СПОРТЯрилцлага

54 насандаа дээд лигийн тоглолтод оролцсон Х.Оюунбилэг: Олны анхаарлыг ингэж татна гэж үнэндээ төсөөлөөгүй

Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд лигийн нэгэн тоглолтод “Сумида Жипро” багийн хамгаалагч Хандсүрэнгийн Оюунбилэг 54 насандаа оролцсон нь Монголын төдийгүй дэлхийн спортын хорхойтнуудын талархлыг хүлээж, сонирхлыг нь татав. Одоогийн байдлаар Японы “Споничи” сонин, “Eurofootball” сайт түүнийг онцлоод буй. Түүгээр ч үл барам спортын мастер Х.Оюунбилэгийн гарын үсэгтэй өмсгөлийг авах хүсэлт Шведээс ирсэн гэнэ. 54 настайдаа талбайд гарч, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулсан түүнтэй ярилцлаа.

ДЭЭД ЛИГИЙН ТОГЛОЛТОД АНХ УДАА ОРОЛЦСОН

-Дээд лигийн тоглолтод 54 насандаа оролцсон тань олон хүний сонирхлыг татаж байна. Талбайд гарах боломж хэрхэн олдов?

-Би “Сумида Жипро” багийнхаа гуравдугаар хаалгач. Энэ жил манай тав, зургаан тоглогч гэмтэлтэй байгаа. Сэлгээ дутаад тохиолдлоор намайг тоглуулсан юм. Үнэндээ санамсаргүй байдлаар өрсөлдсөн. Ингэж олны анхаарлыг татна, гадаадын хэвлэлүүд онцолно гэж үнэндээ төсөөлөөгүй. Би “Эрчим” багийнхантай хамт ахмадын ангиллын тэмцээнд оролцдог. Тэгдэг маань их нөлөөллөө.

-Та 1996 онд зодог тайлсан. Тэгэхээр дээд лигийн тэмцээнд анх удаа оролцов уу?

-Тэгсэн. 1996 онд “Монголын цом”-оос мөнгөн медаль хүртсэнээсээ хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөөгүй. Түүнээс хойш сонирхогчдын, ахмадын ангиллын тэмцээнд хүч үзсээр өдий хүрсэн юм.

-Монголын хамгийн том тэмцээнд өдий насандаа хүч сориход ямар байв?

-Өө, ямар байх вэ дээ. Бусад тэмцээнд оролцдог шиг л байсан. Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд сонирхогчдын, ахмадын тэмцээнүүд болдог. Тиймээс догдлоогүй, сандраагүй ээ.

-Үндэсний дээд лиг, Монголын өнөө цагийн бүх шилдгүүд өрсөлдөж буй гэдэг утгаараа өөр санагдаагүй юу?

-Ерөөсөө өөр санагдаагүй, бусад тэмцээнд оролцож байгаа юм шиг л байсан. Хөлбөмбөгчин бүхэн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтах, үндэсний дээд лигт өрсөлдөхийг мөрөөддөг. Гэхдээ миний мөрөөдөл тийм байгаагүй. Би азаар түүндээ хүрсэн шүү.

БАГ БАЙГУУЛААД ДЭЭД ЛИГТ ӨРСӨЛДҮҮЛЭХ МӨРӨӨДӨЛДӨӨ 2018 ОНД ХҮРСЭН

-Та ямар мөрөөдөлтэй байв. Нууц биш бол сонирхуулж болох уу?

-Бололгүй яах вэ, юуг нь нуух вэ. Би баг байгуулаад, дээд лигт өрсөлдүүлэхийг мөрөөддөг байв. Түүндээ хүрэхийн тулд хэдэн найзууд (Бүрнээ, С.Энхбат, Энхбаатар, Энэбаатар)-ынхаа хамт “Жипро” багийг 2012 онд байгуулсан. Бидэнд “Эрчим” клубийнхэн их тусласаар ирсэн. Уйгагүй зүтгэн, хөдөлмөрлөсний хүчинд баг маань 2018 онд дээд лигт дэвшин, өрсөлдсөн. Тэгэхэд миний мөрөөдөл биелсэн юм. Харамсалтай нь, өнгөрсөн жил доод лиг рүү унасан. Улмаар нэгдүгээр лигт түрүүлснээр үндэсний дээд лигт дахин оролцох болзол ханган, одоо ид өрсөлдөж байна. “Жипро” багтай “Эрчим” салшгүй холбоотой. 2018 онд, энэ жил “Сумида Жипро” багаа бүрдүүлэн, дээд лигт өрсөлдүүлэхэд “Эрчим” клуб их тусласан.

-Танай баг 2018 онд дээд лигт дэвшин хүч сориход та яагаад тоглоогүй юм бэ?

-Намайг талбайд гаргах, тоглуулах эсэхийг би бус дасгалжуулагч л мэднэ. Үүний сацуу тэр жил би төдийгүй манай найзууд “Жипро” багийн Удирдах зөвлөлд багтан, арын албыг нь хариуцаж байв. Энэ жил би багийнхаа бүрэлдэхүүнд багтсан. Гуравдугаар хаалгач болохоор талбайд гарах боломж төдийлөн гарахгүй байв.

ДАСГАЛЖУУЛАГЧ ЗӨВШӨӨРВӨЛ ДЭЭД ЛИГТ ДАХИАД ТОГЛОНО

-Хэрвээ дахин боломж гарвал дээд лигт өрсөлдөх үү?

-Дасгалжуулагч хэрвээ надад боломж олговол би чанга атгахыг хичээнэ. Хэрвээ тэгэхгүй бол “Би талбайд гармаар байна. Надад боломж олго” энэ тэр гэхгүй. Тэгэх утгагүй. Дасгалжуулагчаа хүндэлнэ, шийдвэрийг нь хүндэтгэнэ.

-Ер нь энэ талаар дасгалжуулагчтайгаа ярилцсан уу?

-Ярилцаагүй ээ. Би өөрөө багийнхаа бэлтгэлд хааяа нэг очдог болохоор “Намайг дахиж тоглуулах юм уу” гэж асуултай нь биш. Муухай шүү дээ.

-Танаас ахмад насандаа дээд лигийн тоглолтод оролцсон монгол хөлбөмбөгчин байдаг болов уу?

-Ёстой мэдэхгүй байна. Байдаг байлгүй дээ. Миний үеийн мундаг, мундаг тамирчин олон бий.

-Таныг гадаадын цөөнгүй хэвлэл онцолсон байна лээ. Та уншсан уу?

-Уншсан, уншсан. Манай найзууд фэйсбүүктээ баахан шэйрлэсэн байна лээ. Олны анхаарлыг ингэж татна гэж үнэндээ төсөөлөөгүй. Ерөөсөө аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр, тууштай зүтгэхэд үр шимийг нь заавал хүртдэг юм байна. Багтай болох, дээд лигт өрсөлдүүлэх мөрөөдөл минь биелсэн. Одоо баг маань дээд лигт хүч сорьж байна. Би 2015 онд спортын мастер болсон. Хөлбөмбөгийн спортод бүхнээ зориулан, зүтгэж яваагийнхаа үр шимийг хүртэж суун аа, ах нь.

ГАРЫН ҮСЭГТЭЙ ӨМСГӨЛИЙГ МААНЬ АВАХ ХҮСЭЛТ ШВЕДЭЭС ИРСЭН ЭСЭХИЙГ БИ МЭДЭХГҮЙ

-Гарын үсэгтэй өмсгөлийг тань авах хүсэлт Шведээс ирсэн гэсэн. Тантай холбогдсон уу?

-(Инээв) Энэ талаар ёстой мэдэхгүй. Надтай одоохондоо холбоо барьсан, хүсэлт гаргасан хүн алга.

-Та өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ тогтмол хийдэг байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Хэрвээ тэгээгүй бол дасгалжуулагч намайг сэлгээгээр талбайд гаргая гэхэд тэр боломжийг ашиглаж чадахгүй байсан шүү дээ. Би долоо хоногт гурван удаа “Эрчим” багийнхныхаа хамт тэмцээнд оролцдог, бэлтгэлээ тогтмол хийдэг.

БИ БАГИЙНХАА МЕНЕЖЕР ТОГЛОГЧ НЬ

-Одоо та багтаа ямар албан тушаал хашдаг вэ?

-Менежер тоглогч. Багийн бүрэлдэхүүнд энэ жил миний нэр багтсан.

-“Жипро” өнгөрсөн жилээс нэрээ өөрчилсөн. Ивээн тэтгэгч байгууллага солигдсонтой холбоотой юу?

-Тийм ээ. Бид өнгөрсөн жил ивээн тэтгэгчгүй болоод нэлээд сандарсан. Багийн спортод ивээн тэтгэгч үнэхээр чухал. Тиймээс бид “Сумида”-тай нийлэн, багийнхаа нэрийг “Сумида Жипро” болгон өөрчилсөн юм.

ӨСВӨРИЙН ЭМЭГТЭЙ БАГТАЙ АЖИЛЛАЖ ҮЗЭХ ХҮСЭЛТЭЙ

2012 онд.

-Та ахмадын ангиллын тэмцээнд “Эрчим” клубээс өрсөлддөг гэсэн. Та хэд одоогоор ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Манай “Эрчим” баг өнгөрсөн жил насныхаа ангиллын бүх тэмцээнд түрүүлсэн. Би Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Намайг гурван настай байхад манайх Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. 15 настайдаа хөлбөмбөг тоглож сурсан. Анхны багш маань “Замчин”-ы Түмэнбаяр дасгалжуулагч. 1996 онд “Отгон од” клубийнхнийхээ хамт “Монголын цом”-оос мөнгөн медаль хүртэн, 2000 хэдэн онд билээ байз “Дельта” багийнхны хамт сонирхогчдын УАШТ-д түрүүлж, “Боргио” цомоос гурван удаа хүрэл медаль авсан.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Өсвөрийн эмэгтэй багтай ажиллаж үзэх хүсэлтэй. Мэдээж тэгэхийн тулд хамгийн гол асуудал нь ивээн тэтгэгч. Ивээн тэтгэгч л олдчихвол эмэгтэй багтай ажиллаад, амжилтад хүргэхийн төлөө зүтгэмээр байна. Танай сайтаар дамжуулан намайг үргэлж дэмждэг “Сүмида Жипро”, “Эрчим” клубийнхээ хамт олон, удирдлага, тамирчдад баярлаж явдгаа илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хамар ганболд
Хамар ганболд
2020-09-17 01:10

Сайн байна...спортлог сайхан хүн байна. Эрүүл энхийг хүсэн ерөөе!

Зочин
Зочин
2020-09-27 10:45

Jinhene hogiin s#a nas nambagui hun gemteeh gej toglodog zaluu huuhduudiig dandaa gemteej yavdag teriigee goyo geed bodson g###g

Холбоотой мэдээ

Back to top button