Нийгмийн

О.Солонго: Хүүхдүүд коронавирусээс ​гадна риновирус, энтеровирусийн халдвар авч байна

Хүүхдүүд коронавирусээс ​гадна риновирус, энтеровирусийн халдвар авч байгаа талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч, анагаах ухааны доктор, хүүхдийн уушгины эмч О.Солонго хэвлэлд өгсөн тодруулгадаа дурджээ.

Тэрбээр “Зуны улиралд томуу, томуу төст өвчлөл багассан. Улсын хэмжээнд амьсгалын замын халдвараар өвчилж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 65 орчим хувь нь 0-4 насныхан байна. Томууны халдвар авсан тохиолдолд 1-4 хоногт шинж тэмдэг илрэх боломжтой. Коронавирусийн илрэх хугацаа дунджаар тав хоног. Гэхдээ хожуу буюу 7-14 хоногийн дараа ч шинж тэмдэг илэрч болно. Ханиад шуухинаа буюу томуу төст өвчин 200 гаруй төрлийн вирусээс үүсдэг, ямар вирусийн халдвар гэдгээс шалтгаалан илрэх шинж тэмдэг өөр өөр. Ихэвчлэн хамар битүүрэх, нусгайрах, хоолой өвдөх, цөөн ханиах, бага хэмтэй халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Гэхдээ шинж тэмдэг аажим эхэлдэг онцлогтой. Бага насны хүүхдүүдэд халуурах, ханиалгах, өтгөн шингэрэх, гүйлгэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Өсвөр насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнийхтэй төстэй буюу цээжээр өвдөх, амьсгал давчдах, үнэр, амт мэдрэхгүй болох зэрэг зовуур илэрч байна. Ковид-19-ээс гадна риновирус, энтеровирусийн халдвар хүүхдүүдийн дунд элбэг байна. Энэ нь нусгайрах, халуурах, шингэн алдах, бөөлжих зэрэг нийтлэг шинжүүд илэрнэ. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах хэрэгтэй” гэжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button