ДЭЛХИЙ

Инфлюенсерүүд гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлахдаа ФИЛЬТР ашиглах ёсгүй болжээ

Сошиал медиагаар фильтр ашиглахгүй байх аян нэг сарын турш өрнөсний дараа инфлюенсерүүд гоо сайхны бараа сурталчлахдаа буруу ойлголт өгөх фильтр ашиглаж болохгүй гэсэн шинэ дүрэм гарчээ.

Их Британийн Зар сурталчилгааны жишиг тогтоох газар энэ шийдвэрийг гаргасан бөгөөд энэ дүрэм тус улсад буй инфлюенсерүүд болон олны танил хүмүүст үйлчлэх юм. Тус дүрмээр инфлюенсерүүд филтер ашигласан гэдгээ дурдаад зогсохгүй гоо сайхны бүтээгдэхүүний жинхэнэ үр дүнг хэтрүүлдэг фильтр ашиглахгүй байх ёстой аж.

Уг явдлын өмнө мэйкап артист Саша Паллари “#filterdrop”аяныг эхлүүлж инфлюенсерүүдийг гоо сайхны бүтээгдэхүүн сурталчлахдаа өөрийн жинхэнэ арьсаа харуулахыг уриалсан байна.

Паллари “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа түүний эхлүүлсэн аян үр дүнтэй байсан гэдэгт маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр тус дүрмийн тухай “Тэд одоо л фильтр ашиглах нь сошиал медиа хэрэглэгчдэд хор нөлөө үзүүлдэг гэдгийг нухацтай авч үзэж байна. Энэ шийдвэр нь гоо сайхны барааг сурталчлахад фильтрийг зөвөөр ашигладаг болгох нэг том алхам” гэжээ.

Мөн тэрбээр цаашид Инстаграмаас дүр төрх өөрчилдөг фильтрийг устгуулахаар тэмцэнэ хэмээсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button