ОХУ Украины асуудал Монголд ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ дагуулна

ОХУ-Украин хоёрын дунд цэргийн тулгарал үүсч, бөмбөг дэлбэрч эхэлсэн. Энэ нь хоёр улсын зөрчилдөөн гэхээсээ илүү ОХУ нь НАТО болон АНУ-д цэрэг зэвсгийнхээ хүчийг харуулах далд "санаа" агуулж буй. Хэдийгээр манай улсад буун дуу хадаж, бөмбөг тэсрээгүй ч хөрш улс "найтаавал" Монгол "ханиах" л болно. Учир нь ОХУ-ыг "Цэргийн тулгарлаа зогсоохгүй бол танай улсын санхүүгийн бүх байгууллагад аюул нүүрлэнэ" гэх агуулгаар АНУ тэргүүтэй орнууд анхааруулсан билээ. Тэгвэл хөрш улсад нүүрлэж мэдэх аюул Монгол Улсад тэр дундаа энгийн иргэн бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? гэх асуултад хариулт эрэв.
Үүнд Олон улсын харилцаа, Геополитик, Стратеги, Соёл иргэншил, олон улсын аюулгүй байдал, Монгол Улсын гадаад бодлого судлаач, дэд профессор С.Баясгалан хэлэхдээ "Эл хоёр улсын асуудал монгол улсын эдийн засгийн салбарт л нөлөө үзүүлнэ" гэв. Тиймд Монгол Улсын эдийн засагт ямар замаар нөлөөлөл үзүүлж болохыг Эдийн засагч Д.Ангараас тодрууллаа.
-ОХУ Украин хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарсан нь манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Монгол Улс ОХУ-тай эдийн засгийн гүн хамаарал байхгүй. Тус улсаас зөвхөн бензин, нефть хоёроор л хамааралтай. Тэгэхээр энэ хоёр бүтээгдэхүүн хомстож тодорхой хэмжээний хүндрэл гарна.
-Шатахуун бол инфляцыг тодорхойлогч суурь гурван хүчин зүйлийн нэг шүү дээ. Тэгэхээр инфляц дахин хөөрөгдөж, барааны үнэ өсөх нь ээ?
-Тэгэлгүй яахав. Үүнийг дагаад инфляц өснө. Шатахууны үнэ нэмэгдэнэ. Шатахууны үнэ өссөн юм чинь дагаад л бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орж төгрөгийн ханш улам үнэгүйднэ.
-ОХУ-аас хараат бус байдлаар, шатахууны хомстолд орохгүй байх боломж бий юү?
-Нефтийг бусад улсаас арай өндөр үнээр авах, тасалдуулахгүй байх боломж бий. Тухайлбал, БНХАУ, Казахстан, АНЭУ зэргээс авч болох юм. Энэ бол тус улсаас хамаарал бага байгаагийн илрэл. Давуу тал юм. Хамгийн гол нь бусад улсаас авбал ОХУ-аас авдаг үнээс өндөр өртгөөр авна.
Үнийг хүлээн авагч, тодорхойлогч гэсэн хоёр төрөл байдаг. Бид ОХУ ямар үнэ тогтооно түүнийг л авна. Биднээс хамаарах юу ч байхгүй. Бидэнд сонголт байхгүй.
-Шатахуунаас гадна ОХУ-аас бид импортоор хүнсний бүтээгдэхүүн авдаг шүү дээ?
-Монгол Улс ОХУ-аас маш их хэмжээний худалдааны алдагдалтай. Учир нь тус улс манай улс руу олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болоод түргэн элэгдэх бараа бүтээгдэхүүнийг экспортолдог. Гэхдээ тэдгээр нь орлогдож болох бараа. Үүнд тахианы мах, өндөг, молко, чипс, бичень зэрэг байдаг учраас эдгээр бараанууд тасалдлаа гээд Монгол Улсын эдийн засгийг савлуулах хэмжээнийх биш юм. Гэхдээ барааны үнэд бага зэргийн өсөлт оруулна.
-Бид гаднын улсаас нефтийн бүтээгдэхүүнээр хараат бус байх боломж байсан?
-Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улс Тамсагийн сав газраас үйлдвэр босгох боломжтой байсан. Гэвч төр засгаас буруу шийдвэр гаргасаар ирсэн учраас дэлхийд нэг үйл явдал болоход л Монголд ямар нэг гачигдал гардаг. Энэ мэтээр дэлхийд болж буй үйл явдалд манай улс тайван бус байна гэдэг буруу бодлоготой явж ирснийг ойлгуулж, сануулж байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Харин ч эсрэгээрээ үр дүнтэй байж болно шд, дэлхий орос руу нуруугаа харуулчихаар бидэнд боломж гардаг юм байгаа биз дээ, дундаа зуучлагчтай биш, хэн ч худалдаа хийхгүй нэфтийг нь авахгүй болохоор бидэнд өгч л таарна шд, илүүдэл үүсгэж сул хаялтай биш.