Нийгмийн

115 танхим зориулалтын тоног төхөөрөмжгүй учир шүүх хуралдааныг цахимаар хийх боломжгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1185 тоот "Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүргүүлэв.

Уг албан бичигт “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд уг тогтоолд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй ажиллуулахаар заажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүх болон анхан болон давж заалдах шатны шүүхүүдтэй хамтран цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг цахимаар явуулах журмыг баталж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Гэвч Монгол Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүх нийт 126 гаруй танхимд шүүх хуралдааныг явуулж байгаагаас 115 танхим нь цахимаар шүүх хуралдаан явуулах зориулалтын техник, тоног төхөөрөмжгүй байгаагаас шалтгаалан одоогоор дийлэнх шүүх хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй юм.

Түүнчлэн бүх шатны шүүх нь шүүн таслах ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах үүднээс нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хэргийн оролцогчийн биечлэн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжтой шүүх хуралдааныг явуулж байгаа хэдий ч олон оролцогч бүхий шүүх хуралдааныг явуулахад дараах хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, нийслэл дэх анхан шатны нэг шүүх өдөрт дунджаар 15 орчим шүүх хуралдаан товлож, нэг шүүх хуралдаан нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч зэрэг 10 ба түүнээс дээш, зарим тохиолдолд 100 орчим оролцогчтойгоор явагддаг, шүүх хуралдааны танхим нь 25-50 м.кв талбайтай, агааржуулалт муу зэрэг нөхцөл байдлын улмаас коронавируст халдвар тархах эрсдэл өндөр байгаа тул олон оролцогч бүхий шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд цахим хэлбэрээр явуулах боломжгүй болон олон оролцогч бүхий шүүх хуралдааныг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж, чиглэл ирүүлэхийг хүсье.” гэжээ.

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button