УЛС ТӨР

НЭГ ДОРООС: УИХ-ын чуулганы хуралдаанд хэн, ямар байр суурь илэрхийлж байна вэ

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийн илэрхийлж буй байр суурийг цаг тутам шинэчилж, нэг дороос мэдээлж байна.


НЭМЭЛТ: 14:30

Д.Тогтохсүрэн: Иргэдийн орлого багасч, дундаж давхарга доошилж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар: Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-дах МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.

Тэрбээр: Сүүлийн үед улс орон, нийгэм эдийн засгийн байдал хүндхэн байна. Гадаад дотоод олон хүчин зүйл нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Иргэдийн орлого багасаж, дундаж давхрага доошилж байна. Энэ бол бодитой зүйл. ХНХ-ийн сайдаас асуумаар байна. Статистик тоо худал гаргаад байгаа юм. Ажилгүйдлийн тоо зөрүүтэй байна. Бага тоо гаргаад байгаа байхгүй юу. Ажилгүйдлийн түвшин маш өндөр байгаа. Ковидтой холбоотой ААН-үүдийн тоо хумигдсан. Гэвч бүртгүүлдэггүй. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоогоор гайгүй гараад байдаг. Бодит байдлаар танай яамд гаргасан тоо бий юу. Ядуурлын тоо нэмэгдээд байна. Тоогоор нь хэлж өг. Хоёрдугаарт, Б.Жавхлан сайдаас асуумаар байна. Мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлэх нь зөв. Харин төсвийн бодлогоо яах вэ. Ойрын үед төсвийн тодотгол яригдах уу. Миний харж байгаагаар импортоо багасгах шаардлага байна. Мөн хөрөнгө оруулалтаа танахгүй юм уу. Хөрөнгө оруулалт дандаа импортыг дэмжиж, долларыг өсгөж байдаг. Ялангуяа ЖДҮ эрхлэгчдийг дэмжмээр байна. Гадаад зах зээл маш хүнд байна. Бид экспорт, импортны хоригт орчхоод байна. Нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа энэ үед бүтээгдэхүүнээ борлуулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ чиглэлд яаж ажиллаж байна" хэмээлээ.


НЭМЭЛТ: 12:10

Ч.Хүрэлбаатар: Монголбанк долларын ханш худал зарлаад байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн үг хэлэхдээ, Монголбанкийг долларын ханшаа худлаа зарлаад байна. Мөн ирэх онд ч хил нээгдэхгүй хэмээн онцоллоо.

Тэрбээр "2022 онд Монгол Улсын эдийн засагт тулгамдаж байгаа гол асуудал бол бүх юмны үнийн өсөлт. Хүнс, шатахуун, тоног төхөөрөмжийн үнийн өсөлт тулгамдаж байгаа гол асуудал. 2022 онд урд хил нээгдэхгүй байх магадлал өндөр. ОХУ, Украины асуудалтай холбоотой хойд хил амаргүй байна, 2023 онд үргэлжилнэ. Ийм нөхцөл байдалд авах арга хэмжээгээ хурдан ав л даа. Ам.доллар гадуур олдохгүй байна. Монголбанк ам.долларын ханш худлаа зарлаад байна. Бодит ханш Найман шарга зах дээр байна. Бид хоёр өөр ханштай Монгол Улс хэзээ явж байсан юм бэ. Ам.доллар хаанаас яаж олох уу, ханш нь хэд юм, 100 ам.доллар олдохгүй байна" хэмээн бухимдлаа.


НЭМЭЛТ: 11:40

Т.Доржханд: Б.Жавхлан сайд аа, хоёулаа сайхан мэтгэлцэж болно

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд асуулт асуухад түүний хариултад Сангийн сайд С.Жавхлан хариулахдаа "Танин мэдэхүйн асуултад нь хариулъя" хэмээсэн.

Түүнийг хариулт өгч дууссаны дараа Т.Доржханд гишүүн "Юм хэлэхээр танин мэдэхүй энэ тэр гээд. Уучлаарай. Тодорхой мэдээллийг нь өгч байгаад ярьж байна. Хоёулаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан мэтгэлцэж болно. Бүх зүйл болж, бүтэж байгаа мэтээр тайлбарлахаа боль. Ханшаа бид нар алдчихаад байгаа биз дээ. Засгийн газар болон Монголбанкан дээр энэ асуудлаар хариуцлага тооцох асуудал ярьж болно" хэмээлээ.


НЭМЭЛТ 11:30

Б.Жавхлан: Өчигдөр 540 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Т.Доржханд гишүүн танин мэдэхүйн асуудал асууж байна. Гол түүхий эдүүдийн үнэ өндөр байхад хангалттай хэмжээгээр гаргаж чадахгүй байгаа нь харамсалтай. Эксдорт зогсоогүй байгаа. Эрдэнэтийн экспорт хэвийн, хэвийнээс ч өндөр явж байна. Ерөнхий сайд олимпын үеэр очиж хэлэлцээ хийснээр гуравдугаар сар гарсаар экспорт багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Өчигдөр гэхэд 540 чиргүүлтэй автомашинаар нүүрс гарсан. Сүүлийн 14 хоног ковидын тохиолдол хилийн наана илрээгүй ч, цаана очоод илэрсэн" хэмээлээ.


11.20 ЦАГ

Г.Дамдинням: Л.Халтар сайд аа, ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, -ийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Тогтоолын төсөлд нэмэлт өөрчлөлт орхуулна гэдэг нэртэй оруулж ирж байгаа болохоос Дарханы замын санхүүжилтийн шинэ урсгалыг оруулж ирж байгаа. Дарханы замын асуудлаар хоёр жил үзэж тарж байна шүү дээ. Өнгөрсөн жил Европын сэргээн босголын банкны урсгалын санхүүжилт зогссон. Хариуцсан яам нь үүргээ биелүүлээгүйн улмаас ажил нь сар хагас зогссон. Барилгын улирал эхэлсэн ч зам дээр нэг ч хүн байхгүй байна. Та нар "Тогтоолын төсөл" гэж нэрийг нь нуугаад байгаа боловч төслүүдийн санхүүжилт шүү дээ. Ажлаа харицулагтай ханд аа нөхөд өө. Та нарын өмнөөс бид ард түмнээр очиж загнуулж байна. Энэ миний үг биш Дарханчуудын үг шүү.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: Дарханы замын ажил хоёрдугаар сарын 1 гэхэд эхлэх боломжгүй. Газар гэсээгүй байсан. Харин гуравдугаар сарын 15-наас эхэлнэ гэж танд мэдэгдсэн. Та ажил хийж байгаа хүмүүс рүү дайраад урмыг нь хугалаад байна. Мөн таны ярьж хэлж байгаа байр сууринаас бол Азийн хөгжлийн банканд буруу зөрүү ойлголт үүсэх вий. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Л.Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Би таниас дөрвөн жилийн өмнөх гэрээ, үндсэн чиглэлд тусаад явж байсан юм энэ жил яагаад алга болчихов гэж асууж байна. Инженер техникийн ажилчдын араар битгий нуугдаад бай. Тэд сайн ажиллаж байгаа шүү" хэмээлээ.


10.08 ЦАГ

Н.Алтанхуяг: "Юм"-ны үнэ тэнгэрт хадлаа. Сайд нар мэдээлэл хиймээр байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ерөнхий сайд сайд нартайгаа орж ирээд мэдээлэл хиймээр байгаа юм. Бараа таваарын үнэ тэнгэрт хадлаа, доллар олдохоо байлаа. Долларын өсөлттэй холбоотойгоор бодлогын хүүгээ өсгөх нь зөв юм уу. "Юм"-ны үнэ юунаас үүдэж өсөөд байгаа юм. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Ковид гэж баахан дээрэлхүүллээ. Одоо "юм"-ны үнийн өсөлтөд баахан дарлуулах нь" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Цаг үеийн асуудлаар Ерөнхий сайд мэдээлэл хийх шаардлагатай бол маргааш хийж болно. ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж сууж байна үүнийг анхаарна биз. Дэгийн тухай хуулиар мэдээлэл хийхээр бол долоо хоногийн өмнө мэдээлэл тараагдсан байх ёстой. Хэлэлцэж, мэдээлэл сонсож болох байх хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цагаан сарын дараа хөдөө орон нутгаар явж ажилласан. Ахмадууд тэтгэвэр нэмсэн асуудалд баяртай байна лээ. Нэг шүүмжлэл байна лээ. Сөрөг хүчнийхээ хувьд нэг ч гэсэн төгрөг илүү өгөхийг хичээн. Гэхдээ би МАН-ын сүйхээтэйхэн гишүүн байсан бол тэтгэврийн зөрүүг холдуулахгүй байсан" хэмээлээ.

Мөн тэрбээр "тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилээр тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж өгөх" талаар байр сууриа илэрхийллээ. Улмаар энэ хаврын чуулганаар хэлэлцэхгүй хяхаж хавчвал жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлнэ хэмээсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу өнөөдрийн ярих асуудлаа л яримаар байна. Нийгмийн даатгалын тухай багц хуулийг дөрөвдүгээр сард хэлэлцэнэ. Яаж урьдчилж хараад хэлэлцэхгүй гэдгийг мэдээд байгаа юм бэ. Ганцаараа том толгойлж, ард түмэн буруу ташаа мэдээлэл өгч байх юм" хэмээлээ.


ЭХЛЭЛ: 10.00 ЦАГ

-УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ-

Хувиар ёсоор долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудад УИХ-ын нэгдсэн чуулган хуралддаг билээ. Өнөөдөр пүрэв гарагийн чуулганы хуралдаан 10.00 цагт эхэллээ.

Энэ долоо хоногт хуралдах УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна.

10.00 цагт:

 · Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт /Засгийн газар 2022.03.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2022 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2021.12.28-ны өдөр ирүүлсэн, хаалттай/

· Ерөнхий сайдын мэдээлэл: Эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, шинэчлэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар

тус тус хэлэлцэнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан мэтийн новшнууд байхад энэ улс улам л дампуурна гэхээс

Зочин
Зочин

Хүрэлбаатар томорчээ

Зочин
Зочин

Хэрэлдсэн хүүрүүд

Холбоотой мэдээ

Back to top button