Алдарт дизайнер Пьер Кардин таалал төгслөө

Францын алдарт загвар зохион бүтээгч Пьер Кардин 98 насандаа таалал төгсжээ. Түүний футурист хэв маяг 1950-60-аад онд загварын ертөнцөд хувьсгал хийсэн юм.

Итали гаралтай франц загвар зохион бүтээгч тэрбээр Парис хотын ойролцоох эмнэлэгт нас барсан байна. Түүний гэр бүл “Манай гэр бүлд уй гашуу дүүрэн өдөр тохиож байна. Пьер Кардин нас барлаа. Түүний шаргуу дайчин зангаар бид үргэлж бахархдаг байсан” хэмээн мэдэгдэл хийсэн юм.
Кардин 1922 оны долдугаар сарын 2-ны өдөр Италийн Сан Бьяжо ди Каллальтад мэндэлжээ. 1924 онд түүний гэр бүл Францад очиж суурьшсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Кардин “Улаан Загалмай Нийгэмлэг”-т ажиллаж байжээ.
1945 онд тэрбээр Парисд нүүж ирэн архитектурын чиглэлээр суралцаж эхэлсэн юм. Дараагаар нь 1947 онд Крисдиан Диорын загварын ордод ажиллаж эхэлсэн бөгөөд 1950 онд өөрийн загварын компаниа үүсгэсэн юм.
Пьер Кардин өөрийн нэрийг брэнд болгон ашиглаж дан ганц загвар гэлтгүй сүрчиг, гоо сайхны бүтээгдэхүүний салбарт мөн хүч үзсэн байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Хорлон сүйтгэгч" хэмээгдсэн М.Энхсайхан Ерөнхий сайд байхдаа энэ эрхэм хүнийг эх орондоо урьж монголчуудын загварын ертөнцөд мэлмийг нь нээж ахуй цагаас хойш хорин хэдэн үджээ