1.1 жил тоогоогүй ҮХЦ-ийн хоёр гишүүний асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сөхөв

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон ҮХЦ-ийн хоёр гишүүний оронд нэрээ дэвшүүлэгчдийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Энэ талаар Улсын дээд шүүхийн албан мэдээ гарсан байна.
Үндсэн хуулийн цэцийн гишүүд зургаан жилийн бүрэн хугацаатай ажилладаг. Энэ дагуу 2019.12.26-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Хуулиараа нөхөн томилгоог хийтэл тэд албан үүргээ гүйцэтгэсээр байгаа юм.
2019.12.26-наас хойш 14 сар буюу 1.1 жил өнгөрсөн хойно сая Дээд шүүх “амь орж”, нөхөн томилгоо хийх асуудлыг эрчимжүүлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө уг асуудал сөхөгдөв.
Улс төрийн хувьд ҮХЦ-д ямар хоёр гишүүн шинээр томилогдохоос шалтгаалж, цөөнгүй маргаан хагарна. Томилгоо Ерөнхийлөгч Х.Баттулгад ивээлтэй байх эсэх нь ч анхаарал татаж байгаа юм.
Г.САНСАРМАА
Улсын дээд шүүхийн албан мэдээ:
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх бэлтгэл ажлын хүрээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авна.
Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүний гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилохоор Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу, Улсын дээд шүүхээс нэр дэвшин томилогдсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан Үндсэн хуулийн цэцийн гишүүний хоёр орон тоонд хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Нэр дэвшигчийн материалыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд, ажлын цагаар биечлэн, эсхүл шуудангийн илгээмжээр болон [email protected] и-мэйл цахим шуудангаар /PDF форматаар/ хүлээн авна.
Нэр дэвшигч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- нэр дэвших тухай хүсэлт (гарын үсэг зурсан байх);
- төрийн албан хаагчийн анкет;
- иргэний үнэмлэхний хуулбар;
- боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл ажил эрхлэлтийн талаарх нийгмийн даатгалын лавлагааны эх хувь.
Хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэйгээ тодорхойлсон холбогдох баримт:
а/ хууль зүйн мэргэшсэн салбар;
б/ улс төрийн мэргэшсэн байдал;
в/ мэргэшсэн ажлын туршлага, хугацаа;
г/ эрдмийн зэрэг, цол (хамгаалсан сэдэв, огноо, сургууль);
д/ ном, судалгааны бүтээлийн жагсаалт;
е/ дээрх шаардлагыг нотлоно гэж үзсэн бусад баримт;
Шаардлага хангасан нэр дэвших хүсэлт, ирүүлсэн материалыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын санал авсан хоёр нэр дэвшигчийн нэрийг УИХ-д хүргүүлнэ.
Нийт нэр дэвшигч болон Улсын дээд шүүхээс олонхын санал авсан нэр дэвшигчдийг олон нийтэд цаг тухайд нь мэдээлэх бөгөөд олонхын санал аваагүй нэр дэвшигчийн талаар тайлбар гаргахгүй, нэр дэвшигчийн ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утаснаас авах боломжтой.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.