УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дүүргийнхээ ЕБС-иудад сургалтын цахим систем нэвтрүүлжээ

Тэрээр УИХ-ын Боловсрол шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр хэдэн хэдэн чухал ажлуудыг санаачилжээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Сүхбаатар дүүргийн ЕБС-иудын багш нарын төлөөлөлтэй уулзалт хийж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд боловсролын салбарт хийж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа явцаас танилцуулаа.

Уулзалтад Сүхбаатар дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн багш, захирал, менежерүүдийн төлөөлөл цугласан юм.

-УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг дөрвөн хуулийн төслийг ахалж, батлуулжээ-

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Миний бие Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдын итгэлийг хүлээн УИХ-д сонгогдоод нэг жил орчим болж байна. Миний бие УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо Тэгш боломж, Шударга нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулж, хүүхэд хаана төрөхөөс үл хамаарч боловсролыг тэгш хүртээмжтэй авдаг болгоход онцгойлон анхаарна гэдэг амлалтыг та бүхэндээ өгсөн. Тэр ч утгаараа Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр ажиллаж, хүний эрхийг хангах, хүний эрхийн тухай гол хуулиуд дээр ажиллаж байна.

Мөн УИХ-ын Боловсрол шинжлэх ухаан спортын байнгын хорооны гишүүнээр ажиллаж, үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр хэдэн хэдэн чухал ажлуудыг санаачилж, эхнээсээ ажил хэрэг болоод явж байна.

Өнгөрсөн хугацаанд “Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль”, “Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль”-ийн төслүүдийн Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, хаврын чуулганаар бүгдийг нь батллууллаа.

Түүнчлэн боловсролын салбарт хийж хэрэгжүүлэхээр зорьж, төлөвлөсөн ажлуудаа шат дараатайгаар хийж байгаа. Өнгөрсөн намар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдвийн хүрээнд гурван удаагийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эдгээр хэлэлцүүлэгт 350 гаруй боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, боловсролын чанар, хүртээмж, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон шийдлийнхээ талаар нээлттэй ярилцаж, санал санаачилгуудыг гаргаад байна.

Харин энэ оны нэгдүгээр сард дүүргийнхээ ЕБС-иудын багш нарт зориулсан “Багшийн хөгжил, ур чадвар боловсролын реформын үндэс” сэдэвт цахим систем, арга зүйн 5 өдрийн сургалтыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарынхаа хамтаар зохион байгуулж, давхардсан тоогоор 2000 гаруй багш хамрагдсан.

-Сургалтын цахим системийг СБД-ийн нийт 24 сургуульд амжилттай нэвтрүүлжээ-

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр боловсролын салбар танхимын сургалтаа цахим хэлбэрт шилжүүлээд үндсэндээ 2 хичээлийн жилийг үдэж байна. Энэ нь манай улсын боловсролын салбарт ихээхэн хүндрэл үүсгэж, сургалтын нэгдсэн цахим системгүйгээс багш, сурагчдын ачааллыг ердийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдүүллээ. Энэ хугацаанд ЕБС-иудын багш нар сурагчидтайгаа фэйсбүүк групп, чат зэрэг сошиал флатформуудаар харилцаж, боломжит бүхий л аргаар сургалтын үйл ажиллагаагаа тасалдалгүй явуулж ирлээ. Тиймээс миний бие 2022 оны нэгдүгээр сараас эхлэн СБД-ийнхээ ЕБС-иудад Гүүглийн сургалтын цахим системийг нэвтрүүлэх ажлыг хийж хэрэгжүүллээ. Манай дүүргийн хувьд төрийн болон төрийн бус өмчийн нийт 49 ЕБС үйл ажиллагаа явуулдаг ба тэдгээрийн зарим нь өөрсдийн гэсэн цахим системийн тусламжтайгаар сургалтаа явуулдаг юм билээ. Тиймээс бид сургуулиудынхаа дунд судалгаа хийж, цахим систем нэвтрүүлэх хүсэлтээ илэрхийлсэн сургуулиудад эхний ээлжинд нэвтүүлээд байна. Одоогийн байдлаар нийт 23 сургуульд бүрэн нэвтрүүлж, цахим системийг сургалтдаа хэрхэн ашиглах талаар шат дараатай сургалтуудыг явуулж тэдгээр сургуулийн багш, сурагч, эцэг эхчүүд өдөр тутамдаа ашиглаад явж байна.

Цахим системийг нэг удаа нэвтрүүлээд орхих биш байнгын хөгжүүлэлт шаарддаг зүйл. Тэр ч утгаараа цаашид улам хөгжүүлээд явах бүрэн боломжтой гэж харж байна.

-Түүний хүсэлтээр Мобиком корпораци боловсролд зориулсан дата багц гаргажээ-

Бүх шатны боловсролын байгууллагын сургалт цахимаар явагдах болсон энэ үед зарим багш, сурагч, оюутнуудын хувьд ихээхэн хүндрэл үүсч байсан. Тодруулбал, хоёр багш тутмын нэг нь сургалтдаа зориулж дата хэрэглээндээ сард 20,000-30,000 төгрөг зарцуулдаг бол оюутнууд WiFi-гүй орчинд Zoom, Teams, Google Classroom-ээр хичээлдээ орохдоо өдөрт 1500 төгрөг зарцуулдаг байсан. Тиймээс миний бие энэ асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэхийн тулд БСШУСБХ-ны гишүүний хувиар өнгөрсөн хоёрдугаар сард үүрэн телефоны оператор компаниуд руу цахим сургалтад зориулсан хөнгөлөлттэй үнийн дата багц гаргах хүсэлтийг илгээсэн. Уг хүсэлтийг Мобиком корпораци хамгийн түрүүнд хүлээн авч, 30 хоногийн турш 4000 төгрөгөөр худалдан авч, 24 их, дээд сургуулийн веб хуудас ЕБС-иудын вэб хуудас, Google Classroom, Gmail, Zoom, Teams, Skype, Telegram апликейшн болон сургуулиудынхаа цахим хуудас руу хязгааргүй хандаж, хэрэглэх боломжтой "Академи" багцыг худалдаанд гаргасанд ихээхэн талархаж байна. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрт буй багш, оюутан, сурагчид маань цахим хичээл болон бусад цахим сургалтад хамрагдахдаа бага төлбөр зарцуулуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

-ЭЕШ-д бэлтгэх эрчимжүүлсэн сургалтад СБД-ийн 1800 гаруй сурагч идэвхтэй хамрагдаж байна-

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн дүүргийнхээ ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдийг ЭЕШ-даа амжилттай оролцож, хүссэн мэргэжлээрээ их, дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлүүдээр ЭЕШ-д бэлтгэх эрчимжүүлсэн 3 сарын сургалтын зохион байгуулж байна. Уг сургалтад одоогоор англи хэлний хичээлд 1269, нийгмийн ухааны хичээлд 1202, математикийн хичээлд 1350 төгсөх ангийн сурагч идэвхтэй хамрагдаж, хичээл тус бүр дээр дунд болон ахисан шатны ангиудад хуваагдан суралцаж байна. Сургалтыг МУ-ын Зөвлөх болон Тэргүүлэх зэрэгтэй сургагч багш нар удирдан явуулж, сурагчид нийтдээ 140 цагийн хичээл, 280 гаруй сорил дээр ажиллаж, мэдлэгээ бататгаж байна. Ингэхдээ өмчийн хэлбэр үл харгалзан, хамрах хүсэлтэй бүх сургуулиуддаа адил тэгш боломжийг олголоо.

Боловсролын салбарт гадаад харилцаа ихээхэн чухал. Тэр ч утгаараа Европарламентын гишүүн Норберг Нойзерын хөгжиж буй улсуудын хүүхдийн хөлбөмбөгийн дэмжлэг KICK FOR HELP төслийг дүүргийнхээ 2 болон 16 дугаар сургуулиудад хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Цар тахал намжихаар Монголын багш нар ХБНГУ-д очиж туршлага судалж, герман багш нар Монголд ирж сургалт явуулах юм.

Мөн дүүргийнхээ ЕБС-иудад Герман хэлний сургалтын нэвтхүүлэх, ПАШ хөтөлбөрийг ЕБС-иудад хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ бүх ажилд сурган хүмүүжүүлэгч багш нар та бүхний минь нөр их хичээл зүтгэл маш их байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Та бүхэндээ маш их баярлалаа” гэлээ.

Видео линк : https://youtu.be/mjo9rCvSLY0

-Үр бүтээлтэй ажилласан багш нартаа шагнал гардууллаа-

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг салбартаа ажил, үйлсээрээ тэргүүлсэн багш нарт шагнал гардууллаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгээр СБД-ийн 35 дугаар сургуулийн Сургалтын менежер А.Мөнхсайхан, БШУСЯ-ны Жуух бичгээр СБД-ийн 6-р сургуулийн математикийн багш У.Өлзийбүрэн, “Оюуны тулга” сургуулийн багш Х.Төмөрчөдөр, 2-р сургуулийн нийгмийн ухааны багш Б.Мөнгөнцэцэгийг шагнасан юм.

Мөн сургалтын цахим системийн хэрэглээнд бусдыгаа манлайлан ажилласан 6-р сургуулийн математикийн багш Ц.Тунгалагбаярыг ухаалаг таблетаар шагнаж, нийт багш нартаа баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button