Нийгмийн

Өнөөдөр Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр тохиож байна

Жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Энэ жилийн Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Олон улсын хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн Газар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас хамтран хүүхдийн хөдөлмөрийг устгахыг уриалж, энэхүү ил захидлыг илгээж байна. 

Ээж аавдаа туслан аяга, тавгаа угааж, гэрээ цэвэрлэж байгаа хүүхдүүд бодогдож байна уу? Эсвэл, барилга дээр ажилладаг, гудамжинд наймаа хийдэг, гуйлга гуйдаг, машин угаадаг, мал хариулдаг, бусдыг зугаацуулж, эсвэл хөлсөөр морь унадаг хүүхдүүд төсөөлөгдөж байна уу?

Хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд асар их эрсдэлийг бий болгодог төдийгүй, хүүхдийг хөгжих, ирээдүйд зохистой хөдөлмөр эрхэлж, сайхан амьдрах боломжийг нь хулгайлан, боловсрол, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүй, нийгэмших байдалд нь асар их саад учруулдаг. Хүүхдийн хөдөлмөр нь үе дамжсан ядуурлыг улам гүнзгийрүүлж, хүүхэд бүрийн Хүүхдийн эрхийн конвенцоор олгосон эрхийг бүрэн хангаж чадахгүй байна.

Дэлхий даяар сүүлийн 20 жил хүүхдийн хөдөлмөр тууштай буурч байсан билээ. Гэтэл ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо анх удаагаа 160 сая болон өслөө. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж буй гэсэн үг юм. Тэдний бараг тал хувь нь буюу 79 сая нь хүнд, хортой хөдөлмөр эрхэлж байна. Монгол Улсад 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Ихэнх хүүхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй боловч 15-17 насны хүүхдүүд барилга, уул уурхайн салбарт аюултай ажил эрхлэх нь түгээмэл байна. Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд мөн албан бус салбарт олноор ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр (2012 он) Монгол улсад 2000-аад онд хүүхдийн хөдөлмөрийг бууруулахад ихээхэн ахиц дэвшил гарч, аюултай ажил эрхэлж буй хүүхдүүдийн тоо дөрөв дахин, тэр дундаа охидын тоо ес дахин буурсан боловч эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож буй 10-14 насны хүүхдүүдийн тоо нэмэгджээ.

Монгол Улс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ОУХБ-ын 182 дугаар конвенцод 2001 онд нэгдэн орж, насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг 2016 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг 2012-2016 онд батлан хэрэгжүүлсэн. Хүүхдийн хөдөлмөрийн судалгааг 2006, 2009, 2012 онуудад тус тус гүйцэтгэн, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2021 онд Хүүхдийн санг байгуулан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, хүүхдийн хөдөлмөрийг устгах олон санал санаачилгуудыг хэрэгжүүлж байна. Эдгээрийн заримыг олон улсад сайн туршлага хэмжээн үзэж, бусад улс орнуудад түгээн дэлгэрүүлж байгаа билээ.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2021 оныг Хүүхдийн хөдөлмөрийг устгах олон улсын жил болгон зарласантай холбогдуулан энэ жилийн дэлхийн өдрөөр хүүхдийн хөдөлмөрийг устгах чиглэлээр авсан арга хэмжээгээ дүгнэж, цаашид авах арга хэмжээгээ ярилцах түүхэн боломж олдож байна. Энэ жилийн дэлхийн өдрийг Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай ОУХБ-ын 182-р конвенцыг дэлхийн бүх улс орон соёрхон баталснаас хойш тэмдэглэж буйгаар онцлог бөгөөд Ковид-19 нөхцөл байдалтай холбоотойгоор өмнө гаргасан ахиц дэвшлээ хадгалж үлдэх хүндхэн сорилт тулгарсан цаг үед тохиож байна.

Бид, хүүхдийн хөдөлмөрийн суурь шалтгаан болсон олон асуудлуудтай тэмцэх хэрэгтэй байна. Тухайлбал, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, ядуурлыг устгах, хүүхдэд өмч мэт хандах хандлагыг өөрчлөх, эмзэг, цочролд өртөмхий байдлыг бууруулах, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эцэг эх, насанд хүрэгчдэд чиглэсэн зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, сургуулиас хөдөлмөр эрхлэх шилжилтэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгахад онцгой анхаарах хэрэгтэй байна.

Бид, хүүхэд бүр бага насаа аз жаргалтай өнгөрөөн, мэдлэг боловсролтой, ур чадвар эзэмшин хөдөлмөрийн харилцаанд хөл тавих боломжийг нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэх ёстой.

Бид, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, тэр дундаа хүнд, аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн насны доод хязгаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулахыг олон нийтэд уриалж байна.

Бид, нийгмийн хамгааллын арга хэмжээг сайжруулж, илүү оновчтой болгох, амьдрал, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, төсвийн хүний эрхэд суурилсан үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэх, мэдээлэл цуглуулах ажлыг боловсронгуй болгож нотолгоонд суурилсан үндэслэл бүхий бодлого, шийдвэр гаргахыг дэмжиж буй бөгөөд хүн бүрийн хандлага, сэтгэлгээнд өөрчлөлт хийхийг уриалж байна.

Бид, албадан хөдөлмөр, орчин үеийн боолчлол, хүний ​​наймаа, хүүхдийн хөдөлмөрийг дэлхий даяар устгахын төлөө Тогтвортой хөгжлийн зорилт 8.7-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн Дэлхийн түншлэлд нэгдэж, амлалт авч, хэрэгжүүлэхийг Засгийн газар, бизнес эрхлэгчид, ард иргэдээсээ хүсэж байна.

Өнөөдөр – 2021 он. Хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг устгах тухай тогтвортой хөгжлийн  зорилтод хүрэхэд бидэнд ердөө л  дөрвөн жил үлдээд байна.

Бид яг одоо арга хэмжээ авах ёстой: Хүүхдийн хөдөлмөрийг устгая!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button