Нийгмийн

Дахин зургаан тамирчнаас халдвар илэрч, Токиогийн олимпоос хасагдлаа

Токио хотод очсон Чилийн таеквондоч Ф.Агирре коронавирусийн халдварын улмаас олимпод оролцох боломж болж, хасагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь түүнтэй адил шалтгаанаар олимпийг орхих тамирчдын тоо нэмэгдсээр.

ОХУ-ын усанд сэлэгч, 400 метрийн хувийн төрөлд энэ жил Европын аварга болсон Илья Бородины Токиог зорихоос өмнөх шинжилгээний хариу эерэг гарсан тул нутагтаа үлдэж, олимпийг өнжихөөр болов.

Оросын усанд сэлэлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Виктор Авдиенко усанд сэлэгчдээс нь эерэг гарсан цорын ганц тамирчин болохыг онцолжээ. Уг нь тэрбээр Токиод медаль горилж очих тамирчдын нэг байв.

Түүнчлэн Их Британийн таваг буудлагын тамирчин, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Амбер Хилл коронавирусийн халдвартай нь батлагдсан тул Токиог зорихоосоо өмнө тусгаарлагдаж, олимпийг өнжихөөр болов.

“Өчигдөр шинжилгээний хариу эерэг гарсны дараа би олимпийн наадамд оролцож чадахааргүй боллоо. Надад ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа ч дүрэм журмын дагуу 10 хоног тусгаарлагдах ёстой болж байна. Одоо бүх зүйлийг дахин эхлэхийн тулд хэсэг хугацаанд завсарлага авахаас аргагүй боллоо” хэмээн 23 настай мэргэн бууч бүсгүй инстаграмдаа бичжээ.

Европын наадмын аварга тэрбээр Токиод гарцаагүй медалийн төлөө өрсөлдөхөөр байсан ч ийнхүү Парисын олимпийг хүлээхээс аргагүй болов.

Тэднээс гадна Недерландын скейтбордчин Кэнди Жейкобс, Чехийн ширээний теннисчин Павел Ширучек, Америкийн волейболчин Тейлор Крабб нар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул олимпийн наадамдаа оролцож чадалгүй нутаг буцахаар боллоо.

Ингэснээр долдугаар сарын 1-нээс хойш олимпийн наадамд оролцогчдоос илэрсэн халдварын тоо 91-д хүрээд байна гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button