Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Тусгай хэрэгцээт ясли, цэцэрлэгийн нэг хүүхдийг зөвхөн хооллоход 1-2 цаг зарцуулдаг

ӨӨРИЙГӨӨ ЯЛАХЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

Зүүн гартаа жижигхэн улаан бөмбөг атгасан хүү түүнийгээ хажуу дахь цагаригт хийхээр чармайна. Гар нь чичрэн, хүслийнх нь аясаар хөдлөхгүй байсан ч зорьсондоо хүрэхээр бүхнээ дайчилна. Эхний оролдлого нь бүтсэнгүй. Урамгүйхэн дээшээ харав. Хажууд зогсож байсан багш нь хүүд өнөөх улаан бөмбөгийг дахин атгууллаа. Хүүгийн гар чичирсэн хэвээр. Энэ удаа чадлынхаа хэрээр чанга атгасан ч турь муутайхан гар нь бөмбөгийг хэзээ мөдгүй унагааж мэдэхээр байв. Тэглээ гээд хүү бууж өгсөнгүй. Атгасан бөмбөгөө цагариг руу оруулах гэж таван минут орчим оролдсоны эцэст зорьсондоо хүрлээ. Хүү хөлөө савлан, багш руугаа баяртай нь аргагүй инээмсэглэв. Тусгай хэрэгцээт аравдугаар ясли, цэцэрлэгийн нэгэн ангид Хөдөлгөөн засах эмчилгээ орж байгаа нь энэ.

Төсөв, мөнгөний санхүүжилтийн улмаас барилгын ажил нь долоон жил гацсан X ясли, цэцэрлэгийн байр энэ жил ашиглалтад орж, өчигдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийв. Дөрвөн давхар тус цэцэрлэгийн анги бүхэнд хүүхдүүд бужигнан, багш нар борви бохисхийх завгүй ажиллана. Тус цэцэрлэг 11 ангитай (бага хоёр, дунд, ахлах, бэлтгэл тус бүр гурван ангитай). Анги бүр 13-15 хүүхэдтэй.

ДОЛООН НАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНХ УДАА АВЧЭЭ

Тусгай хэрэгцээт цэцэрлэгт ажиллана гэдэг багш нараас ихээхэн туршлага, тэсвэр тэвчээр, сэтгэл шаардах амаргүй ажил. Өнөө жил тус цэцэрлэгт элссэн, 1-7 насны 165 хүүхдийн хуруу дарам нь л сандал дээр сууж чаддаг. Бусдыг нь тусгай зориулалтын сандал дээр суулгаж, газар хэвтүүлэхээс өөр аргагүй. Өөрийгөө илэрхийлэх чадваргүй, тусгай хэрэгцээт хүүхдүүдийг цаг ямагт харж, хандан, хооллож, бие засуулахаас авхуулаад багш нарын ажил ундарна. Тэглээ гээд тус цэцэрлэгийн багш нар ажилдаа түүртэж, ачаалал, ажиллагаа ихтэй байна гэж гомдоллож байгаагүйг нь эрхлэгч Ц.Мягмаржаргал тодотгосон. X ясли, цэцэрлэг өнөө жил анх удаа анх удаа долоо настай хүүхдүүдийг элсүүлж авснаараа онцлогтой. Өмнө нь зөвхөн 1.5-6 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авдаг байж.

Тус цэцэрлэг Эрүүл мэндийн газрын харьяа 42 дугаар ясли нэртэйгээр анх байгуулагджээ. Улмаар 1996 онд Баянзүрх дүүргийн сувиллын цэцэрлэг, яслийн аравдугаар цогцолбор болон өөрчлөгдөж, тархины саа, тулгуур эрхтэний бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх болжээ. 2018 оноос өнөөгийн БШУЯ-ны харьяанд шилжин, өнөө жил шинээр ашиглалтад орсон барилгадаа тохижоод байгаа нь энэ.

ХАЖУУНААС НЬ ҮРГЭЛЖ ТҮШИХГҮЙ Л БОЛ УНАЖ МЭДНЭ

Нэгэн өрөөнд ороход багш, шавь хоёр газар суун, нэгэн зүйлийг их хичээнгүйлэн давтаж байв. Багш нь олон өнгийн, өөр, өөр дүрстэй тоглоом газар тавьжээ. “За, миний охин бор өнгийн гурвалжин тоглоомыг зөгийний зурагтай, дөрвөлжин тоглоом дээр тавиарай” гэхэд өнөөх охин хичээнгүйлэн хайна. Охин хайж, хайсаар өөр бөмбөг сонгоход “Арай л биш байна. Дахиад сонгоё, хоёулаа” гэв. Охин дахин хайж байгаад дээрээ зөгийний зурагтай, дөрвөлжин тоглоомыг сонгон, гартаа атгав. Багш их баярлан “Ёстой мундаг. Одоо өөр ямар өнгийн тоглоомыг олоорой гэсэн билээ” гэлээ. Багш ийн хичээнгүйлэн давтуулах зуураа нэг гараараа охиныг үргэлж түшиж сууна. Охин сууж чаддаггүй тул унагаахгүй гэсэндээ охиныг хамгаалж байгаа нь энэ.

Ц.МЯГМАРЖАРГАЛ: ШИНЭ БАРИЛГАД ОРСНООР ОРОН ТОО, ХҮЧИН ЧАДАЛ НЭМЭГДСЭН

Тусгай хэрэгтэй X ясли, цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мягмаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан гэдэг утгаараа танай цэцэрлэгийн онцлог, давуу тал их. Шинэ барилгад орсноор танай цэцэрлэгийн хүчин чадал хэр нэмэгдэв?

-Юуны өмнө Монголынхоо боловсролын салбарт ажиллаж буй бүх хүнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Манай цэцэрлэг Захиргаа аж ахуй, Заах аргын нэгдэл буюу багш нарын баг, Сэргээн засах эмчилгээ гэсэн чиглэлээр ажилладаг. Бид хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, сэргээн засах эмчилгээ болон нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлдэг.

Шинэ барилга ашиглалтад орсноор боловсон хүчний орон тоо, хүүхэд хүлээж авах хүчин чадал нэмэгдлээ. Өмнөх жилүүдэд 120 хүүхэд хүлээж авдаг, 42 ажилтантай байсан. Өнөө жил 165 хүүхэд хүлээж авлаа, 110 ажилтантай боллоо. Манай цэцэрлэгийн тавилгын асуудлыг БШУЯ шийдэж өгсөн. Ерөнхий сайддаа, БШУЯ-даа баярлалаа.

-Сэргээн засах эмчилгээний төрлүүдээ нэмэх боломж бий юү?

-Манай цэцэрлэгт АШУҮИС-ийн оюутнууд жил бүр дадлага хийдэг, тус сургуультай хамтран ажиллаад олон жил болж байна. Өнөө жил тус сургуулийн төгсөгчдөөс сонгон шалгаруулалтаар 10 хүүхэд ажилд авсан. Багшлах боловсон хүчнээр 100 хувь хангагдсан. Хэл, ахуй, хөдөлгөөн засал хийж байгаа. Цаашид эдгээр төрлийг нэмэх боломжтой. Тархины саатай, тулгуур эрхтэний гэмтэлтэй хүүхдүүд манай цэцэрлэгт ихэвчлэн явдаг. Улаанбаатар хотын төдийгүй хөдөө орон нутгийн хүүхдүүд ч мөн хамрагддаг.

СҮҮЛИЙН ҮЕИЙН ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖ ДУТМАГ БАЙГАА

-Тусгай хэрэгцээт цэцэрлэг танайхаас өөр бий юү?

-Монгол Улс тусгай хэрэгцээт хоёр цэцэрлэгтэй. Нэг нь манайх, нөгөө нь Сүхбаатар дүүрэгт байрлах 186 дугаар цэцэрлэг. Тусгай хэрэгцээт цэцэрлэг, ясли гээд хосолсноороо анхных.

-Улсаас цаашид хэрхэн анхаарч, дэмжвэл зүгээр байна вэ?

-Ийм сайхан байртай болгож өгсөн нь үнэхээр том дэмжлэг. Хүүхдүүдийнхээ өмнөөс баярлаад баршгүй. Сэргээн засах эмчилгээ тал дээр сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дутмаг, их хэрэгтэй байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүд маань ихэвчлэн газар хэвтэж байдаг болохоор зөөлөн, зузаан гудас хэрэгтэй байдаг. БТСУХ-ны дарга, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц манай цэцэрлэгт таеквондогийн бэлтгэл хийдэг, зориулалтын гудас бэлэглэсэн нь их хэрэг болж байгаа.

-Улсаас өгсөн төсөв та бүхэнд хангалттай хүрдэг үү?

-Гайгүй хүрдэг. Тусгай хэрэгцээт цэцэрлэгт ажилладаг гэдэг утгаараа манай багш нар 30 хувийн нэмэгдэл авдаг.  

Я.ОЮУНЧИМЭГ: ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ УНДАНДАА ОРЖ АМЖААГҮЙ СУУНА

Бид ийн ярилцаад нэгэн ангид орсон Оюунчимэг багшийн анги. Тус анги 15 хүүхэдтэй. Тэднээс сууж чаддаг дөрөв нь ширээ тойрон суужээ.

-Танд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе?.

-Баярлалаа. Есдүгээр сарын 1 болох гээд хэдэн өдрийн өмнөөс яарч, догдоллоо. Ангийнхаа тавилга, байраа цэвэрлэн, бэлтгэлээ бүрэн хангасан.

-Та энд хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?

-26 дахь жилдээ багшилж байна. Шинэ барилгад орсонтой холбогдуулан анх удаа долоо хүртэлх насны хүүхдүүдтэй ажиллаж байна. Долоо хүрээд тусгай сургуульд орох боломж, орчин нөхцөл нь бүрдээгүй хүүхдүүд манайд бий. Манай ангийн ихэнх нь ой гарантайгаасаа манай цэцэрлэгт явсан. Зургаан жил гаруй явж буй хүүхэд цөөнгүй бий. Сургуулийн өмнөх боловсрол бүрэн эзэмшсэн ч сууж сураагүй, тусгай сургууль ийм хүүхдүүдийг авах боломж, нөхцөл бүрдээгүй байгаа. Манай ангид тархины саажилттай хүүхдүүд явдаг. Бүгдийнх нь оюун ухаан эрүүл, юу хэлж байгааг сайн ойлгоно. Дөрвөн мөчний, доод мөчний чангаралтай, хөдөлгөөний саажилттай. Тусгай тэргэнцэр, тусгай сандал дээр суух шаардлагатай хүүхдүүд. Шинэ барилгад ороод ийм анги нээгээд байна. Манай анги 15 хүүхэдтэй. Хүүхэд бүрт ганцаарчилж заадаг.

НЭГ БАГШИД ТАВАН ХҮҮХЭД НООГДДОГ

-Нэг багшид таван хүүхэд ноогдож. Хэр ачаалалтай байна вэ?

-Ачаалал ихтэй. Манай ангид сууж чаддаг дөрвөн хүүхэд бий. Бусад нь тусгай зориулалтын ширээ, сандал дээр суудаг. 15 хүүхэд бид гуравт олдож байна. Бүгдийнх нь хоолыг идүүлнэ, тусгай суултуурт бие засуулахаас авхуулаад ажиллагаа ихтэй.

-Өглөөнөөс хойш тухтай суугаад амсхийх чөлөө гарав уу?

-Бидний ажил өглөө 07.30 минутаас эхэлсэн. Өнөөдөр амсхийх чөлөө ер гарсангүй. Манай анги дөрвөн шинэ хүүхэдтэй. Орчин нөхцөл, хоол, унданд дасгах гээд ажиллагаа орж байна. Эцэг, эхээсээ өөр хүнээр хооллуулах тухайн хүүхдэд бишүүрхээд, дасахгүй байх шиг байна. Өмнө нь явж байсан хүүхдүүд хамаагүй ажиллагаа багатай. Дөрвөн мөчний саажилттай, хүнд хэлбэрийн хүүхэд байсан аль болох багаас нь тусгай хэрэгцээт цэцэрлэгт явуулах их чухал.

-Одоо 16.00 цаг болж байна. Тэгэхээр өглөөнөөс хойш ундандаа орж амжаагүй байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Өнөөдөр ёстой амжсангүй.

-Нэг хүүхдийг хооллоход хэдий хугацаа зарцуулдаг вэ?

-Багадаа нэг цаг, 30 минутаас хоёр цаг зарцуулдаг. Бүгдийг нь гялс хооллохгүй бол хүүхдүүдийн хоол хөрчих гээд байдаг юм. Тийм болохоор гурвуулаа аль болох хүүхдүүдийнхээ хоолыг халуун дээр нь өгөхийг хичээдэг.

ЯПОНЧУУД 1998 ОНД БЭЛЭГЛЭСЭН ТЭРГЭНЦЭРҮҮДИЙГ ОДОО ХҮРТЭЛ ЗАСАЖ, СЭЛБЭЭД ХЭРЭГЛЭЖ БАЙНА

-Танай ангид хамгийн их хэрэгтэй байгаа зүйл юу?

-Зориулалтын тэргэнцэр.

-Одоогоор таван тэргэнцэртэй юм байна. Хангалттай хүрэлцдэггүй нь ойлгомжтой.

-Тийм ээ. Тухайн хүүхдэд зориулсан, тохирсон, биед нь таарсан тэргэнцэр хэрэгтэй. Өдөрт нэг хүүхдийг тэргэнцэрт 5-6 удаа суулгаж, буулгадаг.

-Бүх тэргэнцэр хоорондоо өөр байна. Яг зориулалтынх нь байхгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Одоо тэр (Захын хүүхдийг заав) хүүхдийг хар. Толгой, гар нь унжчихсан байгаа биз. Тухайн хүүхдэд тэргэнцэр нь таараагүй байна гэсэн үг. Байгаа юмнуудаа ашиглаад л сэлбэдэг.1998 онд япончууд бэлэглэсэн тэргэнцэрүүдийн үлдэгдэл нь. Засаж, сэлбэсээр байгаад үлдсэн нь энэ. Засаж, сэлбээд л хэрэглэхээс өөр аргагүй байна.

-Тэгэхээр 1998 онд бэлэглэсэн тэргэнцэрийг одоо хүртэл засаж, сэлбээд хэрэглэж байгаа юм байна, тийм үү?

-Тийм ээ.

Есдүгээр сарын 15-нд ашиглалтад орох усан эмчилгээний өрөө

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-09-02 08:52

хөөрхөн юм бэ их л хөдөлмөр сэтгэл шаардах юм бна

Ээж
Ээж
2020-09-02 09:19

эцэг эхчүүдэд их нэмэр болж дээ

Холбоотой мэдээ

Back to top button