Нийгмийн

УАШТ-д оролцохоор ирээд гацсан боксчид: Мөнгөө хэмнэхийн тулд буудлынхаа өрөөнд хоол хийж, идэж байна

УАШТд оролцохоор ирээд гацсан боксчдод БТСУХ дэмжлэг үзүүлэхээр болжээ

Азийн хошой аварга, боксын спортын ууган гавьяат тамирчин, Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит боксын залуучуудын УАШТ Улаанбаатар хотод энэ сарын 10-15-нд болохоор товлогдоод байсан ч хөл хорионы улмаас цуцлагдсан билээ. Үүний улмаас тус тэмцээнд оролцохоор хөдөө орон нутгаас ирсэн ширэн бээлийтнүүд Улаанбаатар хотод гацаад байгаа юм.

Тэмцээнд оролцоод, зургаа хоноод л нутаг буцна гэж төлөвлөөд ирсэн тамирчид, дасгалжуулагчдын нөхцөл байдал ямар байгааг бид энэ удаа онцлов. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай, ОУХМ Шинэбаяр зэрэг олон шилдгүүд мэндэлсэн, Дорнод аймгийн “Талын бүргэд” клубийн ахлах дасгалжуулагч Т.Эрдэнэбаяраас зарим зүйлийг тодрууллаа. Клубээ 11 жил ахалж буй түүний аав нь Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа юм.

Т.ЭРДЭНЭБАЯР: ТЭМЦЭЭНД ОРОЛЦООД, ЗУРГАА ХОНООД БУЦНА ГЭЭД ИРТЭЛ ИЙМ ЮМ БОЛЧИХЛОО

УАШТд оролцохоор нутгаасаа хэдүүлээ, хэзээ ирэв?

-Манай аав, туслах дасгалжуулагч Цогтсайхан бид гурав эрэгтэй найм, эмэгтэй хоёр тамирчны хамт ирсэн. Тэмцээн дуусангуут, зургаа хоноод л буцна гэсэн төлөвлөн, санхүүгээ зохицуулаад ирсэн чинь ийм юм болчихлоо. Зөвхөн манайх бус бусад аймгийнхан ч мөн адил энд, “Нэгдэлчин” зочид буудалд байрлаж байгаа. Бүгдээрээ энд бужигнаж байна. Бид энэ сарын 9-ний шөнө ирсэн. 00.00 цагаас хойш энд орвол дараагийн өдөртөө тооцогдоно гэж бодоод ирсэн юм, уг нь. Гэтэл тэгээгүй. Үүнээс болж долоон өдрөөр тооцосноос эхлээд санхүүгийн асуудалд орсон. Гэтэл хөл хорионд ороод бүр баларлаа.

Одоо энд найман шавь маань байна. Өвөө нь нас бараад, албан ёсны бичгээр нэг нь нутаг буцсан. Нэг шавь маань хотод хичээлээ давтана гээд аав, ээж нь зөвшөөрөөд ахындаа байгаа.

Бидний мөнгө энэ сарын 15-нд дууссан. Тэглээ гээд “Нэгдэлчин” буудлаас гаралтай биш. Ийм хөл хориотой үед олон шавиа дагуулаад хаачих ч билээ. Хамаагүй явж болохгүй. Санхүүгийн асуудалд ороод байхад Монголын боксынхон маань УАШТ-д оролцохоор ирээд гацсан ширэн бээлийтнүүддээ туслах хандивын аян өрнүүлж, 18 хүртэлх буудлын мөнгийг зохицуулж өгсөнд их баярлалаа. Их дэмжлэг байлгүй яах вэ.  

“Нэгдэлчин” буудлын нэг хоногийн төлбөр нь хэд вэ?

-Манай аймгийнхан гэхэд л гурван өрөөнд байгаа. Нэг өрөө нь 50.500, нөгөө хоёр нь  45.500 төгрөгийн үнэтэй.

МОНГОЛЫН БОКСЫНХОН ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖ, ТЭДЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ

Өнөөдөр арваннэгдүгээр сарын 26. Тэгэхээр буудлын 18-наас хойшхи төлбөрөө төлөөгүй байгаа юм байна. Өөрсдөө төлөх боломж та хэдэд байгаа юу?

-Байхгүй. Бид хэд чинь тэмцээний зардлаа, зургаан хоног л байна гэж тооцоод санхүүгээ арайхийж зохицуулаад ирсэн юм шүү дээ. Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Чимэддорж биднийг тэмцээнд өрсөлдүүлэхийн тулд нэг хүнээс 1.7 сая төгрөг зээлж өгсөн.

Одоо буудлын үлдсэн төлбөрөө хэрхэн төлөх вэ гэж санаа зовоод сууж байсан юм. Дорнодоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандах бодолтой байлаа. Яая даа гэж бодот суутал Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан бидэнтэй холбогдоод “Залуучуудын УАШТ-д оролцохоор ирээд, Улаанбаатарт гацсан бүх тамирчин, дасгалжуулагчийн энэ сарын 18-наас ирэх сарын 1 хүртэлх буудлын мөнгийг Биеийн тамир, спортын улсын хорооноос гаргаж өгөхөөр боллоо” гэсэн. Санаа амраад л сууж байна. Аштай юу даа.

Ирэх сарын 1-нээс орон нутгийн иргэдийг буцаахаар болсон. Тэгэхээр та хэд төдийгүй бусад аймгийн боксчид нутаг буцталаа санаа зовохооргүй болж.

-Харин тийм ээ. Хэрвээ нөхцөл байдал хүндрээд, хөл хориог дахиад сунгавал ер нь хэцүүднэ. Бид хүнсээ хажуу талын захаас авдаг. Мөнгөө хэмнэхийн тулд өрөөндөө хоол хийж, иддэг. Шавь нар маань сайн байгаа. Амны хаалтаа тогтмол зүүн, өрөөнөөсөө аль болох гарахгүй байгаа. Сая 20-нд бүгдээрээ очиж шинжилгээ өгсөн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Та аавтайгаа хамт энд байгаа. Дорнодод нөхцөл байдал ямар байна вэ. Гэрийнхэндээ хэр санаа зовж байна вэ?

-Санаа зоволгүй яах вэ. Утсаар үргэлж холбоо барьдаг. Дорнодод Улаанбаатартай адил хөл хорио тогтоочихсон байгаа гэнэ лээ. Бид өөрсдийн унаатай ирсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд нутаг буцаалаа л гэвэл Дорнод руу шууд гараад давхих боломжтой.

Ц.БАТНАСАН: ЯМАР Ч БАЙСАН НУТАГ БУЦАХ ХҮРТЭЛХ АСУУДЛЫГ НЬ ШИЙДВЭРЛЭЖ ӨГЛӨӨ

Мөн бид Монголын боксын холбооноос энэ тал дээр хэрхэн анхаарч буйг ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасангаас тодруулахад “Улаанбаатар хөл хорио тогтоон, тэг зогсолт хийсний улмаас төлөвлөөгүй нөхцөл байдал үүслээ. Залуучуудын УАШТ-ийг хойшлуулахаас өөр аргагүй болж, тэмцээнд оролцохоор орон нутгаас ирсэн тамирчид маань хотод гацсан. Хаана хаанаа санхүүгийн хямралтай байгаа өнөө цагт хагас сар шахам буудлын мөнгө төлж байх амаргүй.

Тиймээс манай боксынхон Улаанбаатарт гацчихсан байгаа ширэн бээлийтнүүддээ туслах хандивын аян өрнүүлж, 6.3 сая гаруй төгрөг цуглуулсан. Үүнийгээ 80 гаруй тамирчин, дасгалжуулагчид хувааж өглөө. Үлдсэн өдрүүдийнх нь мөнгийг зохицуулж өгөхийн тулд БТСУХ-нд хүсэлт гаргасан. Үүний дагуу БТСУХ-наас энэ сарын 18-наас арванхоёрдугаар сарын 1 хүртэлх байрных нь мөнгийг гаргаж өгөхөөр болсон. Орон нутгийн иргэдийг ирэх сарын 1-нээс буцаахаар шийдвэрлээд байгаа. Ямар ч байсан тэр хүртэл боломж, боломжоороо зохицуулна аа” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. МОНГОЛД вакцин орж иртэл бүх тэмцээн, баар, ресторан, үзвэрүүдийг хаах нь зөв. НЭГЭНТ айхтар өвчин хажууд байхад бүгдээрээ хичээе

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button