Сошиал трэндУЛС ТӨР

“Худал мэдээлэл тараагч” гэж шүүмжлүүлсэн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар өөрсдийгөө өмөөрөв

Нөхцөл байдал нааштай байвал энэ долоо хоногт Улаанбаатар хотын иргэдийг нэг удаа нийслэлээс гаргахаар болсон талаар МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар цахим хуудсандаа мэдээлсэн. Өнөөдөр УОК хуралдахдаа “Бүрэн бус мэдээлэл иргэдэд цацахгүй байхыг УИХ-ын гишүүдэд анхаарууллаа” гэсэн.

No description available.

“Иргэдэд худал мэдээлэл тараалаа” гэж шүүмжлүүлсэн тэд өөрсдийгөө ингэж өмөөрчээ.  

Д.Тогтохсүрэн “Худал мэдээлэл тараагч” гэж хэвлэлүүдээр гарч буйд хариулт өгье.  

COVID 19-ын дэгдэлттэй холбоотойгоор улс орон даяар хөл хорио тогтоосон энэ үед орон нутгаас нийслэлд ирээд хоригдчихсон иргэдэд маш олон хүндрэл бэрхшээл тулгарч байна. Орон нутгийн иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдэд хандаж, ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсч буй тул энэ асуудалд анхаарах хэрэгтэй гэж манай бүлгийн гишүүд удаа дараалан санал тавьсан.

Бид дээрх хүсэлтийн дагуу “Тэдгээр иргэдийг нэг удаа гаргах ажлыг зохион байгуулмаар байна” гэж УОК-т санал тавьсан. УОК асуудлыг судлаад “нөхцөл байдал одоогийн түвшингээс хүндрэхгүй бол ирэх Лхагва гарагт буюу энэ сарын 18-ны өдрөөс хөдөөнөөс нийслэлд ирээд гацсан иргэдийг нэг удаа гаргах ажлыг тодорхой хяналт, шинжилгээ, нарийвчилсан журам гаргаад гаргахаар ярилцаж байгаа” гэсэн хариу өгсөн.

Тэр хариуг бүлгийн гишүүддээ мэдээлж, өөрийн цахим хаягаар иргэдэд мэдээлсэн. Гэтэл өнөөдөр худал мэдээлэл тараагч гээд “цоллоод” эхэлжээ.

Халдварын дэгдэлттэй энэ цаг үед үүсч байгаа аливаа асуудал бэрхшээлийг даван туулж гарах нь хамгийн чухал. УОК-т тавьсан санал, ирсэн хариуны дагуу нийслэлд ирээд гацчихсан иргэдийг нарийн дүрэм журам, хяналт, шинжилгээ хийж өрх гэрт нь буцаах нь цөөнгүй иргэд, өрх гэрийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэнэ. Хотод ирээд байрлах газар байхгүй, буцаж чадахгүй машиндаа хоноглож, аргаа барж байгаа олон иргэдийн хүсэлт бий.

Иймд бид чи, би-гээ дуудалцахаас илүүтэй энэ асуудалд гарц шийдэлд хүрэх нь чухал. Өчигдөр бидэнд ирүүлсэн хариуныхаа дагуу УОК-ыг хотод гацсан иргэддээ анхаарал хандуулж, боломжит байдлаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

Тодорхой шийдэлд хүрч байж, Нийслэлд гацсан иргэд хүлээцтэй тайван байна. Ямар нэг нууц, далд хэлбэрээр орон нутгаа зорихгүй, хяналт шинжилгээний хүрээнд асуудалд хандана шүү дээ” гэжээ.

Мөн УИХ-ын С.Бямбацогт “УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлөх, тэдний дуу хоолойг төрд хүргэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй.

Миний ээжээс авахуулаад Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэд, хөдөө ажлаар явж байгаад Улаанбаатар руу гэртээ харьж чадахгүй байгаа хотын иргэд гэр гэртээ харих хүсэлтийг маш ихээр тавьж байгаа түүнийг УОК-т УИХ дахь намын бүлгээрээ дамжуулж хүргэсэн, УОК-с өгсөн хариултыг олон нийтийн сүлжээнд тавьсан.

Иргэдийн хүсэлтийг илэрхийлж,тэдний эрх ашгийн төлөө дуугарч, УОК-ын өгсөн хариуг дамжуулсны төлөө худал мэдээлэл тараагч болно гэж бодохгүй байна.

Хүлээцтэй байцгааж, хүнд цаг үеийг хамтдаа туулья” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button