Хууль бусаар янгир агнасан иргэнийг баривчилжээ

Ховд аймгийн Дуут сумын иргэн Г энэ сарын 19-нд янгир агнасныг тус аймаг дахь Цагдаагийн газар илрүүлэн, шалгаж байна. ЦЕГ-аас улсын хэмжээнд “Мал мах” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй аж. Үүний хүрээнд хийж буй хяналт шалгалтаар уг хэргийг илрүүлжээ.
Хууль бусаар ан агнавал Эрүүгийн хуулийн 24.5.1-д “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.