СПОРТ

Допингийн шинжилгээнийх нь хариу гарсны дараа бөхчүүдэд цол олгоё

Жил жилийн улсын наадмын дараа допингийн асуудал олныг талцуулж, шуугиан тарьдаг. “Үнэн хүчээр цол хүртэв үү. Хориотой бодис хэрэглээд дийлдэхгүй байна уу” гэх хардлага наадамчин олны дунд ам дамжин яригддаг. Өнөө жил ч мөн допингийн асуудал үндэсний бөхийн спортынхны “шүдний өвчин” болох нь. Өмнөх жилийн допингийн асуудал шийдэгдээгүй байхад араасаа ундарсан нь байдлыг улам дордуулав. Томоомон цолтой гурван бөхөөс допинг илэрсэн гэж баттай эх сурвалж хэлж буй. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Мэдээж харьяа байгууллагаас албан ёсоор мэдэгдээгүй тул яаран дүгнэх нь өрөөсгөл. Одоо хэн, хэнээс допинг илэрсэнг зарлах нь цаг хугацааны асуудал. За, энэ ч яах вэ. Үндэсний бөхөд гайхах, цочирдох зүйл бараг биш болох нь. Бөхчүүдээс допиг илэрч л байдаг, шийтгэсэн нэр зүүгээд өнгөрдөг болоод удаж буй.

Хамгийн гол нэг бөхөөс допинг илэрлээ гэхэд цолыг нь хураах, барилдах эрхийг хасах эсэх гээд олон асуудал ундардаг. Яагаад гэвэл бөхчүүдийг адилхан шийтгэж, ижилхэн хашраадаггүй. Тунгийн хэмжээнээс нь шалтгаалж, харилцан адилгүй шийтгэл оноодог нь бүр ч их хэл ам дагуулдаг. Хоёр бөхөөс хориотой бодис илэрлээ гэхэд нэгийнх нь цолыг хураагаад, нөгөөгийнх нь барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасаад өнгөрөх нь яав ч шударга бус. За, тэгээд допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрөхгүй шүүхдэлцдэг мода дэлгэрээд буй өнөө цагт бүр ч шударга бус. Энь нь үндэсний бөхийн спортын нэр хүндийг ихэд унагаан, ард олныг бухимдуулж байгаа нь үнэн.

Тиймээс допингийн шинжилгээний хариу гарсных нь дараа бөхчүүдэд цолыг нь олгоё. Улсын наадмаар барилдаад болзол хангангуут нь Ерөнхийлөгчийн зарлигаар шууд тэр өдөр нь бөхчүүд цолыг нь гардуулдаг. Энэ нь өөрөө бөхчүүдийг өөхшүүлээд байх шиг. Монголчууд үндэсний бөхөө яаж дэмжиж, хайрладаг билээ. Сумандаа түргэний машингүй мөртлөө түрүүлсэн, шинэ цол авсан бөхдөө юугаа ч хайрладаггүй шүү дээ. Бөхчүүд харин олны энэ их хайр, хүндлэлийг хангалттай дааж байгаа бил үү. Төрөл төрөгсөд, нутгийн зон олон, дэмждэг компани нь цол авсан бөхдөө байр, машинаас авхуулаад бэлгийн цуваа хөврүүлдэг. Гэтэл өнөөх бөхөөс нь допинг илэрлээ гэхэд буцааж авъя гэлтэй нь биш хаана хаанаа хүнд байдалд ордог шүү дээ.

“Допинг илэрвэл хөөцөлдөж байгаад барилдах эрхээ хасуулчихъя. Цолтойгоо үлдчихнэ. Аз таараад баригдахгүй байх ч юм бил үү” гэж бөхчүүд азаа үзээд байх шиг. Допингийн асуудал томоохон сүлжээ болсон, зарим бөхийн шинжилгээний хариуг нуугаад өнгөрдөг гэх хардлага олны дунд бий. Хэрвээ шинжилгээний хариу нь гарсны дараа цолыг нь олговол ийм хэл ам гарахгүй, бөхчүүд азаа үзэхгүй. Нутгийн зөвлөл, дэмждэг компани, төрөл төрөгсөд нь шинэ цолтныхоо амжилтыг хэзээ ч мялааж, цолных нь найрыг хийж болно шүү дээ. Коронавирусийн халдвартай байгаа өнөө цагт энэ жил шинэ цол авсан бөхчүүдийн олонх нь цолныхоо мялаалгийг хийхгүй, хүлээгээд болоод л байна. Энэ ерөөсөө асуудал биш. Шинжилгээнийх нь хариу гарсны дараа цолных нь найрыг хийвэл тухайн бөх нь ч маадгар суух бус уу. Нутгийнхан нь ч “Манай тэрнээс хориотой бодис илэрчих вий” гэж өмнөөс нь хулгаж суухгүй амар.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-12 13:41

Наад сан�##�аа Олон улсын олимпийн хороонд хэлээч

Холбоотой мэдээ

Back to top button