УЛС ТӨР

АН-ЫН “САЛАЛТ” ба Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн ШААНС

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж дуусав.

Хоёр хуваагдсан АН-д хоёр аль гайгүй гэх гишүүд нь хоёр хуваагдан, найман хүн бүртгүүлэв. Харин цаашид хэрхэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх, нэг намыг төлөөлөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Эвлэрэх үү, энэ чигээрээрээ шуудайнд хийсэн эвэр шиг тал тал тийш харж зүтгэсээр  ялагдал хүлээх  үү.

М.ТУЛГАТ ТАЛЫН НЭР ДЭВШИГЧИД “МУУ НЭРТЭЙ”

Одоогоор М.Тулгат даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд:

 Ерөнхий сайд асан Р.Амаржаргал

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганбат

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдээд байна.  

М.Тулгатын талд одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж буй ганц хүн байгаа бол бусад нь экс гишүүд байх аж. Тэдний дундаас шаанс арай өндөр гэж яригдаж буй нь Р.Амаржаргал, Ц.Оюунгэрэл.

Р.Амаржаргалын хувьд барагтаа дуугараад байдаггүй, дотогшоо, санаатай тулдаа муу нэр гэх зүйл бараг үгүй хүн. Гэхдээ УИХ-ын гишүүнээсээ өөрөө татгалзаад улс төрөөс гарлаа гээд явж байсан хүн Ерөнхийлөгч хийж чадах болов уу. Ерөнхийлөгч хийж чадахгүй нь ээ гээд хаяад явахыг хэн үгүйсгэх вэ.

Түүнчлэн нэр хүнд нэлээд сайтай байсан Ц.Оюунгэрэл сүүлийн өдрүүдэд хэт попроод, олны анхаарлыг татах гээд сошиал хаягаараа хэт “тоглоод” байгаа нь инээдтэй ч, муухай ч харагдана билээ.

Харин С.Эрдэнэ, Д.Ганбат, Л.Гүндалай нарын хувьд олон нийтэд нэр муутай болсон нь илт мэдрэгдэж буй. Гэвч тэд өөрсдийгөө ийн “тоожээ”. С.Эрдэнэ намаа хагалан бутаргаж хоёр хуваасан гол “хэрэгтэн”. Д.Ганбат бол УИХ дахь АН-ын бүлгээ түүхэнд байгаагүйгээр хамгийн муу удирдаж байгаа улс төрчөөр нэрлэгдсэн. Л.Гүндалайгийн хувьд сошиалаар архидан согтуурахыг бараг бүтэн жил сурталчилсан хүн.  Ерөнхийлөгийн сонгуульд өрсөлдөнө гэхэд итгэж өгөхгүй л сууна.

О.ЦОГТГЭРЭЛ ТАЛЫН НЭР ДЭВШИГЧИД “МАРГААН” ДАГУУЛНА

Харин О.Цогтгэрэл даргатай АН-ын Дотоод сонгуулийн хороонд:

 УИХ-ын гишүүн С.Ганбаатар

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг

УИХ-ын гишүүн Д.Ганбат

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар бүртгүүлээд байна.

О.Цогтгэрэл талд бүртгүүлсэн хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүн Д.Ганбат дахин бүртгүүлсэн нь ихэд сонин. Хоёр туулай хөөсөн хүн хоосон үлдэхийн үлгэр байдаг ч тэрбээр үүнийг боломж гэж харсан бололтой юм.

Түүнчлэн МАХН-аас гараад АН-д элсээд ганцхан хонож буй С.Ганбаатар нэр дэвшиж байна. Намын хууччуулын хэлж буйгаар С.Ганбаатарын энэ үйлдэл хууль бус гэх. Өөрөөр хэлбэл АН ганц хоногийн өмнө элссэн нам солигчыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж бөөн хэрүүл болж буй сурагтай. Түүнчлэн АН-аас хасагдаж, хөөгдсөн байсан УИХ-ын Н.Алтанхуяг уг нь бие даагч статусаар УИХ-д суусан. Гэвч одоо АН-аас өрсөлдөхөөр боллоо гэх нь тэр. Хууль зүйн талаасаа бас л бөөн хэл ам болох нь тодорхой байна.

Харин ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин сүүлийн үед өрнөөд байгаа АН-ын дотоод асуудалд оролцохгүй, чимээгүйхэн байж байгаад гэнэт гар ирлээ. Ингэхдээ Ерөнхийлөгч талын АН-аас өрсөлдөхөөр бүртгүүлж байна. Түүний хувьд хэдэн жилийн өмнө Д.Сарангэрэл гэх бүсгүйтэй нэр холбогдож, карьерээ унагааснаас хойш их даруу болсон, бусдыгаа бодвол үнэлгээ гайгүй яваа улс төрчдийн нэг юм.

Одоо АН-ын хувь заяа хаашаа эргэх, юу болохыг харж, ажиглах л үлдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 48.1.7-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглоно” гэж заасан учир сэтгэгдлийг хаав.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button