УЛС ТӨР

“Түр хороо байгуулах тухай” тогтоолыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.03.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлын эрсдэлээс иргэд, эдийн засгаа хамгаалах чиглэлээр УИХ, Засгийн газар, УОК-оос олон чухал шийдвэр гарган хэрэгжүүлж байгаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалтын ажил болохыг онцлоод Монгол Улсад  вакцинжуулалт эхэлснээс хойш нэг сар болж, энэ хугацаанд нийт 250.0 шахам мянган иргэнээ вакцинжуулаад байгааг дурдав. Гэсэн ч халдварын цар тахал буурахгүй, халдварын эерэг тохиолдол Улаанбаатар хот төдийгүй хэд хэдэн аймагт бүртгэгдээд байгааг дурдаад Эрүүл мэндийн яамны мэдээгээр халдвар авсан хүмүүсийн тоо өдөрт 200-гаас буухгүй байна.  Тиймээс Засгийн газар, УОК, байгууллага, иргэн бүрээс анхаарал болгоомж нэн их шаардсан, хамгийн амаргүй бэрхшээлтэй, онцгой цаг үе тулгараад байгааг анхаарууллаа.

Түүнчлэн УИХ-ын дарга  нийт иргэдэд хандаж, өөрийгөө болон гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөө халдвараас сэргийлэх, сэрэмжлэх талаар хүн бүр онцгой анхаарах, халдвар хамгааллын дэглэмийг гэр орон, ажлын байрандаа сайтар баримтлах, хүн нэг бүр амны хаалтыг байнга зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, олноор цугларахаас аль болох татгалзах, онцгой шаардлага гараагүй бол аймаг, орон нутаг руу зорчихгүй байх, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, ойр тойрныхноо бүрэн хамруулах, вакцины талаарх сөрөг, буруу мэдээлэл, ам дамжсан, шинжлэх ухааны баталгаа, нотолгоогүй мэдээлэлд итгэх, түгээхээс аль болох зайлсхийхийг уриаллаа. 

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон ч уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс завсарлагааны хугацааг сунгах санал гаргасныг тус бүлгийн дарга Д.Ганбат уламжлав. УИХ-ын дарга уг саналыг нь хүлээн авч, өдрийн 12 цаг хүртэл хэлэлцүүлгийг хойшлуулав. 

Байнгын болон дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталлаа

Дараа нь “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох  хэсгийг  үндэслэн  Улсын Их Хурлын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тусгажээ. 

Ингээд “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64,1 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн "Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Төрийн  байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа “Сонгогчийн нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг  хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханг Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Гочоогийн Ганболдыг Дэд хорооны гишүүнээр батлахаар тогтож, Улсын Их Хурлын тогтоолын төслийн боловсруулсныг онцлоод уг тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэснийг дурдав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул “Сонгогчдын нэрийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69,2 хувь нь дэмжив. 

“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуралдаан “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан.  

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар нар Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн танилцуулгадаа дурдав. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хариултдаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийн Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах саналыг хүлээн авах боломжтой гэж байлаа.

Ингээд “Түр хороо байгуулах тухай” тогтоолын нэг дэх хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Ганбаатар гэж нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан түр завсарлаж, 12 цагт үргэлжлүүлэн хуралдахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button