СПОРТ

Гадаадын тамирчныг ялсан анхны монгол хүн, цуут дугуйчин “Нисдэг” хэмээх Ц.Даржаа

Монголчууд олимпын аваргатай болсны 14 жилийн ой уржигдар тохиосон билээ. 2008 оны VIII сарын 14-ний өдөр монголчууд улс төрийн хямралт нөхцөл байдлыг гэтэлгэж, Д.Сүхбаатарын талбайдаа баяр хөөрт умбан байсан. Тэгвэл энэ их амжилт ирэх эхлэлийг тавьсан нэгэн чухал үйл явдал буюу Монголын спортын түүхэнд монгол тамирчин анх удаа гадаадын тамирчдыг ялсан түүхэн үйл явдал 1957 оны зургадугаар сарын 25-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болж, монголчууд олимпын аварга төрүүлснээс дутахгүй ихээр баярлан хөөрч  байсан түүхтэй.

Монгол оронд спорт хөгжих эхлэл ид тавигдаж байсан ч тамирчдын тааруу амжилтаас болоод эргээд “унтрах” ч магадгүй эгзэгтэй үед энэхүү ялалт ирж, спортод хандах хандлага орвонгоороо өөрчлөгдсөн гэдэг билээ.

Тэрхүү түүхэн үйл явдал Монгол-Хятадын дугуйчдын анхны нөхөрсөг уулзалт уралдаанд тохиосон юм. Eguur.mn та бүхнийг гадаадын тамирчдыг ялсан анхны монгол хүн цуут дугуйчин “Нисдэг Даржаа” хэмээн алдаршиж явсан МУГБ Цэвгээгийн Даржаа агсантай нэхэн уулзуулж байна.  

УНАДАГ ДУГУЙ АНХ ХАРСАН МИНЬ

 Намайг долоон настай байхад манай нутагт Улаанбаатараас нэг айл нүүж ирсэн юм. Тэр айл унадаг дугуйтай байсан бөгөөд би унадаг дугуй гэгч зүйлийг анх удаа харж билээ. Айлын хүнийг дугуйгаа унаж явахыг хараад “Энэ ер нь юу юм бол доо. Яагаад уначихдаггүй тогтоод яваад байдаг юм бол” гэж их гайхдаг байв. Хигээс нь наранд гялалзана, тэрийг бас их гайхна аа. “тэнд нэг юм асаад байна, Юу асаад байгаа юм бол” гэж. Манай нутггийнхан тэр хүнийг “Дугуйт хар” гэж нэрлэсэн. Хаана л бол хаана дугуй унаад явж байдаг хүн байсан юм. “Энэ ямар хачин хүн бэ, морь унадаггүй юм байх даа” гэж гайхаж байсан нь сэтгэл үлджээ.  

БАГА НАС

Би 14 хүүхэдтэй айлын дээрээсээ дөрөв дэх нь. Манайх удмаараа малчин айл. Хонь, ямаа голдуу нэлээд олон малтай. Намайг гурав, дөрвөн настай байхад л морин дээр сураар даруулаад хонинд явуулчихдаг байсан гэж аав минь ярьдаг байсан. Гэхдээ хурдны морь бол нэг их унаж байгаагүй ээ.

Олон хүүхэдтэй айл учраас том тогоогоор дүүрэн хоол хийнэ. Тэгээд хөвөн дээр зэрэгцэж сууж байгаад л хоолоо иднэ дээ. Унтахдаа одооных шиг хөнжил энэ, тэр гэхгүй, хөвөн дээр дээлээ нөмрөөд л унтацгаачихна. Зундаа мах идэхгүй. Өвлийн идшийг бол харин сайн бэлтгэнэ. Зааз биш сайн малаараа хийнэ. Иймэрхүү л бор амьдралтай айлд төрж, хүн болсон доо.

МУГБ Ц.Даржаа

Хөдөөнийхөн чинь нүүдэл их хийнэ, нэг газраа удаан байхыг таашаахгүй. Аав, ээж хоёр хониныхоо нэхийгээр хүүхдүүдэдээ өмд гутал, дээл хувцас хийж өгнө. Томынх нь хувцас багадахаар жижигт нь шилжүүлж өгдөг. Намайг нэлээд том болсон хойно аав, ээж хоёр цагаан нэхий дээл шинээр хийж өгөхөд их баярлаж байж билээ. Эцэг, эхийн хайр энэрэл, ач тусыг мартахын аргагүй. Ер нь хүүхдийн хүмүжил гэдэг эцэг, эхээс их шалтгаалдаг юм байна. Ээж, аав хоёр минь үр хүүхдийнхээ дэргэд уурлаж уцаарлахыг цээрлэдэг. Сургамжит үгийг байнга хэлнэ. Тэгээд ажил хөдөлмөрөөр хүмүүжүүлдэг байж дээ.

ХОТ ОРЖ ҮЗЭВ  

Манайх ачлага муутай болчихоод ах маань хот орж хэдэн тэмээ авахаар болоход би анх дагаж хот хүрээ газар ирж үзсэн юм. Хөдөөний хүнд хот хүрээ гэдэг чиньүлгэрийн юм шиг л санагдаж байлаа. Байшингуудыг нь дан шилээр барьчихдаг юм байх даа, зам нь ямар сайхан толигор юм бэ, юугаар хийдэг юм бол доо гэж гайхаж байсан даа. Дэлгүүр хоршоогоор нь явахад их гоё. Янз бүрийн боов, чихэр өрөөтэй байдаг. Тэр үед чихэр гэж юм ер нь байгаагүй.

1980 оны Моквагийн олимпод оролцсон баг тамирчид.
Дасгалжуулагчаар: Гавъяат багш Ц.Даржаа
Тамирчид: ОУХМ Д.Төмөрбаатар, Д.Оргодол, Б.Хаянхярваа, Д.Цолмон, Л.Жаргалсайхан

Ааруул хуруудхан л байна. Тэгэхэд ах маань лууван гэдэг юм авч өгч билээ. Амтны сайхан гэдэг нь. Ер идэж үзээгүй амт л амтагдаж байсан. Ах “Шороотой шүү, сайн арчаад идээрэй” гэж хэлсэн. Би ч арчаад идсэн. Одоо бодоход шороотой нь л идэж байсан байгаа юм.

ЦЭРЭГТ БАЙСАН ҮЕ

Би чинь 17-той байхдаа бас л ахыгаа дагаж, сайн дураараа бүртгүүлээд цэрэгт ирсэн хүн шүү дээ. Тэр үед цэргийн алба гурван жил хаадаг хуультай. Биднээс өмнө зургаан жил байсан. Намар нь Ж.Лхагвасүрэн жанжин Цэргийн Ерөнхий сургуульд оруулснаар миний тамирчин болох гараа эхэлсэн юм. Тэнд байхдаа, дугуй, хөнгөн атлетикаар тэмцээн уралдаанд оролцох болж, “Их бууны хүрэн гуят” гэсэн хоч авч явлаа. Миний бие Ж.Лхагвасүрэн жанжинтай биеийн тамир спортыг хөгжүүлэхийн төлөө их ойрхойн хамтран ажиллаж явсан хүний нэг юм. Гүйлтийн тэмцээнд залуус нүцгэн гүйхээс ичиж, пальто, шарваартай гүйдэг, тэшүүрийн Улсын тэргүүн шалгаруулах уралдаанд зарим тамирчид мөсөн гулгуурын 400 м-ийн тойрог бүрт 2-3 удаа унаж босдог, боловсон хүчин хангалтгүй, тэмцээнд оролцсон хүнийг албан газар нь ажил тасалсанд тооцох зэрэг иргэдийн спортод хандах хандлага сайнгүй байсан хүнд цаг үед Ж.Лхагвасүрэн жанжин спортын төв ордонд төв цэнгэлдэх хүрээлэнд богино хугацаанд бариулж орчин үеийн спорт хөгжих үндсийг тавьсан юм.

1966 он. Дугуйн спортын үндэсний ууган мастеруудад хүндэтгэл үзүүлсэн хувийн бөөн дундын бариатай 150 км-ийн уралдаан.Б.Гантөмөр гуай бүх бариаг аван түрүүлжээ. Зураг дээр зүүнээс: Б.Гантөмөр, Батсүх, Б. Цэдэв, Ц.Даржаа, Д.Павагжамбал, С.Монхойдой, Ч.Саманд

Тамирчин байх хугацаандаа чамгүй амжилт гаргаж байсан ч хамгийн дурсгалтай нь 1957 онд Улаанбаатарт болсон Монгол Хятадын дугуйчдын нөхөрсөг уулзалт уралдаан юм даа.

Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх БТСХэрэг эрхлэх газрын орлогч дарга асан, хурандаа М.Тэрбишийн дурсамж

“Монгол, Хятад хоёр орны соёлын харилцааны гэрээний дагуу БНХАУ-ын хүндийг өргөгч тамирчидтай хийх уулзалт тэмцээнийг 1956 онд зохион байгуулсан юм. Манайд тухайн үед хүндийг өргөлтөөр дагнан бэлдсэн тамирчид байгаагүй тул Улсын циркээс хүчит бөх Д.Дамдин /Дархан аварга/, хүч тамирын үзүүлбэр үзүүлэгч н.Бадарч, н.Шаравдорж, Ц.Бадамсэрээжид, н.Лувсанцэрэн, н.Цэрэндаш, н.Намсрай нарын зэрэг 10-аад тамирчдыг А.Гунгаа багш 15 хоног бэлтгээд оролцсон. Тэгэхэд Хятадын дунд жингийн тамирчин 170 кг-ыг өргөж байхад манай тамирчин Бадарч дөнгөж 120 кг-ийг дааж байсан нь манай тамирчдын түвшин ямар байсныг илтгэнэ.

Энэ үед хятадууд шигшээ багтай, орос дасгалжуулагчтай болчихсон, монгол хүн гадаадын тамирчныг ялж үзээгүй үе байв. Волейболчид БНХАУ-д очиж хожигдсон, тэшүүрчид БНАСАУ-ын тамирчдад Улаанбаатарт хожигдсон гээд олныг нэрлэж болно. Би энэ үед элдвийг эргэцүүлэн бодохдоо “гадаадын тамирчид дандаа ялдаг, монгол хүн ялагддагийн учир юунд байдаг юм бол” гэж ихэд харамсан, сэтгэл гонсгор явдаг байж билээ.

ГАДААДЫН ТАМИРЧНЫГ ЯЛСАН АНХНЫ МОНГОЛ ХҮН

Хятад улсын удаа дараагийн хүсэлт ёсоор 1957 оны зургадугаар сард хоёр улсын дугуйн тамирчдын анхдугаар уулзалт тэмцээнийг Улаанбаатар хотод зохиохоор болсон юм. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх БТСХэрэг эрхлэх газрын дарга, жанжин Ж.Лхагвасүрэн бидэнд “Хятадад суугаа манай Элчингийн мэдээлснээр, саяхан Бүх Хятадын 43 мужийн дугуйчдын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг дугуйчдаа бидэнтэй уралдуулахаар явуулсан бололтой. Энэ уралдаанд манайхан заавал ялах ёстой. Эмэгтэйчүүдээс Пагмажав, эрэгтэйчүүдээс Ц.Даржаа хоёр заавал түрүүлж Сүхбаатарын талбайд орж ир. Хятадын тамирчид гараанаас тасрах байх. Хамгийн гол нь алдчихалгүй ардхан талд нь яваад бай. Бусад тамирчид энэ хоёрыгоо хамгаалж түрүүлэх бололцоог хангах хэрэгтэй. Монгол хүн түрүүлбэл бид бүгдээрээ ялагч байх болно” хэмээн үүрэгдэж билээ.

Ийнхүү эх орныхоо өмнө үүрэг хүлээгээд хэрхэн биелүүлэхээ бодож байхдаа аав, ээжийнхээ эх дэлхий, төрийнхөө сүлдэнд залбирдгийг санаж, олны хөл татарсан хойно Сүхбаатарын хөшөөнд очин нууцаар залбирч байж билээ. Уралдаан эхлэхэд жанжны хэлснээр Хятадын аварга гурван тамирчин тасарсан бөгөөд бид арай л гэж барааг нь харж явлаа. Хятадын тамирчид монголчуудыг хол хаячихлаа хэмээн тайвчирсан байх. Ээлжлэн салхиа хагалж их л додигор явцгаасан.

Зүүн гараас: Чянь Хуай Юй, Ц.Даржаа, Шань Чань Чун. 1957 оны зургадугаар сарын 25

Бариа дөхөөд ирмэгц би хамаг хүчээрээ дайралт хийж, барианд түрүүлж орсон юм.  Хятадууд эхлээд гайхаж байснаа дараа нь заргалдсан. Энэ үед Ж.Лхагвасүрэн жанжин жинхэнэ удирдагч хүний алсын харааг гаргасан даа. Хятадуудад “Хүлээж бай. Бид нэг зураг авсан. Түүнийгээ харж байж болно” гээд хүлээлгээд байсан байгаа юм. Дүн гаралгүй бараг 30 минут болсон. Тэгэх нь ээ, яг барианд орох агшны зургийг авчихсан, түүнийгээ угааж ирэхийг нь хүлээсэн байж. Тэр зурагаас Монголын тамирчин түрүүлсэн нь тодорхой болж, бид үүргээ биелүүлж чадсан юм.

Түүхэн ялалтыг гэрчилсэн гэрэл зураг

Эмэгтэйчүүдээс Пагмажав маань түрүүлж явсан ч барианд орохоос хэдхэн метрийн өмнө дугуй нь хагарч харамсалтай юм болсон. Барианд дугуйгаа түрж орсон ч хятадууд заргалдаад түрүүлүүлээгүй. Мөн ч айхтар улс шүү, “Бид явган хүнтэй уралдаагүй” гэж зүтгээд байсан. Талбай дээр хүмүүс битүү цуглачихсан, хүүхэд хөгшидгүй бөөн баяр хөөр болцгоож байж билээ. Тэр цагаас хойш 51 жилийн дараа олимпын анхны аварга төрж, өвгөн миний өнийн хүсэл биелсэн дээ.        

Төгсгөлийн оронд тайлбар: Би бээр Ц.Даржаа гуайтайгаа  2007 оны эхээр танилцаж, түүнээс хойш ажил хэргийн шугамаар холбоотой болсон билээ. Хүндэт өвгөн ах маань тухайн үед Монголын биеийн тамир спортын ахмадын хороог удирдаж байсан бөгөөд спортын түүх болсон ахмад тамирчдын үүх түүхийг авч үлдэхийн чухлыг сануулан хэлж, цуврал ярилцлага бэлтгэж байв.

Толилуулан буй дуртгалыг 2008 авсан. Ц.Даржаа гуайтайгаа хамт Монголын спортын домог болсон олон цуут тамирчин, зүтгэлтний түүхийг олон нийтэд хүргэсэн ч өөрийнхийг нь яагаад ч юм нийтлэлгүй өдийг хүрсэн гэмээ ийнхүү цайруулж байна.     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 09:27

Мундаг

Зочин
Зочин
2022-08-16 09:31

Монголд гэлтгүй дэлхийн нийтэд спортын том эргэлт хийсэн хүн шүү гайх�##�тай

Зочин
Зочин
2022-08-16 09:42

ERUUUUL ENHIIIG HUSIII TUUH CH MIN

Зочин
Зочин
2022-08-16 12:00

САЙН САЙХНЫГ ХҮСИЙ ТАНЬД

Холбоотой мэдээ

Back to top button