Нийгмийн

Хавтгайн ботгонд "Цэрэг ээжтэй Овоотын ботго" гэж нэр өгчээ

Өмнөговь аймгийн хилийн талбайд эхээсээ төөрсөн хавтгайн ботго хилийн цэргийн 0166 дугаар ангийн харуулыг дагаж ирсэн. Ботгыг харуулаас салахгүй дагаад байхаар нь отряддаа авч ирж, нэг цэрэгт хариуцуулан сүүгээр угжиж байгаа юм. 400 гаруй км-ийн цаанаас манааны цэрэг дагаж хүн бараадсан зэрлэг тэмээ цэрэг эрсийн хайр халамж дунд бойжиж байгаа талаар 0166-р ангиас асууж тодрууллаа.

-Хавтгайн ботго ирэхдээ туниа муутай харагдсан. Одоо хэр тэнхэрч байна?

-Анх ирснээ бодвол угжаар тэжээлгээд илүү тэнхэрсэн. Цэргүүдтэй “пижигнэтэл” тоглоод л явж байгаа.

-Ямар сүүгээр тэжээж байна вэ. Өдөрт хэр их сүү ууж байна?

-Өдөрт 2-3 цагийн зайтай угжаар хооллодог. Манай цэргийн анги өөрөө ингэтэй учраас сүүг нь сааж ботгоо угжиж байна.

-Ингэний сүүгээр хооллодог гэлээ. Ингэнд авахуулах оролдлого хийсэн үү?

-Бид гаршуулахыг төдийлөн зорихгүй байгаа. Яагаад гэвэл хавтгай чинь өөрөө нэн ховор амьтан шүү дээ. Тийм болохоор аль болох зэрлэг байдлыг нь хадгалж үлдэх нь зүйтэй. Харин өвс идэж, биеэ даадаг болох үед нь байгальд тавина. Хавтгай ховордож байгаагийн нэг шалтгаан нь шинээр төрсөн төлийн 70 хувь нь чононд бариулдаг. Тиймээс тухайн ботгыг гаршуулахгүй биеэ даах хүртэл нь тэжээхээс өөр аргагүй болж байгаа юм.

-Ботгондоо нэр өгсөн үү?

-Өгсөн. Цэргүүд эх шиг хандаж буй учир "Цэрэг ээжтэй Овоотын ботго" гэж нэр хайрласан.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Х.УМААХАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-05 09:38

huurhun yum be mundag shuu

Зочин
Зочин
2022-05-05 09:59

buyn ni delgereg

Холбоотой мэдээ

Back to top button