УЛС ТӨР

Түлэнхийн төвийг энэ оны зургаадугаар сард ашиглалтад оруулна

Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтийн парламентын бүлгийн дарга Ц.Анандбазар тэргүүтэй гишүүд өнөөдөр (2021.04.01) Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтийн парламентын бүлгийн дэд дарга Л.Мөнхбаатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтийн парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор, Б.Бейсен нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кувейтийн парламентын бүлгийн дарга Ц.Анандбазар 2020 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиосныг онцолж, энэхүү найрсаг харилцааг улам бүр бататган бэхжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө парламентын бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. Манай улс Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудаас хамгийн түрүүнд Кувейт Улстай дипломат харилцаа тогтоож байсныг тэмдэглэв.

Монгол Улс, Кувейт Улстай тогтоосон хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг. Кувейт Улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хуваарийн дагуу үргэлжилж байна.

Тухайлбал, Кувейт Улсын Засгийн газраас Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэлд 8 сая ам.доллар, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх төсөлд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн.

Мөн Кувейтийн сан Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахад зориулж 500 орчим мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэрийг гаргасанд талархал илэрхийлэв.

Улмаар Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй Түлэнхийн төвийн төслийг энэ оны 06 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг уламжилсан юм.Элчин сайд Мухаммед Аль-Мутайри хоёр тал аялал жуулчлал, агаарын харилцааны салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж, энэ чиглэлээрх гэрээ хэлэлцээрийг байгуулахын чухлыг тэмдэглэв.

Тэрбээр, Кувейт Улс КОВАКС хөтөлбөрийн хандивлагч орнуудын нэг бөгөөд Монгол Улс КОВАКС хөтөлбөрийн шугамаар эхний вакцинуудаа оруулж ирсэнд баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улсын төр засгаас цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж байгаагаа онцолсон юм. Мөн ноён Элчин сайд Мухаммед Аль-Мутайри Давхар татварын тухай болон Агаарын харилцааны тухай хэлэлцээрүүдийг байгуулахад парламентын зүгээс анхаарахыг хүслээ.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааны цар хүрээг улам өргөжүүлж, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, боловсрол, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбарын харилцааг шинэ шатанд гаргах бүрэн боломжтойг санал нэгтэй тэмдэглэв. Үүнийг хэрэгжүүлэхэд парламентын хамтын ажиллагааны манлайлал, төрийн өндөр дээд хэмжээний харилцан айлчлалуудыг тогтмолжуулах, Засгийн газар хоорондын Комиссын хуралдааныг хийх шаардлагатай гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button