Нийгмийн

Монгол тулаанчийн ур чадварыг дэлхийд гайхуулсан “Чингисийн цавчилт”

“Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг” хэмээх үгийг холимог тулааны “Legend FC”, “One championship” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хэлэх дуртай. Тулааныхаа өмнө гурвантаа уухайлан омогших дуртай түүнийг манай уншигчид “Чингисийн цавчилт” хочоор нь андахгүй. Тулааны спортын төлөө гэсэн чин сэтгэл, даруухан төрх, ухаалаг яриагаараа бусад тулаанчаас эрс ялгардаг тэрбээр ялалтдаа хэзээ ч эрдэж “Би” гэж онгирдоггүй, өөрийгөө дөвийлгөдөггүй. Үүгээрээ ч спорт сонирхогчдын хайр, хүндлэлийг улам хүлээдэг.

ТУЛААНЫ СПОРТЫН МЭНДЭЛСЭН АНХНЫ ГАВЬЯАТ ТАМИРЧИН

Дуудах нэрийг эцэг эх, дуурсагдах алдрыг өөрөө олдог хэмээх ардын зүйр үгийн бодит биелэл болж, өөрийгөө төдийгүй эх орон, эзэн Чингис хаанаа дэлхийн дэвжээнд дуурсгаж яваа Ж.Нарантунгалагийн олон жилийн нөр их хөдөлмөрийг төр үнэлж, гавьяат тамирчин цолоор 2016 онд шагнасан. Тэрээр тийнхүү Монголын тулааны спортын түүхэн дэх хамгийн анхны гавьяат тамирчин болсон юм.

Гавьяат болсон баярт мөчөөс нь хуваалцахаар уулзахад “Өнөөдөр их сайхан дулаахан, нарлаг өдөр байна. Ийм сайхан өдөр гавьяат цол хүртэх учиртай байжээ. Шагналын арга хэмжээ үргэлжлээд, бэлтгэл тасалдчих гээд байхаар нь өглөө 7.00 цагт босч, бэлтгэлээ базаачихаад ирсэн. Гавьяат цолтой хамт надад маш том үүрэг, хариуцлага ноогдож байгаа. Улам их хичээх урмыг энэ шагналаас авлаа” гэж даруухан хэлсэн юм. Гавьяат цолоо гардаж авах гэж байгаа юм чинь ганц өдрийн бэлтгэл яах вэ гэж цалгардуулахгүй явсан нь түүний амжилтын үндэс байж ч мэднэ.

ТҮҮНД “ЧИНГИСИЙН ЦАВЧИЛТ” ХОЧИЙГ Д.ДАГВАДОРЖ АВАРГА ӨГСӨН

Багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, каратэ, бокс зэрэг олон спортоор хичээллэдэг байсан ч аль нь ч түүний сэтгэлийг тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг. 2003 онд Монголд болсон холимог тулааны “Mongolia fighting” тэмцээний -93 кг-д түрүүлж, амжилтаа салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ.

Олон хүний хараанд өртөж, ирээдүйд их юм дуулгахаа харуулж эхэлсэн түүнийг дараа жил нь Японы нэгэн дасгалжуулагч “К-1”-д тулалдахыг урьснаар тулааны урлаг дахь их амжилтынх нь үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр тус холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ “Чингисийн цавчилт” хэмээн алдаршсан цохилтоо хийсэн билээ. Тэр тулааныг үзэж байсан нэгэн үзэгч Д.Дагвадорж аваргаас “Би өмнө нь ийм өшиглөлт ер үзээгүй. Ямар нэртэй өшиглөлт вэ. Монгол өшиглөлт үү” хэмээн гайхан асуухад нь “Тийм ээ, Монгол өшиглөлт. “Чингисийн цавчилт” хэмээн хариулсан гэдэг. Ж.Нарантунгалаг гавьяатыг “Чингисийн цавчилт” гэж хочлох болсон түүх нь ийм. Тэр үеэс өнөөг хүртэлх хугацаанд “Чингисийн цавчилт” гэдэг хоч эцэг, эхийнх нь өгсөн нэрнээс дутахгүй дуудагдсаар явна. Японы “Сони” корпораци түүний “Чингисийн цавчилт” цохилтыг нь нэгэн тоглоомондоо оруулсан байдаг.

“LEGEND FC” ХОЛБООНЫ ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

Ж.Нарантунгалаг “К-1” холбоонд кикбоксын дүрмээр 10 тулаан хийснээс зургаад нь ялсан юм. Харамсалтай нь тус холбоо 2010 онд татан буугджээ. Ийнхүү өөр холбоонд хүч сорихоос өөр аргагүй болсон Ж.Нарантунгалаг холимог тулааны “Legend FC”-д 2011 онд хөл тавьсан.

Эрсдэл, хэцүү бэрхэд өөрийгөө сорих дуртай “Чингисийн цавчилт” хоёрхон сарын дараа тус холбооны аваргын төлөө Адриан Пэнийг “цавчиж”, дэлхийн аварга болсон юм. Түүний амжилт үргэлж дардан байгаагүй. 2013 онд аваргын бүсээ хамгаалах тулаанаа Японы Кожи Андотой хийхдээ хөлөө хугалжээ. Хүнд бэртэхийн сацуу аварга цолоо алдав. , Мөрний бэртэлтэй байхдаа уг тоглолтод оролцсон, тулаан хийлгүй их удсан байсан нь түүний амжилтад чамгүй их нөлөөлсөн гэдэг.

ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭРЭЭС “ONE CHAMPIONSHIP”-Т

Ж.Нарантунгалаг: Миний зорилго тийм том биш

Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч “Дахин тулаан хийх боломжгүй” гэж хэлж. Бүр зарим найз нь эдгэснийхээ дараа юу хийхээ төлөвлө гээд ажлын санал хүртэл тавьж байсан гэнэ лээ. Гэхдээ саад бэрхшээл, бэртэл гэмтэл ч түүнийг өмнөө сөхрүүлж чадаагүй. “Чингисийн цавчилт” жил гаруй хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрсэн юм.

Тулааны спортод хайртай, энэ спортын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа Ж.Нарантунгалаг бүхнийг дахин шинээр эхүүлсэн нь дэлхийд чансаагаараа гуравт эрэмбэлэгдэж буй “One Championship” холбоо. “Чингисийн цавчилт” тус холбоонд 2014 оны тавдугаар сараас хойш тулалдаж байна. 

ONE CHAMPIONSHIP ХОЛБООНЫ ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСИЙГ ЗҮҮВ

Тэрбээр “One championship” холбоонд хөл тавиад эхний тулаандаа экс аварга Филиппиний Х.Банариог ялж, чансаа ахиулах тоглолтоо ОХУ-ын “Mix Fight” хэмээх торон доторх тулааны дэлхийн аварга асан М.Капановтой хийх тов гарсан юм. Харин тэр үед аварга байсан Японы Кожи Ойшитой тоглох учиртай байсан Эрик Кили “Бэлтгэлээ хангалттай базаагаагүй” гэсэн шалтгаанаар тулалдахаас татгалзжээ. Ийнхүү “Чингисийн цавчилт” шууд К.Ойшитой тус оны наймдугаар сард тулалдаж, дэлхийн аварга болсон юм.

САНАСНААР БОЛООГҮЙ БОЛОМЖУУД…

ТУЛААН: Ж.Нарантунгалаг “Дэлхийн аварга” цолоо эргүүлэн авч чадах уу?

Ж.Нарантунгалаг аваргын бүсээ хамгаалах тулаанаа “Кобра” хочит, ОХУ-ын тамирчин М.Гафуровтой 2015 оны сүүлчээр хийж, боох мэхээр дийлдсэн. Хэдийгээр ялагдсан ч эцсийн мөч хүртэл бууж өгөөгүйгээр нь спорт сонирхогчид бахархаж байгаа нь мэдээж.

Би лав боох мэхэнд орчихоод ухаан алдталаа тэвчсэн түүн шиг тамирчинг тун цөөхөн харсан.  UFC-гийн супер од Конор МакГрегор л гэхэд нэг удаа Нейт Диаст боолгонгуутаа л буугаад өгчихсөнг манай уншигчид санаж байгаа нь лавтай.

Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөөх тулаанд ялагдлаа

Ж.Нарантунгалаг дараа нь чансаа ахиулах тулаандаа Ямамото армийн толгойлогч”, “Мистер тохой”, “No Face” зэрэг хочтой, БНСУ-ын Бокү Коотэцү, Филиппинийн Эрик Келли нарыг ялж, М.Гафуровоос даагаа нэхэх боломжоос лавхан атгав. Харамсалтай нь, “Чингисийн цавчилт” боломжоо ашиглан, аваргын бүсээ эргүүлж авч чадаагүй.

Narantungalag Jadambaa – Bức tường thành thách thức Martin Nguyễn tại Root  Of Honor

Тэрбээр дахиад л бүхнийг шинээр эхлүүллээ. Чансаагаа дахиад доороос нь ахиулсаар Эдвард Келли, Казуки нарыг ялсан. Энэ хооронд “Кобра” Вьетнамын тамирчин Мартин Нгуенд аваргын бүсээ алдав. Ингэснээр тэрбээр аваргын бүсээ эргүүлэн авахын тулд М.Гафуровыг бус Вьетнам аваргыг ялах шаардлагатай боллоо. “Чингисийн цавчилт” уйгагүй зүтгэсээр ямартай ч аваргын төлөө өрсөлдөх эрх авсан. Аварга цолоо эргүүлэн авахад ганцхан даваа үлдлээ. Харамсалтай нь, мөн л гавьяатын санаснаар болоогүй. М.Нгуен аваргын бүсээ хамгаалснаар Ж.Нарантунгалаг гавьяат бүхнийг дахиад л шинээр эхлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Тулааны дарга М.Нгуен “Тунгаа бол тулааны спортын домог” гэж тодотгосон удаатай.

Өдгөө 45 настай Ж.Нарантунгалаг 2019 оны дөрөвдүгээр сард дэлхийн аваргын төлөө Н.Гуентэй хүч сорьсноос хойш дахиж тулалдаагүй. “Чингисийн цавчилт” холимог тулаанаар хичээллэхийн зэрэгцээ зөвхөн өөрийгөө төдийгүй олон зуун шавь нараа амжилт өөд мацуулж явна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

4 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button