхөд унасан. Би тэгсэн, ингэсэн бол гэж ярих дургүй. Болох ёстой юм болдгоороо л болсон байх. Зургаа давах, улсын харцага цол хүртэх болоогүй л байж гэж бодсон.

 -Одоо ер нь зургаа давах, цолоо ахиулах цаг нь болсон уу?

-Улсын наадамд ам гарч болохгүй. Үнэндээ хэлж мэдэхгүй, урьдчилан таах аргагүй. Даваа бүхэн хариуцлагатай. Мэдээж цолоо батлан, ахиулахыг зорилгүй яах вэ.

-Өнгөрсөн жил төрийн наадамд үзүүрлэсэн, улсын аварга Н.Батсуурьтай хамгийн сайн барилдсан бөхчүүдийн нэг нь, та. Түүнд тавын даваанд өвдөг шороодсон. Аварга та хоёр хэдэн минут барилдсан билээ?

-Яг тодорхой мэдэхгүй байна. Лав 20 гаруй минут барилдсан байх. Нэлээд хүч шавхсан, хүнд барилдаан болсон.

-Та томчуудаас хэн, хэнийг өвдөг шороодуулаад байгаа вэ?

-Өнөө цагийн бүх шилдэг хүчтэнтэй барилдсан. Давахдаа даваад, унахдаа унаад л явна. Том цолтнуудтай хийсэн барилдаанд ихэнхдээ унасан. Ганц нэг давсан нь ч бий.

-Тэдгээрээс хамгийн дурсамжтай нь аль барилдаан бэ?

-Зөндөө бий. Би Орхон аймгийн наадамд хоёр удаа түрүүлсэн. Хөвсгөл аймгийн наадамд 512 бөхөөс үзүүрлэж байлаа. Бөхийн өргөөнд Б.Гончигдамба гарьдтай үлдээд түрүүлсэн. Эдгээр барилдаануудынхаа талаар дурсах дуртай.

-Та ер нь заал, танхимын барилдаанд хэдэн удаа түрүүлж, үзүүрлээд байгаа бол?

-Улсын цолтой бөхчүүдийн барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн, овоо хэд шөвгөрсөн. Аймгийн арслан цолтой байхдаа аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёр түрүүлж, 10 гаруй шөвгөрсөн.

-Жин, өндөр хэд вэ?

-180 см өндөр, 120 кг жинтэй.

-Бусад бөхчүүдээс дутуугаа та юугаараа нөхдөг вэ?

-Хөдөлмөр, ажиллах чадвараараа нөхдөг.

БАРЬЦ СОНГУУЛАХЫГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ

2016 оны улсын наадмын үеэр

-Сүүлийн үед бөхчүүд уран мэхийг уралдуулан хийх нь ховордоод байх шиг. Жингээ нэмэн, барьц сонгооны барьцнаас барилдах сонирхолтой болоод байгаа нь анзаарагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхийн аль ч спорт санаачлагатай өрсөлдөн, урагшаа мэх хийж буй тамирчинд давуу байдал олгодог. Гэтэл үндэсний бөхөд тэгдэггүй. Олонх бөх хамгаалж, ухарч, ухарч байгаад барьц сонгооноос давдаг. Энэ шударга бус өрсөлдөөн. Үнэхээр үнэн хүчийг үзэх гэж байгаа бол барьц сонгоог болиулах хэрэгтэй. Улсын наадамд барьц сонгуулах дэмий юм шиг санагддаг. Энэ бүхэн үндэсний бөхийн дүрэмтэй холбоотой. Үндэсний бөхийн дүрмийг өөрчлөөд, барьц сонгоог халчихвал бөхчүүд дагана. Бөхчүүд жингээ хасвал аяндаа уран, хурц, дайчин барилдана.

НААДМААС БУСАД ҮЕД ДОПИНГИЙН ШИНЖИЛГЭЭ АВДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Барьц сонгооноос гадна допингийн асуудал маргаан дагуулаад олон жил болж байна. Өнгөрсөн жилийн наадмын допингийн асуудал одоо хүртэл шийдэгдээгүй нь яавч эвлэрч болохгүй зүйл. Үндэсний бөхийг допинггүй болгох хамгийн зөв гаргалгаа таны бодлоор юу вэ?

-Энэ бол маш харамсалтай зүйл. Бөхчүүд маш их зүйл золиослон, олон жил хөдөлмөрлөн байж амжилтад хүрдэг. Гэтэл хэн нэгэн хориотой бодис хэрэглэн, булхиатай аргаар, богино хугацаанд амжилтад хүрнэ гэдэг шударга бус өрсөлдөөн, эмгэнэлтэй зүйл. Хэн илүү хөдөлмөрлөсөн, зөв сэтгэлтэй, зүтгэлтэй нь амжилтад хүрдэг байгаасай. Үндэсний бөхийг допингоос ангид болгох их амархан юм шиг санагддаг. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдээс зөвхөн наадмаар бус бусад үед ч явцын шинжилгээ авах хэрэгтэй. Допинг хэрэглээд улсын наадамд түрүүлсэн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах хөнгөдсөн шийтгэл. Шийтгэл чанга, тодорхой, оногдуулсан даруйдаа хэрэгждэг байх тусмаа бөхчүүд илүү сайн дагаж мөрдөнө.

Нөгөө талаар Монголын шүүх тогтолцоо хэрхэн гажуудсаны илрэл. Ганцхан бөхийн допингийн асуудлыг байтугай бусад томоохон хэргийг сайн шийдвэрлэж чаддаггүй шүү дээ. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй болохоор Ерөнхийлөгч Э.Оюунболдын барилдах эрхийг хасаж, цолыг нь хураах боломжгүй байгаа болов уу.

ҮНДЭСНИЙ БӨХӨӨР ДАМЖУУЛАН ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН БЭЛТГЭХИЙГ ХҮСДЭГ

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ?

-Би ойрын хэдэн жилээс дасгалжуулагч болж, үндэсний бөхөөр дамжуулан сайн хүн бэлтгэн, бие бялдар, сэтгэл зүй, хүн чанарын хувьд жинхэнэ монгол эр хүнийг бэлтгэх юм сан гэж боддог. Үндэсний бөхөөр хичээллэсэн бүхэн амжилтад хүрэхгүй. Гэхдээ жудагтай, хүнлэг эр хүн болоод төлөвшиж чадвал өрх гэртээ болон цаашлаад улс орондоо хэрэгтэй. Үүнийг би залуучуудад хүргэж, түгээх юм сан гэж бодож байгаа. Барилдаанд нэг хоёр давахаас илүү үндэсний бөхөөр дамжуулан жинхэнэ монгол эр хүнийг төлөвшүүлэх чухал. Үндэсний бөхөөр хичээллэж буй залуус эхлээд зөв хүн болж төлөвших хэрэгтэй.

-Таныг хүмүүс “Ирак Хуягаа” гэж хочилдог. Уг нь та Сьерра-Леон руу энхийг сахиулах ажиллагаанд оролцсон шүү дээ. Тэгсэн мөртлөө “Ирак” гэх тодотгол начныг яагаад дагах болов?

-Харин тийм ээ. Хүмүүс намайг Сьерра-Леон руу бус Ирак руу энхийг сахиулах ажиллагаанд явсан гэж андуураад байдаг юм. Тэгээд “Ирак Хуягаа” гэж хочилдог (инээв). Би Сьерра-Леон руу 2006-2007 онд Монгол Улсын цэргийн багийн хоёрдугаар ээлжинд үүрэг гүйцэтгэснээрээ бахархдаг. Харийн нутагт хүнд хүчир бэлтгэл олон сар хийн, энхийг сахиулсан нь надад их чухал бэлтгэл болж, хат суулгасан.

-Та ойрын үед нутагтаа очив уу?

-Саяхан нутагтаа, аав, ээж дээрээ оччихоод ирлээ. Энэ удаа гэртээ харьцангүй олон хоносон.  Би айлын бага, нэлээд эрх өссөн. Хонь ноослон, адуу дэллээд ёстой сайхан амарлаа. Нүүдлийн соёл иргэншил, өв уламжлал, ёс заншилдаа би үнэхээр хайртай. Би эхнэр, хоёр хүүхэдтэй. Хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг. Түүнийх нь хүчинд би амжилтад хүрсэн. Хань минь намайг амжилтад хүргэхийн төлөө бүхнээ золиослон, арыг маань даадаг. Ханьдаа их баярлаж явдаг. Намайг үргэлж дэмжиж, тусладаг Бат-Эрдэнэ захирагчтай “Хилчин” спорт хороо, 0208 дугаар тусгай салбар, Чинбат захиралтай Дулааны гуравдугаар цахилгаан станц, Г.Батболд захиралтай “Цагаан уулын магнит” компанийн хамт олонд, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Даваасүрэн, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний тэргүүн П.Ганхүү, болон Т.Батмөнх ахдаа, гэр бүлийнхэндээ, монгол түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье. Монгол бөхийн босоо цагаан хиймэр монголчуудыг маань үргэлж ивээх болтугай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-08 09:50

Сайхан хуу Байна, дуудээ Амжилт Хусье, Нутгийн чинь олон тумэн уул, ус газар шороо чинь дэмжлэг болно, ухаантай хуу Минь

Г.Отгонбаатар
Г.Отгонбаатар
2020-07-08 21:29

Б.Ганхуяг ахдаа спортын амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button