Нийгмийн

Хэн нь жинхэнэ нэр зээлдэгч вэ

Гонгинож, гаслах түмэн хэлбэрийн дотроос үнэнч шударгын туйл мэт царайлж, бүрлээчийн нэрийг зээлдэх л хамгаас ичгүүртэй харагдах юм.

Хэн нэг хүн рүү зориудаар дайрч, доромжилж, ёжилж, хуурамч хаягнаас гүтгэж эхэлвэл, тэр нь  нэг өдөр хэлцсэн юм шиг давхацвал яах аргагүй зохион байгуулалттай ажил байдаг л даа.  Өнөөдрийн хувьд тэр хүн нь АН-ын даргаар сонгогдоод буй УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болж таарав.

Ардчилсан нам байгуулагдсан өдөр үүсгэн байгуулагчдынх нь нэгийг баатар цолоор нэхэн шагнуулах тухай үг хэлснийхээ төлөө шүү. Мэдээж хэрэг харваас популист алхам. Гэхдээ энэ нь буруу гэж үү? Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгчийн давуу талыг ашиглаж улс төрийн акц хийсэн л төдий.

Ардчилсан намыг аппаратынх нь хувьд хөдөлгөж, гишүүдэд хүрч ажилласан өргөн цар хүрээтэй сонгуульд нь ялагч болсны хувьд О.Цогтгэрэлд намын үндсэн жигүүрийг төлөөлөх ёс суртахууны эрх бий. Ийм ч учраас Нийслэлийн нам дээр тулгуурлан цөөхөн хоногийн компанит ажил хийгээд яаруухан сонгогдсон М.Тулгатаас өрсөж, олон нийтийн анхаарлыг татах акц хийх шаардлага байсан. Түүнийгээ л хийсэн. М.Тулгат хэдий Ардчилсан намын ирээдүйтэй залуу лидерүүдийн нэг хэдий ч намын дараа үеийн түрлэгийг сөрж, улс төрд амьд үлдэхийг хичээж буй Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, З.Энхболд тэргүүтний амиа аврах банз болсон нь хэн ч харахад илт байна. Цаасаар явуулсан сонгуульд АН-ын 74953 гишүүн санал өгснөөс О.Цогтгэрэл 41489 гишүүн буюу 57 хувийн саналыг авчээ. Харин цахимаар явуулсан сонгуульд 30077 санал ирснээс  2134.01 оноотой дүйцэх санал авсан М.Тулгат тэргүүлсэн. Цаасан сонгуульд оролцогчдын тоо 2 дахин их, ялалт байгуулсан нэр дэвшигчийн санал нь цахимаар ирсэн нийт саналаас 20 мянган хүнээр их. Ардчилсан нам шиг үндэсний хэмжээний улс төрийн хүчнийг хэн нь төлөөлөх ёс суртахууны эрхтэй нь яаж ч харсан ойлгомжтой. 

Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн. нээрээ л намаараа хөдлөөд дарга сонгогдох нь, хэрэв тэгэхэд хүрвэл байдал бүр ч дордоно гэж мэдэрсэн “хулгарууд” Ардчилсан хувьсгалын бэлэг тэмдэг болсон гэр бүл, М.Тулгатыг өмнөө барив. С.Цогтсайхан агсны хүсэж мөрөөдсөнөөс тэс өөр нийгэм бий болгож, байгуулалцсан намыг нь өөрсдийн гараар салгаж, нийлүүлж явцуу эрх ашигтаа ашиглачихаад одоо тайван орхих сэтгэлийн тэнхээ тэдэнд байсангүй.

Өнөөдөр Ардчилсан намыг үүсгэн байгуулагч, хувьсгалыг удирдагчдын дундаас аль 23 жилийн өмнө алагдсан С.Зоригоос илүү гарах байтугай дөхөж очих нэр хүндтэй улс төрч байхгүй байгаа нь өөрсдийнх нь үйл ажиллагааны үнэлгээ гэхэд хилсдэхгүй. Авч болох хамаг л эрхтэй, мэдэлтэй албан тушаад удаа дараалан сонгогдож, Ардчилсан намын дэмжигчдийн хүч хөдөлмөр, санал дэмжлэгийг хамгийн их авсны эцэст улс төрчийн карьер нь үнэнд гүйцэгдэн дууссан Ц.Элбэгдорж, улс төрчийн сэвгүй имижээ, нийслэлд эхлүүлсэн ажлаа хүүдээ давуу эрх олгосон тендерээс болж шороотой хутгаж, бухимдсан нийтлэл бичихээс цаашгүй болж хувирсан Э.Бат-Үүл, намаасаа салж нэг үзэж, нийлж нэг үзээд, эцэст нь улс төрийн тоглоомны золиос болчихоод буй М.Энхсайхан, пропорционал системийг Үндсэн хуулийн цэц дээр шахалт үзүүлэн булшилж, улайн цайм намынхаа эсрэг ажиллан ялагдуулж, улс төрийн үхдэл болсон соцдек З.Энхболд. Ардчиллын лидерүүдээс хэн нь ч С.Зоригийн дайнд байтугай, түүнд дөхөж очих итгэл хүндлэл хүлээхээргүй болжээ. Үргэлж гарынхаа дор байлгасан рекетертээ хөөрхийлөлтэйгээр шахагдсан нь үүний эмгэнэлтэй эхний үр дагавар.

Ийм нөхцөлд Ардчилсан намын ойн өдөр С.Зоригоос өөр хэнийг дурсан акц хийх байсан хэрэг вэ. Эсрэг намын улс төрчид гурван үеэрээ хэргийг нь Ардчилсан намыг намнах зэвсэг болгочихоод байхад хойч үе нь өөр хэний нэрийг өмнөө барих хэрэг вэ?Ардчиллыг, бүр байгаад засгийн эрх барьж байхад нь алагдсан атал хэргийг нь илрүүлж чадаагүй С.Зоригийг Ардчилсан намын үүсгэн байгуулагчид өмчлөхийг оролдож байна. Тэр хандлага нь өнөөдөр С.Зоригийн нэр төрийг хайрлан, харамлан гонгинолдож, АН-ын шинэ даргыг боорлосон сошиал медиа давалгаанаас харагдах аж. Гонгинож, гаслах түмэн хэлбэрийн дотроос үнэнч шударгын туйл мэт царайлж, бүрлээчийн нэрийг зээлдэх л хамгаас ичгүүртэй харагдах юм.

Я.Баяраа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button