НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Иргэд “300.000 төгрөг орохоор өгье” хэмээн зээлээр хүнс авч, картаа барьцаанд тавьжээ

 “Дэлгүүрийн гадна дугаарлаж байсан хүмүүс алга. 300.000 нь дууссан бололтой...”. Хотын төвийн нэгэн супер маркет рүү алхаж явсан аав, хүү хоёрын дунд ийм нэгэн яриа өрнөв. Чих тавин сонсож явсан би дэлгүүрийн хаалга руу харцаа сунгавал гурав хоногийн өмнө хэзээ орох нь тодорхойгүй дугаарлаж байсан хүмүүс алга. Харин гуйвсан согтуу эрчүүд л замын нөгөө үзүүрт харагдах нь тэр.

Чухам энэ л дүр зураг Засгийн газраас иргэн бүрд олгож буй 300.000 төгрөг амьдралд нь хэр дэм тустай байв, юунд зарцуулсан бол гэх асуулт асуухад хүргэв. Бид уг асуултад хариулт хайн гэр хорооллын хүнсний дэлгүүр болон, найман нэрийн дэлгүүрийг зорилоо.

ХУДАЛДАГЧ: ХҮНСЭЭ БАГА, БАГААР НЬ ГРАММЛАЖ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО 5-6 КИЛОГРАММААР НЬ АВЧ БАЙНА

Хамгийн түрүүнд бид Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны гэр хорооллын гудманд байдаг нэгэн хүнсний дэлгүүрээр орлоо. “Итгэл” хэмээн гаднаа монгол бичгээр бичсэн тус дэлгүүрийн худалдагч хөл хорио тогтоосноос хойш дэлгүүрийн орлого багасаж байгааг хэллээ.

Тэрбээр “Хүмүүс ихэвчлэн гурил, будаа, ногоо гээд хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн л авч байна. Өмнө нь бага, багаар нь граммлаж авдаг байсан бол 300.0000 төгрөг бууснаас хойш 5-6 килограммаар нь авсан. Хүмүүс мах их асууж орж ирж байна. Манайхаас мах граммлаж, өдөр, өдөрт нь авдаг болохоор бид жижиглээд савлачихсан байдаг. Ер нь бол иргэдийн 300.000 төгрөг бууснаас хойш орлого 20-30 хувь өссөн. Өмнө нь өдөрт 100-120 мянган төгрөгийн орлоготой байсан. Харин хөл хорио тогтоосноос хойш хүмүүсийн хөдөлгөөн багасаж, орлого буцаад багасаж байна” гэв.

Зам түгжрэлгүй байсан тул бид “Хайлааст” руу хөдөллөө. Нэгэн найман нэрийн дэлгүүр рүү ортол, 20-25 насны бололтой гурван залуу хоёр том “үнээ” авч байлаа.

Худалдагчаас орлого нэмэгдсэн эсэхийг, иргэд мөнгөө юунд зарцуулж байгааг асуухад, “үнээ” авч байсан гурван залуу “Мөнгө буусан юм чинь дэлгүүрийн орлого нэмэгдэлгүй яадаг юм бэ” хэмээн худалдагчийн өмнөөс хариулах нь тэр.

Харин худалдагч “Иргэдийн 300.000 төгрөг буух үеэр борлуулалт нэмэгдсэн. Ихэвчлэн хүнсний зүйл авч байсан. Харин хөл хорио тогтоосноос хойш хүмүүс гэрээсээ гарахгүй л байна. Талх, сүү л авах гэж орж ирж байна” хэмээлээ.

ХУДАЛДАГЧ: САЯ ОРЖ ИРЭЭД КАРТАА УНШУУЛЛАА. МӨНГӨ НЬ ОРЖ ИРЭЭГҮЙ Л БАЙНА

Бид цааш хөдлөн, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Отгонзаяа” гэх дэлгүүр рүү орлоо. Биднийг ороход гэр бүлийн бололтой хоёр хүн худалдагчтай юм ярьж байлаа. Удалгүй үйлчлүүлж байсан хоёр хүн гарч, худалдагч А.Ариунаатай ярилцав.

Тэрбээр “Дөрөвдүгээр сарын 8, 9 нд иргэдийн мөнгө буусан ч манайх ердийн өдрүүдийнх шигээ орлоготой байсан. Яахав жирийн өдрүүдийнхээс 10-20 хувь нэмэгдсэн. Хүмүүс зах руу явж л хүнсээ цуглуулсан байх. Манайхаас лав хүнсний ногоо, гурил будаагаа олон килограммаар нь авч байгаа юм алга. Өдөр тутмынхаа хэрэгцээний юмыг бага багаар нь л авч байна. Түүнээс бол архи пиво сагс, сагсаар нь авч байгаа юм алга. Хоёр том пиво юм уу, 3-4 лаазтай пиво л авч байна.

Мөнгө буусан гээд зарим нь өрөө төлж байна. Лав дөрвөн хүн өрөө дарсан. Одоо өртэй 20 гаруй хүн бий. Зарим хүнийх нь мөнгө нь ороогүй л байгаа бололтой. Сая энд зогсож байгаад гардаг хоёр хүн өчигдөр 5300 төгрөгийн юм авсан юм. Тооцоо хийх гээд картаа уншуултал мөнгө нь ороогүй байсан юм. Хэрчсэн гурил, талх гээд хэрэглээний юм авах гэж байхаар нь картыг нь авч үлдээд өгөөд явуулчихсан юм л даа. Сая орж ирээд картаа уншууллаа. Мөнгө нь орж ирээгүй л байна” гэв.

ХУДАЛДАГЧ: ИРГЭД 300.000 ТӨГРӨГӨӨ ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛЖ БАЙНА

Чингэлтэй 16 дугаар хорооны “Гурвансайхан” найман нэрийн дэлгүүрийн худалдагч Г.Цэцэгмаа “Зарим дэлгүүрийн пиво нь юу ч үгүй дуусаж байгаа сураг байсан. Манайхаас бол архи пиво тэгж их олноор нь авч байгаа хүн алга аа. Өчигдөр нэг л хүн сагс пиво авсан. Өртэй байсан долоон хүн өрөө дарсан. Ер нь бол хүнсний бараа бүтээгдэхүүн л их гарч байна. Ихэнх нь л сүү, өндөг, ундаа, бууз, банш авч байна. Үүнийгээ дагаад хөл хорио тогтоосон эхний өдөр орлого нэмэгдсэн. Өдөрт 700-800 мянган төгрөгийн орлого ордог байсан бол 1.5 сая төгрөгийн орлоготой байлаа. Харин өнөөдөр хүн багатай байна” гэлээ.

ХУДАЛДАГЧ: НӨӨЦИЙН МАХ ИРЭЭД ӨДӨРТӨӨ Л ДУУСАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Лаки” найман нэрийн дэлгүүрийн худалдагч Ц.Тэгшээ “300.000 төгрөг яг хэрэгтэй хүндээ хэрэг болж байгаа байх. Ихэнх нь л хүнсний ногоо, талх, гурил, саван, угаалгын нунтаг, гурил будаа гээд яг хэрэгцээнийхээ юмыг авч байна. Мөн нөөцийн мах авч байна. Манай дэлгүүрт 8-10 шуудай нөөцийн мах хоноод дуусдаг байсан бол 300.000 бууснаас хойш өдөртөө л дуусаж байна. Орлого нэмэгдээгүй гэж хэлэхгүй ээ. Яг мөнгө буудаг өдөр бол бужигнасан. Хоол хүнс нөөцөлсөн байх. Харин өнөөдөр л орлого багатай байна.

Сүү, өндөгний үнэ цаанаасаа нэмэгдэж ирлээ. Заримыг нь ч авсангүй ээ. Хил гаальтай холбоотой юм уу, мөнгө буусантай холбоотой юм уу. Ёстой мэдэх юм алга” гэв.

Тэрбээр дэлгүүрт орж ирж буй иргэдэд халуунаа хэмжихийг, QR кодоо уншуулахыг сануулж байлаа. Биднийг ийн ярилцаж байх зуур тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан нэг залуу найман ширхэг лаазтай пиво аваад гарлаа.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Зарим иргэд мөнгөө авч чадахгүй дэлгүүрт картаа үлдээж, гурил, будаагаа авч байхад, зарим нь пиво авч мөнгөө хэрэгцээгүй зүйлд зарцуулж байна. Гэхдээ энэ нь хувь хүний сонголт тул буруутгах боломжгүй юм. Ямартай ч 300.000 төгрөг олгосны буянд хүнсний дэлгүүрүүдийн өрийн дэвтэр нимгэрчээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-13 08:13

Одоо хүртэл миний мөнгө ороогүй л байна

Зочин
Зочин
2021-04-13 13:19

Зарим ороогүй нь тэгийшд, мөнгөтэй хоолтой з�##�г�##�аа гээд гэртээ хэвтээд бхад орохгүй гонжироод бхаар чинь угаасаа бат орно гээд зээл тавийшд өлсөөд стрессдвэл дархлаа сулраад бүүр коронадаж ч магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button