EU REPORTER: А.Лукашенко Х.Баттулгын хамаарал бүхий хүнтэй хамтарч, мөнгө угаасан уу

Гадаадын EUREPORTER хэвлэлд, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ба манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нарт холбогдох нэгэн нийтлэл гарчээ. Нийтлэл Х.Баттулгын зөвлөх асан М.Отгонжаргалын хувь эзэмшдэг компаниар дамжуулан А.Лукашенко Монголын зах зээл дээр мөнгө угаадаг байсан уу гэх агуулгатай. Нийтлэлийг орчуулан хүргэж байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Европын холбоо, Швейцар, болон АНУ-аас Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү ба бусад холбоотнуудын 59 хүний хөрөнгө, дансыг царцаасан байдаг. Үүнтэй зэрэгцэн Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ Монгол улсаар дамжин Эстони болон Бүгд Найрамдах Доминик улс дахь оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь илэрчээ.
Лукашенко их хэмжээний орлого олдог хэд хэдэн компанитай байсан бөгөөд тэдний нэг нь “Belaz” аж. Беларусь улсын төрийн эзэмшилд байдаг “Belaz” компани нь Монгол дахь албан ёсны дистрибьютор “United Belaz Machinery”-ээр дамжуулж ачааны машин гэх мэт зүйл худалдаалдаг байна.
“United Belaz Machinery”-ийн хувьцаа эзэмшигчид дунд М.Отгонжаргал, дэлхийн самбо бөхийн гурван удаагийн аварга Владимир Геннадьевич Яприцев багтдаг байжээ. Яприцев Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай найзын холбоотой аж. Харин М.Отгонжаргал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо М.Отгонжаргал Монгол Улсын прокурорын байгууллагад албан тушаал хашдаг гэх. “United Belaz Machinery” нь “United Belaz Machinery Investment” нэртэй монгол охин компанитай.
Лукашенко Монгол Улсад уул уурхайн хэрэгсэл худалдаална гэх нэрийдлээр тус охин компаниар дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй аж. “United Belaz Machinery” компани Багануурын нүүрсний уурхайд дөрвөн нүүрс ачигч, буулгагч болон бульдозер худалдаалжээ. Мөн тус компани Эрдэнэт үйлдвэрт 27 тэрбум төгрөгийн үнэ бүхий 35 ширхэг уул уурхайн хэрэгсэл худалдсан байна. “Eu reporter” сайт энэхүү худалдааны ард Х.Баттулгын нөлөө байсан уу хэмээжээ.
Эх нийтлэлийг энд дарж уншина уу.
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.