НийгмийнЯРИЛЦЛАГА

Б.Буджаргал: Түрүүлэхдээ зургаан хоногт 787 км зам туулсан минь чамлах амжилт

-Би 10 хоногт 1300, зургаан өдөрт 800 км гүйж байгаа нь бахдам амжилт шүү дээ, уг нь-

Уншигч та зургаан хоногийн дотор хэдэн км зам туулж чадах вэ. Тэдэн зуун км туулна гэх нь битгий хэл зургаан хоногийн турш гүйнэ гээд төсөөлөхөд ч бэрх байгаа биз. Тэгвэл монгол тамирчин зургаан хоногийн хугацаанд 787 км гүйн түрүүлж, түүгээр ч үл барам АНУын Флоридад болсон тэмцээний дээд амжилтыг 17 кмээр ахиулсан гэвэл итгэх үү. Эл бахдам амжилтын эзэн бол Бямбаагийн Буджаргал. Дэлхийн хэмжээний тэмцээнээс тав дахь түрүүгээ хүртсэн түүнтэй цахим хаягаар нь холбогдон ярилцлаа.

Тэрбээр 2017 онд “Self-tran-scendence USA open” тэмцээнд хурд сорихдоо 10 өдөр буюу 240 цагийн хугацаанд 1189.3 км гүйн, түрүүлсэн. Түүний туулсан зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хүрэхтэй тэнцэнэ гээд бодохоор туршиж үзэх нь байтугай төсөөлөхөд ч тун бэрх. Тэгэхдээ Б.Буджаргал тус тэмцээнд түрүүлсэн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.

ФЛОРИДАГИЙН ТЭМЦЭЭНИЙ ДЭЭД АМЖИЛТЫГ 17 КМ-ЭЭР АХИУЛЛАА

Юуны өмнө олон улсын тэмцээнээс тав дахь түрүүгээ хүртсэнд тань баяр хүргэе. Таныг бараг унтаж, амарчихсан байгаа болов уу гэж бодлоо. Ашгүй унтаагүй байж.

-Баярлалаа. Би эндэхийн цагаар өнөө өглөө 09.00 цагт барианд орсон. Монголын цагаар өчигдөр оройны 22.00 цаг орчимд. Одоо АНУ-д 19.00 цаг болж байна.

 Би энэ тэмцээнд оролцохын тулд Тайландаас шууд АНУ-ын Флоридад ирлээ. 10 дахь тэмцээндээ хурд сорин, тав дахиа түрүүлсэндээ баяртай байна. Флорида мужид долоо дахь жилдээ болсон “Icarus Florida Ultrafest USA 6” тэмцээнд анх удаа өрсөлдлөө. Эл тэмцээний дээд амжилтыг 17 км-ээр ахиулан, шинэчиллээ.

Энэ удаагийн тэмцээн өмнөхөөсөө юугаараа өвөрмөц, онцлогтой байв. Уралдааны зам, цаг агаарын нөхцөл ямархуу байв?

-Ерөнхийдөө бусад тэмцээнтэй ойролцоо. Уралдааны зам өгсүүр, уруу ихтэй, гэрэлтүүлэг муутай юм байна. Тэмцээний зохион байгуулалт, шүүлттэй юу ярих вэ. Яг л мэргэжлийн хэмжээнд, олон улсын стандартын дагуу. Тамирчдын хөлд чип суулгадаг. Алхам бүрээр тэдэн км туулж буйг нь хянадаг.

Бэлтгэл сайтай байсан болохоор түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Ер нь тэмцээний эхний өдрөөс л өрсөлдөгчдөөсөө тасрах, манлайлахаар төлөвлөсөн. Үүнийхээ дагуу уралдлаа. Тэмцээний эхний өдөр, 24 цагийн хугацаанд 190 км гүйн, ард яваа тамирчнаасаа 50 км-ээр тасарсан. Хоёр дахь өдөр ардаа, хоёрдугаар байрт яваа тамирчнаас 100 км-ээр тасарч, үүнийгээ хадгалж уралдсаар түрүүллээ.

ЗУРГААН ХОНОГТ 787 КМ ТУУЛСАН МИНЬ ЧАМЛАХ АМЖИЛТ

-Тэмцээний үеэр таны хөл цэврүүтсэн. Гүйхэд, уралдааныхаа замыг дуусгахад нэлээд хүндрэлтэй, зовиуртай байв уу?

-Тэглээ, амаргүй байлаа. Тэмцээний хоёр дахь өдрөөс хөл цэврүүтэн, их зовиурласан. Ёстой шүд зуун, гүрийсээр байгаад л тэмцээнээ дуусгалаа. Өмнөх тэмцээнүүдийн үеэр ч мөн ингэж цэврүүтэж байсан. Аль сайн гэсэн бүхнийг л хэрэглэдэг, хөлөндөө түрхдэг.

Та түрүүлэхийн сацуу “Гүйлтийн Бурхан” гэгддэг Янис Куросын тогтоосон дэлхийн дээд амжилтыг шинэчлэх зорилготой өрсөлдсөн. 787 км туулсан нь боломжийн амжилт уу, чамлах амжилт уу?

-Үнэндээ зургаан хоногийн дотор 787 км туулсан минь чамлах амжилт. БНХАУ-д болсон зургаан хоногийн тэмцээнд түрүүлэхдээ 834 км гүйсэн. Тэр амжилтаа давтаж, ахиулж чадсангүй.

Үүнд хөлний зовиур нь хэр их сөргөөр нөлөөлөв?

-Хөл цэврүүтсэнээс гадна нар, агаарын температурын өөрчлөлт амжилтад их нөлөөллөө. Бороо орохын өмнө болон дараа нь агаар бүгчим болоод, амьсгалахад хүртэл төвөгтэй байдаг юм байна. Би говийн хүн. Угалзтай зүйрлэж болмоор санагдлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ НАДТАЙ ХОЛБОГДОН, АМЖИЛТ ХҮСЭХЭД НЬ ҮНЭХЭЭР ИХ УРАМ АВСАН

Тэмцээний үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тантай утсаар холбогдон, амжилт хүссэн. Та их урам авсан байх.

-Тэгэлгүй яах вэ. Ерөнхийлөгчийг надтай холбогдоно гэж ёстой төсөөлөөгүй. Тэмцээний үеэр таван монгол иргэн надад тусласан. Надад төдийгүй тэдэнд минь их урам өглөө.

Та ер нь ямар тактикаар уралдав. Өдөрт хэдэн цаг унтаж амрав?

-Эхний хоёр өдөр унтаж чадаагүй. 20 минут зүүрмэглэсэн үү яасан. Уралдаж байх үеэр нойр хүрээд. Яг унтах гэхээр хулжчихаад байсан юм. Дунджилаад бодоход зургаан хоногийн хугацаанд…

Ийнхүү ярьж байхдаа тэрбээр унтчихав. Зургаан хоногийн турш нойр, хоолоо хасан уралдсан тул их ядарч, туйлдсан нь мэдээж. Юу юунаас илүү одоо түүнд амралт, нойр чухал байгаа нь лавтай.

-Өө, өөрийн мэдэлгүй зүүрмэглэчихлээ. Хоёулаа юуны талаар ярилцаж байлаа.

Энэ олон хоног уралдсан юм чинь ингэж ядрах нь аргагүй ээ. Уралдааны үеэр өдөрт хэдэн цаг унтаж амарсан талаар тань ярилцаж байсан.

-Аан тийм, нээрэн. Дунджилаад бодохоор зургаан өдөр уралдахдаа нийт долоон цаг унтсан юм уу даа.

ГАВЬЯА ШАГНАЛ, НЭР ХҮНДИЙН ТӨЛӨӨ ГҮЙДЭГ ХҮН БИ БИШ

Таны амжилтаар монгол түмэн бахархаж байна. Үүний сацуу үгүйсгэж байгаа нь ч цөөнгүй. Та анзаарсан уу?

-Үнэндээ тэмцээнд өрсөлдөөд юун фэйсбүүк орох манатай байлаа. Одоо л жаахан сөхөө орж байна. Хэн нь магтаж, аль нь үгүйсгэж байгааг ер анзаараагүй.

Зарим хүн таныг “Дэлхийн аварга боллоо” гэж андуурсан. Үүнд зарим хүн тайлбар өгч, “Буджаргал дэлхийн дөрвөн удаагийн аварга биш” гэж мэдэгдсэн. Үнэндээ таны энэ амжилтыг дэлхийн аварга боллоо гэж болохгүй, тэс өөр тэмцээн шүү дээ. Та үүнд тайлбар өгөхгүй юү?

-Флоридад болдог энэ тэмцээн Шри Чинмойн нэрэмжит уралдаан биш, ямар ч хамаагүй. Шри Чинмойн нэрэмжит тэмцээн Нью-Йоркод болдог. Нью-Йоркийнхоос бусад тэмцээн Шри Чинмойн уралдаантай ямар ч хамааралгүй. Миний оролцдог бүх тэмцээн дэлхийн хэмжээнийх, Дэлхийн хэт холын зайн гүйлтийн холбооноос зохион байгуулдаг. Энэ холбооны Монгол дахь салбарын гишүүн нь С.Өнөрбаяр.

Яах вэ дээ, амжилт гаргасан нэгэндээ атаархдаг иймэрхүү муухай зан, сонин хандлага монголчуудын дунд түгээмэл байдаг шүү дээ. Би одоо хүндээр хүлээж авахаа больчихсон, бүр дасчихсан. Би хийх ёстой юмаа хийгээд, гүйж яваа жирийн нэг тамирчин, эгэл жирийн монгол иргэн. Цаашдаа ч гүйнэ, амжилтаа улам ахиулна. Би гавьяа шагнал, одон медаль, нэр хүндийн төлөө гүйдэггүй. Төмөр горьдож явдаг хүн би биш. “Буджаргал гэж хэн бэ, ямар амжилт гаргаж яваа вэ” гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Заавал Монгол даяараа мэдэх албагүй. Намайг үгүйсгээд, миний амжилтын талаар элдэв юм бичээд байгаа хүмүүст би заавал тайлбарлах шаардлагагүй.

БИ 10 ХОНОГТ 1300, ЗУРГААН ӨДӨРТ 800 КМ ГҮЙДЭГ НЬ ӨӨРӨӨ БАХДАМ АМЖИЛТ ШҮҮ ДЭЭ

Өөрсдөө амжилт гаргаж чадахгүй болохоороо бусдад атаархаж байхгүй юу. Хүмүүс цахим ертөнцөд “Буджаргал мундаг байна” гэнгүүт шээс нь гоожиж байгаа нь тэр. “Буджаргал мундаг биш ээ. Хэдэн эмээ, өвөөтэй уралдаад түрүүлдэг” гээд миний амжилтыг үгүйсгэж байгаа биз. “Буджаргалаас мундаг тамирчин Монголд байгаа” гээд л өөрийгөө, ганц нэг шавиа олонд таниулах гээд учраа олохгүй явдаг байх, зайлуул. Тэгэх нь тэдэнд хэрэгтэй байдаг бол тэр л биз. Ер нь тэгээд эцэст нь хэлэхэд, би 10 хоногт 1300, зургаан хоногт 800 км гүйж чадаж байгаа минь гайхамшигтай амжилт шүү дээ. Сумандаа нэг тэмцээн зохиочихоод өөрөө түрүүлбэл ингэж шүүмжилж болно. Гэтэл би дэлхийн шилдгүүдтэй уралддаг. Энэ бүхний ард гадаадынхан хэзээ ч “Буджаргал чадлаа, ийм амжилт гаргалаа” гэдэггүй. “Монгол хүн чадлаа. Монгол Улсын иргэн чадлаа. Монгол хүн ийм тэсвэр хатуужилтай” гэж толгой сэгсэрдэг. Тэгэхээр би амжилт гарган, үүгээрээ дамжуулан Монгол Улсаа дэлхийд боломжийнхоо, чадлынхаа хэрээр сурталчилж яваа жирийн л тамирчин. “Буджаргалыг олон түмэн хүрээлэх нь” гээд айж явдаг хүн цөөнгүй байдаг. Тэд үргэлж ийм зүйл ярьж, намайг үгүйсгэдэг. Тэглээ гээд надад нөлөөлөхгүй, би тоохгүй.

ЗАРИМ ХҮН НАМАЙГ ҮГҮЙСГЭХЭД ОГТ ЭМЗЭГЛЭЭГҮЙ. ОДОО БҮР ДАСЧИХСАН

Та өөрөө анзаараагүй, анзаарах ч сөхөө байгаагүй гэлээ. Тусалсан таван монгол иргэн танд энэ талаар хэлсэн үү?

-Хэлсэн.

-Та эмзэглэсэн үү?

-Юу гэж эмзэглэх вэ. Ямар одоо зөвхөн намайг тэгж үгүйсгэж байгаа биш. Анх гүйсэн цагаас л надад ийм хандлага гаргадаг байсан шүү дээ. Тулга тойрсон яриа, нэгнийхээ амжилтыг хүлээн зөвшөөрдөггүй, хамтдаа баярлаж, бахархаж чаддаггүй энэ муухай зангаа зарим хүн засах хэрэгтэй. Би олон өдрийн гүйлтийн олон улсын тэмцээнд оролцсон, амжилт гаргасан анхны монгол хүн. 2017 онд анх түрүүлэхэд, дэлхийд алдартай “Wall street journal” сэтгүүлд миний зураг нийтлэгдэхээс авхуулаад ийм хандлага надад үргэлж мэдрэгддэг байсан.

Сайн явахаар доош нь татах гэсэн, үгүйсгэсэн, атаархсан хүн мунддаггүй юм байна аа. Өмнө нь намайг амжилт гаргахад дургүй, мэдээгүй юм шиг сууж байдаг, “Буджаргалын гүйлт спорт биш” гээд намайг үргэлж үгүйсгэдэг болохоор С.Өнөрбаярыг  тийм мэдэгдэл гаргахад нь огт эмзэглээгүй, гайхаагүй. Угаасаа үргэлж тийм юм ярьж явдаг, тийм хандлага гаргадаг, бусдыг үгүйсгэдэг, атаархуу хүн. С.Өнөрбаяр олон жил тэгж ярьж яваа болохоор бүр дасчихсан, дөжирчихсөн.

“Ерөнхийлөгч Б.Буджаргалд Гавьяат тамирчин цол олгохоор боллоо” гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд цацагдсан ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын газраас үүнийг үгүйсгэсэн. Гавьяат тамирчин цол хүртэх хэмжээний гавьяатай хүн та мөн үү?

-Мөн, бишийн тухайд би өөрийгөө дүгнээд яах вэ дээ. Би шагналын төлөө гүйдэггүй. Монголчууд маань намайг дэмжиж, уухайлж байгаа тэр мэдрэмж л хамгийн сайхан даа. Үүнээс илүү шагнал гэж юу байх вэ. Монгол Улсын Ерөнхийлөгч маань хүртэл өөрөө утасдаж, баяр хүргэлээ. Үүнээс илүү урам гэж юу байх вэ. Цол, тэмдэг өгсөнгүй гээд гомдох зүйл алга. Харин тэр цолонд таарч, тохирч байна уу гэдэг таны асуулт надад их сонин санагдлаа. Яг үнэнийг хэлэхэд, би дэлхийн хэмжээний амжилт гаргачихсан тамирчин шүү дээ. Тэрийг яаж үнэлж, юу гэж ойлгохыг би хэлж мэдэхгүй байна.

-Та өөрийгөө дэлхийн аварга гэж боддог уу?

-Миний оролцож байгаа уралдаанууд бол дэлхийн чансаатай тэмцээнүүд. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа Олон улсын ультра марафон гүйлтийн холбоо нь Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, тусдаа гишүүнчлэлтэй байгууллага. Тийм учраас энэ холбооноос зохион байгуулж байгаа хэт холын зайн гүйлтийн тэмцээнүүд нь дэлхийн чансаатай тэмцээн байдаг. Ийм тэмцээнд таван удаа түрүүллээ. Одоо тэгээд яршиг даа, юу гэж дуудах дээр мэтгэлцээд байх шаардлага надад алга. Огт ямар нэгэн цол гуншин өгөхгүй байсан ч болно. Харин энэ спортыг ойлгож, гаргасан амжилтыг маань мэдэрч яваасай л гэж хүсье.

ОЛНЫ ДЭМЖЛЭГ, ХАНДИВЫН ХҮЧЭЭР БИ ЭНЭ АМЖИЛТЫГ ГАРГАСАН ЮМ ШҮҮ

Та өнгөрсөн жил Тайландад очсоноосоо хойш коронавирусийн халдварын улмаас эх орондоо ирж чадахгүй байгаа. Санхүүгийн хувьд хэр хүндрэлтэй байна вэ?

-Хаана ч байсан бэлтгэлээ тогтмол хийх чухал. Эх орноо, гэрээ саналгүй яах вэ. Хүний нутагт санхүүгийн бэрхшээл үргэлж тулгардаг. Тайландад байхад санхүүгийн асуудал гарсан. Байр, хоол үнэгүйг нь бодолцоод бясалгалын сүмд нэг хэсэг байрласан. Сүмийн гадна гүйхийг хориглодог юм билээ. Тэр нь бэлтгэл хийхэд хүндрэлтэй байсан.

Санхүүгийн асуудалтай байсан болохоор Флоридагийн тэмцээнд оролцож чадахгүй нь гэж бодож байв. Тийм хүнд үед Ц.Шаравжамц даргатай Биеийн тамир, спортын улсын хороо, Х.Мандахбаяр захиралтай “Эрхэт Монгол” групп, “TV8” телевиз, “Өглөөний сонин”, “Зиндаа.мн” сайт, МҮОНРТ-ийн хамт олон, Өмнөговь аймгийн ЗДТГ, нутгийн минь зон олон, Монголын хэт холын зайн гүйлтийн холбооны тэргүүн Д.Цэрэндулам, “Channel running Mongolia”, Английн Манчестер хотын монголчуудын холбоо, мөн тус хотын гүйлтээр хичээллэдэг ээжүүдийн групп, “Алтан үеийнхэн” Төрийн бус байгууллага, “Хөх Монгол принтинг”, “Оргилд гүйгчид” клуб гэх мэт олон байгууллага надад хандив өргөсөн. Ийм олон хүн намайг дэмжиж, тусласных нь хүчээр би түрүүлсэн юм шүү. Бүгдэнд нь баярлалаа. Мөн тэмцээний үеэр надад тусалсан монгол хүмүүстээ үнэхээр их баярлалаа.

Таныг ер нь улсаас хэр дэмждэг вэ?

-Энэ тэмцээнд оролцоход БТСУХ-ноос дэмжсэн. Өмнө нь улсаас намайг огт дэмжиж байгаагүй. Бор зүрхээрээ, олон түмний дэмжлэгээр л өдий хүрсэн.

Тэмцээнүүдийн шагналын мөнгө таны амьдралд хангалттай хүрдэг үү?

-Тэмцээнд амжилт гаргахад шагналын мөнгө огт өгдөггүй. Би шагналын мөнгө авч үзээгүй. Энэ олон хоногийн турш гүйн, өөрийгөө ялсандаа урамшаад л дараагийн тэмцээнд өрсөлддөг.

-Тэмцээнээс шагналын мөнгө өгдөггүй, улсаас дэмждэггүй юм байна. Тэгэхээр тэмцээн, бэлтгэлийн зардлын мөнгө, ар амьдралаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Олны дэмжлэгээр л болгож явна.

-Та хэзээ эх орондоо ирэх вэ. Хил нээнгүүт ирэх үү?

-Дараа, дараагийн тэмцээнээс шалтгаална. Одоо оролцохоор төлөвлөсөн олон тэмцээн бий. 2021 онд Унгарт болох тэмцээнд оролцох урилга сая ирлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

29 Сэтгэгдэл

  1. Дэлхийн аварга гэх юм аа . Дэлхийн аваргаар нь хэдэн улс орон ордог юм болдоо Кен Этиоп зэрэг дэлхийд ####дартай улс орноос орсон юм бол уу .

    1. Байхгүй дан өвгөчүүл 60-70настай гөгшин төгцөгнүүдтэй ур####дсан.Харууд бас Японууд байхгүй.ГахГах

  2. За даа Монголчууд минь монгол хүнээ хайрлая …. юм чадаж хийж бүтээж тэр тусмаа дэлхийд Монгол гэсэн 6 үсэгтэй жаахан улсаа нэг муу жаахан з####уу зүрх сэтгэл оюунаа биеийнхээ булчин шөрмөсөө тасарт#### зүтгэж байхад зүгээр л хайрлацгаая дэмжицгээе лдээ …та 6 өдөр 7 цаг унтаад 830 км гүйх үү ? …… харин тэр чадсан бас чаддаг бас дахиад өлхөн чадна …яагаад гэвэл тэр дэлхийн рекордыг л эвдэхийг л хүсдэг ганцхан зорилготой …. түүнийг МОНГОЛЫН БУДЖАРГАЛ гэдэг юм … тэрээр ####ь хэдийн ####дар цуугай мөнхөд сийлсэн хэнч б####луурдаж чадахгүй ээ …. илүү илүү монголчууд илүү

  3. Дэлхийн аварга ч бай, биш ч бай хамаагүй ээ. Тэр бол дэлхийд Монголын Буджарг#### гэж дуудуулж, Монголынхоо нэрийг бор зүрхээрээ гаргаж яваа нэгэн. Хүндэлж чадахгүй бол муулах хэрэггүй байх аа..

  4. 6 өдөр 6 шөнө 780 км гүйнэ гэдэг асар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Монгол хүний ####дар сууг дэлхийд дуулгасанд т####архаж бахархаж байна. Харин оролцсон тэмцээний зэрэглэл ямар вэ? Дэлхийн хичнээн орны хэдэн тамирчин оролцов гэдэг нь өөр асууд#### шүү. Хольж хутгаад мунгинаад байгаа юм уу? Мэдэн будилаад байгаа юм уу. Тодорхой хэлэх хэрэгтэй.

  5. Bas l mongolchuudiin tamiin togoonii ulger. Nuden deer amjilt gargaj baigaa tamirchniihaa asar ih hodolmor tevcheeriig zarim humuus uguisgej baigaa ni haramsalrai bna.

  6. ХӨӨРХИЙ МИНЬ ТАМИРЧИН ХҮНИЙ ТЭСВЭР ТЭВЧЭЭР ҮНЭРТЭЖ БАЙНА. МОНГОЛЫН НЭРИЙГ ГАРГАЖ ЯВАА ГАВЬЯАТАЙ ХҮН БАЙНА

  7. Яг тэмцээнийхээ т####аар зохион байгуулсан холбоо оролцсон улс орнууд тамирчдын т####аар ярих болохоор тайлбарлах ####багүй гээд бөөн хувийн зовлон тоочиж…энэ тэмцээн дэлхиын аваргын чансааны тэмцээн гэхэд илүү ит итгэлгүй боллоо

    1. Амныхаа зоргоор буурах юмаа амжилт гаргасан хүнийг та нар яаж ч доош нь хийгээд цойлон гаргасан амжилтыг нь үгүйсгэж чадахгүй. Гутаан доромжлогсод өөрсдөө юу ч хийж бүтээхгүй нь үнэн гутамшигтай юмдаа

  8. Дэлхийн хэмжээний тэмцээн, ДАШТ 2 өөр л дөө. Тэгээд ч дараа нь орсон 9 хүн 9-үүлээ америк өвгөчүүл байна лээ. Гаднаас хүн ордог юм уу? Үүнийг дэлхийн хэмжээний тэмцээн гэх үү? Мандахбаяр найз нь буруу сэвээд, энэ өөрөө бантсандаа дагаж зүтгээд бүр явж өглөө дөө. Бас яагаад ####бан ёсных нь жагса####т дээр Тайландын тамирчин гэж байгаа?

    1. Биеийн тамир спортын хороо Шаравжамц зарда л мөнгийг нь гаргаж явуулсан гэсэн дээ.Тэгж байхад Тайланд гэж THA гэж байсан.Өөрсдөө самбар дээрх бүртгэл дүнг нь харчихаарай.

  9. Ямар тэмцээнд орсон нь чух#### биш. Хамгийн гол нь Монгол хүний тэсвэр хатуужлыг харуулсанд л асуудлын гол нь огшиж байгаа юм. Энэ спортоос өөр ингэж хүний тэсвэр тэвчээр ш####гасан спорт мэдэхгүй юм байна. Маш их бахархаж байна. Баягл####аа. Бид өөрсдийгөө тэсвэр хатуужилтай гээд цээжээ дэлдэх дуртай, тэрнийг чинь энэ хүн яруу тодоор бат####сан байна.

  10. tiim shu her hugatsaand her km tuulsan n chuhal dotor n budlian tarij har massd nuluuluh erliiz hurliizuud baih shug baindaa dotor n hagaral uusgedeg… neg hunee magtad demjjihed yu n buruu baihawdee

  11. Avatar za ene xvn amjilt gargasaan.Gexdee yagaad 9xvn oroltsdog Florida mujiin temtseeniig songob?Jg ene xvnii orson 144 tsagiin temtseen delkhiin xaa saigvi olon gazar boldog,Sri chinmoys gviltend 1000 zarimdaa 2000 xvn oroltsdog, хэлдэг:

    Sri chinmoy gviltend 1000 zarimdaa 2000 xvn oroltsdog,Jg ene 144 tsagiin uraldaan ch delkhiid xaa saigvi boldog um bna lee.Yagaad 9 khun dan Amerik tamirchin orson Florida mujiin dalain ergiin jijig xot Fort Lauderdalleg songob?Oilgomjtoi.Olon xvn ordog shagnal undurtei temtseenees zugtaadag gesen vg.End l ambits jbaad bna,6 xonogt 787 gvideg xvmvvs Mongold ix bii,Jisheelbel ix sportiin boks bolon buxiin khungun jingiin tamirchid,teshvvr,tsana,duguinii tamirchid,tegeed sport togloomiin jijig bietei tamirchid chadna gedegt itgeltei bna,Za tegeed mergejliin gvigchidtei bol jrix xereg baixgvie,Ser-od gabijat Badamxatan,uur busad tamirchid bol xonogt 200 gvine gexeer 7 xonogt 1400 gkm gvinee geed xet xoliin zain gviltiin xolboonii darga ni ooroo xelsen,Ix sportiin tamirchid maani undur shagnaltai temtseend jbdag,Ene temtseen boloxoor jmar shagnalgvi deerees bvrtgeliin xuraamj tuldug sonirxogchidiin gvilt,

  12. Хит холын зайн гүйлтээр Кэн , Этиоп , Япон улсын тамирчид ####дартай шүү . Үнэхээр дэлхийд данстай тамирчин болсон гэж бодож байгаа бол Олимпийн их наадмаас мадель авчихаа . Тэгвэл Монголын ард түмэн баярлана . Амжилт урагшаа .

  13. Uuruu uuriiguu yalah ni geed sonirhogchdiin turul buriin temtseen zb hiigdeg yum bnle terend l orson hun bnleshde delhiin avarga mavtraga geed shaahaa l boli heregtei

  14. Гүйсэн өдөр цаг км бол мундаг гэхдээ энэ ярилцлага огт та####агдсангүй нэвт би гэсэн хандлагатай би гүйчлээ би чадчихлаа та нар хамаагүй гэсэн хандлага нэвт өөр хийгээгүй байсан ч өөр нэг нь хийх л байсан тийм болохоор хийж чадчихаад жаахан даруухан байв#### яадагын

  15. Монгол форест гамп болох гээд байгаа юмуу? Ингэж гүйгээд 76-г огцруулдаг бол улс нийтээрээ л гүйх байх хаха

  16. Өөрийгөө рекламдаад худлаа яриад сурчихсан бас нэг амбицтай худлаа нөхөр байна даа УИХ д хүртэл нэр дэвшээд байсан

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button