Нийгмийн

Бидний сэтгэлд үүрд “амьдрах” Коби Брайантын тухай сонирхолтой 10 баримт

Коронавирусийн халдварын улмаас түр завсарлаад байсан NBA өнөөдөр эргэн ирлээ. Сагсан бөмбөгийн спортод мөрөө тодоос тод үлдээсэн эрхмүүдийн нэг нь яах аргагүй Коби Брайант. NBA эргэн ирж буйд олон хүн баярлаж буйн зэрэгцээ өнөөдөр түүнийг ихэд үгүйлж байгаа нь мэдээж.

Коби Брайант энэ оны нэгдүгээр сард охин Жианнагийнхаа хамт нисдэг тэрэгний ослоор өөд болсон юм. Хэрвээ “Хар Мамба” өнөөдөр амьд байсан бол олон тамирчинд үлгэр дууриал болж, зөвлөн, хөгжөөн дэмжигчдийнхээ дунд суугаад тоглолт үзэх байсан нь лавтай. Сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэлд үүрд “амьдрах” нь гарцаагүй Коби Брайантын тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

НЭГ: Түүнийг “Лос-Анжелес Лэйкерс” баггүйгээр, “Лос-Анжелес Лэйкерс” багийг Кобигүйгээр төсөөлөхийн аргагүй. Коби Брайант гэхээр хүмүүсийн сэтгэлд шар өмсгөлтэй “Хар мамба”-гийн төрх хамгийн түрүүнд санаанд буудаг нь мэдээж. Тэгэхээс ч аргагүй. Учир нь Коби Брайант “Лос-Анжелес Лэйкерс” багт тамирчны бүхий л замналынхаа турш тоглосон.

1996 оны драфтаар “Шарлотт Хорнетс” багт сонгогдсон ч тэр дороо “Лэйкерс”-т нэгдсэнээр түүний амжилтын замнал эхэлсэн юм. NBA-ийн нэг багт 20 жил тоглосон тоглогч хуруу дарам. Түүний дараа Ж.Стоктон, К.Мэлоун, Т.Данкан нар бичигддэг.

ХОЁР: Коби Брайант NBA-ийн таван удаагийн аварга. Мэдээж үүгээрээ Майкл Жорданд хүрэхгүй. Гэхдээ нэгэн цагт тоглож байсан тоглогчдоос түүнтэй эн зэрэгцэх ганцхан тамирчин байдаг нь Т.Данкан.

Коби Брайанттай нэгэн цаг үед өрсөлдөж явсан гол тоглогч болох К.Гарнетт, Д.Новицки нар NBA-д ганцхан удаа түрүүлсэн гээд бодохоор таван удаа аваргын бөгж зүүнэ гэдэг ямар том амжилт вэ гэдгийнх нь илрэл.

ГУРАВ: “Хар Мамба” нэг тоглолтод 81 оноо авсан гэвэл уншигч та итгэхгүй. 51 бус 81 шүү дээ, бүр. Тэгвэл Коби Брайант үнэхээр тийм амжилт гаргасан. Тэрбээр 2006 онд “Торонто Рэпторс”-ын эсрэг 81 оноо авсан. Энэ нь NBA-ийн түүхэнд хоёрт орох үзүүлэлт.

ДӨРӨВ: Сагсан бөмбөгийн тамирчин бүхэн NBA-д тоглохыг тэр тусмаа Бүх оддын тоглолтод оролцохыг мөрөөддөг. Коби Брайант Бүх оддын тоглолтод 18 удаа оролцсон.

Хэрвээ тэрбээр дахиад ганцхан удаа сонгогдон өрсөлдсөн бол эл тоглолтод хамгийн олон удаа сонгогдон, дээд амжилт тогтоосон Карим Абдул-Жаббартай дөрөө холбох байв.

ТАВ: Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарна гэдэг тухайн тамирчны хувьд нэр хүндийн хэрэг. NBA-д онцгойрч яваагийнх нь нэгээхэн илрэл. Коби Брайант Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор дөрвөн удаа тодорсон. Эл амжилтаар Б.Петтиттэй эн зэрэгцдэг.

ЗУРГАА: Хамгаалалтын нэгдүгээр багт есөн удаа шалгарсан. Түүн шиг ийм амжилтыг М.Жордан, К.Гарнетт, Г.Пэйтон нар л гаргаж байжээ.

ДОЛОО: Бэлгэдлийн багт 11 удаа өрсөлдсөн. Коби Брайант үүгээрээ К.Мэлоуны хамт NBA-ийн дээд амжилтыг эзэмшдэг.

НАЙМ: NBA-ийн финалын үнэ цэнэтэй тоглогчоор хоёр удаа тодорсон. Тус шагналыг хамгийн олон удаа хүртсэн тамирчин бол Шакил О’нил, Майкл Жордан, Мэжик Жонсан, Тим Данкан нар. Харин Коби Брайант шиг хоёр удаа хүртсэн хоёр тамирчин байдаг нь Х.Олажювон, Л.Берд нар юм.

https://www.youtube.com/watch?v=Ft-aZWjeJ6U

ЕС: Коби Брайант замналынхаа туршид авсан онооныхоо дунджаар Майкл Жорданыг гүйцэхгүй. Гэхдээ нийт авсан оноогоороо Жорданы өмнө гишгэсэн. Мөн тэрбээр плэй-оффт авсан оноогоороо NBA-ийн түүхэнд гуравдугаарт бичигддэг.

Коби Брайант NBA-д 20 улирал тоглохдоо нийт 1345 тоглолтод оролцож, 11697 довтолгоо амжилттай гүйцэтгэсэн. Улмаар 33583 оноо авч, 1821 холын зайн, 8368 чөлөөт шидэлтийг амжилттай болгосон. Мөн 6302 оновчтой дамжуулалт, 1943 бөмбөг таслалт  гүйцэтгэсэн юм.

АРАВ: “Хар Мамба” 20 жилийн супер замналаа 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд өндөрлүүлж, зодог тайлсан. Тамирчны замналынхаа сүүлчийн тоглолтод “Юта Жазз”-ын эсрэг 60 оноо авч, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button