НийгмийнНИЙГЭМЯрилцлага

Б.Рэнцэнхорлоо: Гиннесийн дээд амжилт тогтоох бодол, сонирхол надад байхгүй

Хөлийнхөө уртаар дэлхийд хоёрт орж буй түүнийг Будын Рэнцэнхорлоо гэдэг. Монголын хамгийн өндөр эмэгтэй түүний хөлийнх нь урт 134.1 см. 205.7 см өндөр Б.Рэнцэнхорлоог Их Британийн “Daily mirror” онцолсноор дэлхийн хамгийн урт хөлтэй хоёр бүсгүйн нэг нь Ази тэр тусмаа монгол хүн гэдгийг дэлхий даяар мэдсэн. Монголчууд дундаж нуруутай тул тэр хэрээр олны анхаарлыг татсаар байгаа билээ. 29 настай түүнээс урт хөлтэй ганцхан хүн байдаг нь АНУ-ын Техас мужид амьдардаг Мэси Каррин. Америк бүсгүйн хөлийн урт нь 134.6 см. Тэгэхээр  Б.Рэнцэнхорлоогийн хөл түүнийхээс хэдхэн миллиметрээр богино гэсэн үг. Их Монгол хэмээх Х.Шаравжамц аваргын удмын хүн, Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын ахынх нь охин түүнтэй ярилцлаа.

БИ БНСУ-д АМЬДАРДАГ, АНУ-д АЯЛАХААР ТҮР ИРСЭН

-Сайхан наадсан уу, та. Өнөө жил АНУ-д наадмаа хэрхэн тэмдэглэв?

-Сайн байна уу. Сайхан наадлаа. Юуны өмнө “Eguur.mn” сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг АНУ-аас хүргэж байна. Энэ жил та бүхний мэдэж байгаачлан коронавирусийн халдварын улмаас монголчуудын маань наадам Чикаго хотод болоогүй. Би маш олон жил Чикаго хотод монголчуудтайгаа хамт баяр наадмаа тэмдэглэнэ гэж мөрөөдсөн юм, уг нь. Харамсалтай нь энэ жил бололгүй өнжлөө. Гэртээ хуушуур хийж идээд, гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэлээ.

-Та АНУ-д амьдардаг уу?

-Би АНУ-д ажиллаж, амьдардаггүй. Энд манай ээж болон гэр бүлийнхэн маань амьдардаг. АНУ-ын Чикаго хотод гэр бүлийнхэн дээрээ түр хугацаанд аялахаар ирсэн юм. Би БНСУ-д амьдардаг. Тэнд есөн жил амьдарч байна. Одоо найман сард буцна.

ЯРИЛЦЛАГАА АНГЛИ ХЭЛЭЭР ӨГӨХ НАДАД АМАРГҮЙ САНАГДСАН

-Дэлхийд хоёрт орох урт хөлтэй гэдгийг тань монголчууд сайн мэднэ. Сүүлд “Daily mirror” онцолсон нэвтрүүлгийн зураг авалтыг хэзээ хийсэн бэ?

-Миний санаж байгаагаар зургадугаар сарын 9-нд Чикагод хийсэн. Лондонд байдаг “Баркрофт” телевиз Youtube хуудсанд олон дагагчтай нэгэн нэвтрүүлэгтээ оролцуулах санал надад тавьсан юм. Тэгээд энэ нэвтрүүлэгт оролцон, бичлэг хийлгэсэн. Надад тулгарсан нэг асуудал нь англи хэлээр ярилцлага өгөх байлаа. Учир нь би өмнө нь англи хэлээр ярилцлага өгч огт үзээгүй. Эх хэлээрээ ганц нэг удаа л ярилцлага өгч байсан юм шүү дээ. Тэгээд коронавирустэй үе таарсан тул олон нийтийн газруудаар явж, зураг авхуулах боломжгүй байсан. Олон хүний дунд зогсоод хэр өндөр нуруутайгаа харуулах зэрэг олон төлөвлөгөө байсан боловч ковид-19-ийн улмаас тэгэх боломж байгаагүй. Нэвтрүүлгийн албаныхан ерөнхийдөө анхнаас нь нарийн төлөвлөж байгаад хийсэн болохоор гоё бичлэг болсон. Үзэхэд дөрөвхөн минутын бичлэг мөртлөө нэг өдөржингийн ажил болдог юм билээ. Уран бүтээлчдийн ард маш олон хүний хамтын нөр их хөдөлмөр байдгийг улам ойлгосон.

-Нэвтрүүлгийн албаныхан таны талаар юу гэв. Таны тухай нэвтрүүлэг хийх санал тавихад нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Нааштайгаар хүлээж авсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн ярилцлагаа англи хэлээр өгнө гэж бодохоор амаргүй санагдсан. “Англи хэлэн дээр яана аа” гэж бодсон. Ямар ч байсан хичээж байгаад ярилцлагаа амжилттай өглөө. Надад гоё санагдсан, хүндрэлтэй зүйл байгаагүй.

ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨХ СОНИРХОЛ НАДАД БАЙХГҮЙ

-Энэ нэвтрүүлэг гарснаар таныг урт хөлөөрөө дэлхийд хоёрт ордгийг бусад орныхон төдийгүй монголчууд мэдлээ. Та ер нь дэлхийд хоёрт ордгоо хэзээ мэдсэн бэ?

-Одоо Гиннесийн дээд амжилт эзэмшдэг бүсгүйтэй би нурууныхаа өндрөөр адилхан. Хөл маань түүнийхээс урт. Би дэлхийд хоёрт орох урт хөлтэйгөө хэдэн жилийн өмнөөс мэдсэн. Миний сая оролцсон нэвтрүүлэгт онцолсон нэг америк охин бий. Тэр охин орос эмэгтэйгээс өндөр, урт хөлтэй гэдгээрээ танигдсан. “Ер нь Гиннесийн дээд амжилтын төлөө өрсөлдөх сонирхол танд бий юү” гэж маш олон хүн надаас асуудаг. Сая нэвтрүүлгийн үеэр ч бас телевизийнхэн ингэж асуулаа. Надад ерөөсөө ч тийм бодол, сонирхол байхгүй.

-Хөлийнхөө уртаар дэлхийд тэргүүлдэг Мэси Каррин Техас мужид амьдагдаг юм билээ. Та түүнтэй уулзаж байсан уу?

-Саяны ярьсан хүн энэ охин байхгүй юу. Америк охинтой уулзаж, холбоо барьж байгаагүй. Саяны нэвтрүүлэгт өнгөрсөн жил оролцсон дугаарыг нь үзсэн.

ХҮМҮҮС НАМАЙГ ХАРААД “МОНГОЛД ИЙМ ӨНДӨР ЭМЭГТЭЙ БАЙДАГ ЮМ УУ” ГЭЖ ИХ ГАЙХДАГ

-Азичууд тэр тусмаа монголчууд тийм ч нуруулаг биш, дундаж нуруутай. 205 см өндөр монгол эмэгтэй гэхээр гадаадынхан хэрхэн хүлээж авдаг вэ, гайхдаг уу?

-Маш их гайхдаг. Хүмүүс намайг хараад сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж буй нь надад сонирхолтой санагддаг. “Монголд ийм өндөр хүн байдаг юм уу” гэж их асуудаг. Өнгөрсөн жил би Вьетнам, Тайланд зэрэг Азийн олон орноор аялсан. Хүмүүс намайг хараад төрөл бүрээр хүлээж авдаг. Зарим нь хашгирдаг, инээдэг, хамт зураг авхуулах санал тавьдаг. Зарим нь миний зургийг нууцаар авдаг. Хүмүүст сонирхолтой санагдаж магадгүй гэж бодоод youtube хуудсандаа энэ талаарх бичлэгээ тавьсан. Та бүхэн хэрвээ сонирхвол миний youtube хуудас руу орж үзээрэй.

БИД ИХ МОНГОЛ ШАРАВЖАМЦ АВАРГЫН УДМЫН ХҮМҮҮС

-Таны аав, ээж мөн өндөр юм билээ. Та багын өндөр хүүхэд байв уу. Хэдэн настайгаасаа огцом өссөн бэ?

-Би ер нь багын өндөр хүүхэд байсан. Цэцэрлэгтээ, сургуульдаа ч байнгын ангийнхаа хамгийн өндөр нь байсан. Багадаа “Хүүхдүүд яагаад ийм намхан, би яагаад ийм өндөр юм бол” гэж гайхдаг байсан. Өндөр болохоор хүссэнээ өмсөж чадахгүй. Үеийнхээ хүүхдүүдийн өмсөж буй загварын хувцсыг өмсөхийг хүсдэг байсан. Хувцас тэр бүр надад таарахгүй. Ер нь 15, 16 хүрээд өөртөө итгэх итгэл маань нэмэгдсэн. Өндөр нуруунаасаа ичиж, санаа зовохоо больсон.

Аав, ээж хоёр минь мөн өндөр нуруутай, удмынх. Саяны оролцсон нэвтрүүлэгт ээж минь удмынхаа талаар ярьсан юм. Харамсалтай нь нэвтрүүлгийнхэн хасчихсан байна лээ. Би ярилцлагадаа энэ талаар дурьдахыг хүсэж байна. Өвөөг маань Цэрэнжанхар гэдэг. Монголд хамгийн анх самбар дээрээс тохсон, сагсан бөмбөгийн хүрээнийхэн андахгүй. Эмээг маань Борхүү гэдэг, спортын мастер, волейболынхон андахгүй. Ийм спортын гэр бүлээс бид гаралтай. Аав минь сагсан бөмбөг тоглодог байсан, ээж минь Монголын волейболын шигшээ багийн тамирчин байсан. Ээжийн талынхан Өвөрхангай аймгийн гаралтай. Их Монгол  Шаравжамц аваргын үр удам байгаа юм, бид.

Тэрбээр нэгдүгээр ангидаа багштайгаа чацуу буюу 168 см өндөр байжээ. Улмаар тавдугаар ангид байхдаа 180 см, 17 нас хүрээд 205 см өндөр болсон гэнэ. Б.Рэнцэнхорлоогийн аав 208.2, ээж нь 185.4 см өндөр.

СПОРТОД ҮНЭХЭЭР ДУРТАЙ Ч НУРУУНЫ БЭРТЛИЙН УЛМААС ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХИЧЭЭЛЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

-Таны авга ах Гавьяат тамирчин Ц.Шаравжамц. Та сагсан бөмбөг, волейбол зэрэг цөөнгүй спортын төрлөөр хичээллэдэг байсан. Бэртлийн улмаас больсон гэж сонссон. Үнэн үү?

-Үнээн. Би ер нь багын спортлог хүүхэд байсан. Багадаа Эрдэнэт хотод өссөн юм. Тэнд байхдаа усанд сэлэлт, манайх хотод шилжиж ирсний дараа сагсан бөмбөг, волейбол, таеквондогоор хичээллэсэн. Ер нь спортын олон төрлөөр хичээллэж, бэлтгэл хийсэн. Тэдгээрээс сагсан бөмбөгийн спортод илүү сонирхолтой байлаа. Түрүүн хэлсэнчлэн манай өвөө, эмээ, ээж, аав минь спортын хүмүүс. Манайх удмаараа спортын гэр бүл. Энэ нь намайг спортод хорхойсож, дурлахад их нөлөөлсөн. Харамсалтай нь нурууны бэртлийн улмаас спортоор үргэлжлүүлэн хичээллэх боломжгүй болсон нь үнэхээр харамсалтай. Надаас спортлог, алдартай тамирчин төрж магадгүй гэж боддог.

-Ер нь спортоор хичээллэдэг байхдаа ямар, ямар амжилт гаргасан бэ?

-Гавьтай амжилт гаргаж чадаагүй. Жаахан байхдаа л хичээллэж байсан юм л даа.

-Ц.Шаравжамц гавьяат таныг спортоор ялангуяа сагсан бөмбөгөөр хичээллүүлэх, мэргэжлийн тамирчин болгох сонирхолтой байсан байх. Түүнийгээ танд хэлдэг байсан уу?

-Шараваа ах гэлтгүй манай гэр бүлийнхэн намайг спортоор хичээллүүлэх сонирхолтой байсан.

УРТ ХӨЛ, ӨНДӨР НУРУУГААРАА БАХАРХДАГ, БУРХНААС НАДАД ӨГСӨН БЭЛЭГ

-Хүмүүс “Хөөх, ийм өндөр хүн байдаг юм аа” гээд гайхаж харах танд ямар санагддаг вэ. Бахархмаар санагддаг уу?

-Тийм ээ, бахархмаар санагддаг. БНСУ-д амьдраад, цөөнгүй орноор аялахад “Ийм өндөр Ази хүн байдаг юм уу” гэж гайхдаг. Одоо хүмүүсийн гайхаж буйд бүр дасчихсан. Миний амьдралд өдөр тутамж үргэлж тохиолдож уй зүйл учраас. Тэр хүн намайг анзаарч, энэ намайг харж, гайхаж байна гэж бодохоо больсон.

-Ер нь урт хөлөөрөө, өндөр нуруугаараа бахархдаг уу?

-Бахархалгүй яах вэ. Эмэгтэй хүн бүхэн урт хөлтэй, өндөр нуруутай байхыг хүсдэг. Ийм өндөр, урт хөлтэй төрсөн минь бурхны бэлэг.

-Загварын салбарт хөл тавих бодол бий юү. Агентлагуудаас хэр их санал ирдэг вэ?

-Би мэргэжлийн загвар өмсөгч биш. Надтай уулзсан маш олон хүн надаас “Загваг өмсөгч үү” гэж асуудаг.

-Найз залуутай юу. Ер нь ямар эр хүн таалагддаг вэ?

-Найз залуутай. Бид хоёр хоёр жил гаруй үерхэж байна. Ерөнхийдөө гадаад үзэмж, өндөр нуруутай байх шаардлагаас илүү хэр хариуцлагатай, эмэгтэй хүнийг хэр ойлгодог, халамжилдаг, хүндэлдэг, хувийн орон зайд нь халддаггүй, хүмүүжлийг нь чухалчилдаг.

-Хүүхдээ бусдаас онцгой өндөр байгаасай гэж хүсдэг үү. Эсвэл дундаж л нуруутай байсан нь дээр гэж боддог уу?

-Хэтэрхий өндөр нуруутай байх өөрт нь хэцүү. Дундаж нуруутай битгий байгаасай. Тэгэхээр нуруулаг байгаасай гэж хүсэж байна. Би өндөр нуруундаа дуртай, дасчихсан. Хэрвээ намайг намхан болговол би дасахгүй байх.

46 РАЗМЕРЫН ГУТАЛ ӨМСДӨГ

-Та хэдэн размерын гутал, хувцас өмсдөг вэ?

-Би Америкаас гутлаа авдаг. 46 размерын гутал өмсдөг. Хувцас мөн хамгийн томыг нь өмсдөг.

-Таарах хувцас Монголоос ялангуяа олддоггүй байх. Хувцсаа хаанаас авдаг вэ?

-Харин тийм ээ. Ёстой тэгдэг шүү. АНУ руу ээждээ захиж авдаг. Сүүлд “Говь” кашмер надад хос хувцас хийж өгөхөөр болсон. Мөн өндөр охидын брэндүүд хувцсаа сурталчлуулан сонирхол ихтэй. Хувцаснуудаа над руу их илгээх болсон. БНСУ, Монголоос таарсан гутал, хувцсаа хэзээ ч олдохгүй. Захиалгаар л хийлгэдэг.

-Хүмүүс таныг хараад ихэвчлэн юу гэж хэлдэг вэ?

-“Сагсан бөмбөг тоглодог уу, загвар өмсөгч үү” гэж их асуудаг. Заримдаа “Таны өндөр хэд вэ. Хамт зургаа авхуулж болох уу” гэдэг. Зарим хүн “Та их үзэсгэлэнтэй юм аа” гэж хэлдэг. Мэдээж тийм гоё үгэнд дургүй эмэгтэй хүн байхгүй шүү дээ. Тийм үг тэр өдрийг эрч хүчээр цэнэглэдэг.

БИЕИЙНХЭЭ БҮХ ХЭСЭГТ ДУРТАЙ

-Та биеийнхээ аль хэсэгт илүү дуртай вэ?

-Нүд, гар, хөл гээд биеийнхээ бүх хэсэгт дуртай.

-Өндөр, нуруулаг болохыг хүн бүхэн хүсдэг. Таны өндөр нуруу удмынх уу. Эсвэл та өндөр болох ямар нэгэн дасгал хийдэг байсан уу?

-Түрүүн хэлсэнчлэн манай удмынхан их өндөр, спортын хүмүүс. Миний өндөр 100 хувь удмынх. Нээрэн хүмүүс “Та яаж ийм өндөр болсон бэ” гэж асуудаг. Би ямар нэгэн тусгай дасгал, эм, бэлдмэл хэрэглэж байгаагүй.

-Та Монголын хамгийн өндөр бүсгүй. Таны дараа ордог эмэгтэй эмэгтэй хэдэн мерт өндөр бол?

-Миний мэдэхээр манай нэг найз охин байдаг юм. 194 см өндөр нуруутай, волейбол тоглодог байсан.

-Ер нь Монголын түүхэнд танаас өндөр эмэгтэй байсан уу. Энэ талаар та судалж үзэв үү?

-Яг нарийн судалж байгаагүй. Гэхдээ надаас өндөр монгол эмэгтэй байсан талаар дуулж байгаагүй юм байна.

МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ХҮСДЭГ

-Та МУИС-ийн Солонгос судлалын ангийг 2011 онд төгссөн. Сөүл хотын Их сургуульд магистр хамгаалсан. Мэргэжлээрээ ер нь ажилласан уу?

-Би Сөүл хотын Их сургуулийг Солонгос хэл, шинжлэлээр магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын хэл, соёлтой холбоотой ажил хийгээд эх орондоо амьдрах хүсэлтэй байсан юм. Гэхдээ юуны түрүүнд БНСУ-д хэдэн жил ажиллаж, хэл сурч, юм үзэхийг хүссэн. Одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй. Цаашдаа мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй.

-Таны хамгийн том зорилго, мөрөөдөл юу вэ?

-Надад олон мөрөөдөл, зорилго бий. Хамгийн түрүүнд мэргэжлээрээ өөрийн гэсэн бизнес эхлүүлэхийг хүсэж байна. Алсдаа эх орондоо ажиллаж, амьдрахыг хүсдэг. Нийгмийн бага ч атугай асуудлыг шийдсэн ажил хийвэл дээр юм болов уу. Би аялах дуртай. Цаашдаа дахиад олон орноор аялж, залуу насаа дурсамжтай үлдээвэл гоё.

-АНУ-д коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байна вэ. Та халдвараас өөрийгөө хэрхэн сэргийлж, хамгаалж байгаа вэ?

-Коронавирусийн халдвар анх гарахад би БНСУ-д байсан. Хятадын дараа Солонгост ковид-19 халдвар хурдацтай тархсан. Азаар би АН-д ирж таарсан. Анзаарах нь ээ АНУ-ын хотуудын төв, хүн амын нягтаршил ихтэй газруудаар халдвар илүү тархаад байх шиг. Гэрээсээ гарахгүй, амны хаалтаа тогтмол зүүгээд байхад сэргийлэх боломжтой юм шиг санагдсан. Надад, миний амьдралд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гараагүй байна. Цаашдаа битгий гараасай.

-Эх орондоо хэзээ ирэх вэ. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүсэлт гаргасан уу?

-Цагаан сараар эх орондоо очих бодолтой байсан. Даанч коронавирусийн халдварын улмаас нислэг цуцлагдаад, очиж чадаагүй. Одоогоор Монголдоо очих талаар төлөвлөсөн зүйл алга. Юуны түрүүнд халдвар намжин, хил нээгдэн, байдал намжаадахаг. Ирэх жилээс боломж гарвал эх орондоо очно оо.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд амжилт хүсье.

-Надаас ярилцлага авсанд баярлалаа. Халдвар намжаад, удахгүй халдвар намжаад, бүх зүйл сайхан болно оо.  Монголчуудаа эрүүл, энх, аз жаргал хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button