НИЙГЭМУЛС ТӨР

АН: Д. Монголхүү, Э.Одбаяр нарыг батлан даалтаар сулла

Өнөөдөр /2021.10.19/ АН-ын төлөөллөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Д.Ганбат, М.Тулгат нар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдоод буй иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлаар мэдэгдэл гаргасан байна.

Тодруулбал, иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын иргэдийг батлан даалтаар суллах хүсэлт бүхий мэдэгдлийг тэд прокурорын байгууллагад хүргүүлэхээр болсон байна.

Мэдэгдэл:

Монгол Улсын Үндсэн xуулийн 16 дугаар зүйлийн 10, 16-д заасны дагуу иргэд сайн дураар эвлэлдэн нэгдэж, улмаар Ковид-19 цар тахлын үеэр хууль иргэдэд үйлчлэх авч, эрх мэдэлтнүүдэд үйлчлэхгүй байх “Давхар стандарт” үзэгдэл бодитоор бий болоод байгааг эсэргүүцэн #NoNaadam, #NoDoubleStandart зэрэг хөдөлгөөнүүдийг өрнүүлсэн билээ. Эдгээр хөдөлгөөнүүд эрх баригчдыг шүүмжилж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлж ирсний гол зорилго нь МАН-ын дангаар бүрдүүлсэн Засгийн газрын үед Үндсэн хуулийн 14.1-д тунхагласан “хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” суурь зарчим алдагдаж буйг эсэргүүцсэнд оршино гэж АН үзэж байгаа бөгөөд, иргэдийн эдгээр хөдөлгөөнтэй байр суурь нэгтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Цагдаагийн байгууллагын зүгээс иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд нь удаа дараа эрээ цээргүй халдав. Мөн олныг хамарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан дарга нартаа хариуцлага тооцож чадахгүй атлаа энгийн иргэддээ хүч хэрэглэх, дарамтлах, мөрдөн мөшгөх байдлаар илт ялгавартай хандаж, улмаар иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг урьдчилан хорих 461 дүгээр ангид 2021 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн цагдан хориод байна. Тэдний нэг нь өлсгөлөн зарлаад арав гаруй хонож байгаа бөгөөд биеийн байдал нь маш муу байгаа гэх мэдээг эрх баригчид огт тоохгүй байгааг эсэргүүцэж байна. Мөн эдгээр иргэдийг суллахыг шаардан иргэн Ц.Чинбат, Ц.Чинбат нар Сүхбаатарын талбай болон Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд тус тус өлсгөлөн зарлаад цөөнгүй хонож байхад эрх баригчид зориудаар үл тоомсорлож буй нь иргэнийхээ эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалах төрийн үүргээ умартсан эс үйлдэл гэж үзэж байна.

Хүмүүний үндсэн эрхийг үнэт зүйлээ болгосны хувьд Ардчилсан нам нь шударга нийгэм, үнэн зөв үйлсийн төлөө тэмцдэг, тэмцсэнийхээ төлөө дарангуйлалд өртөж буй аливаа иргэдийг намын харьяаллаас үл хамааран өмгөөлөлдөө авч, хуульд заасан боломжит бүхий арга хэлбэрээр эрх ашгийг нь тууштай хамгаалах болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль сахиулах ажиллагаа нь ялгавартай, тэгш бус, алагчилсан болж буй энэ завхралтай бид хэзээ ч эвлэрэхгүй. Иймд:

  1. Монгол Улсын Үндсэн xуульд заасан эрxээ эдэлснийxээ төлөө цагдан хорих 461 дүгээр ангид “таслан сэргийлэгдсэн” иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж байна.
  1. Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг баривчлах явцад цагдаагийн албан хаагчдын зүгээс гаргасан хүний эрхийн зөрчлүүд, хууль бус үйлдлүүдийг шалган тогтоож, цаашид хэрэг шалгах үйл ажиллагаанд хууль зөрчсөн буруу жишгийг дахин давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг прокурорын байгууллагаас шаардаж байна.

АРДЧИЛСАН НАМ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button