УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсоор айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалын мөрөөр бодит ажлууд хийж байгааг сайшааж, Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэн, хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг бататгахад Гадаад хэргийн сайд Пак Жин-ий айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй гуравдагч хөрш БНСУ нь Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын ард түмэн талархаж байдгийг хэлэв.

Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, бүс нутгийн хөгжил цэцэглэлийн төлөөх үйлсэд хамтдаа хувь нэмэр оруулах өргөн боломж байгааг дурдаж, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ идэвхтэй дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэж, Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн албан ёсны захидлыг гардуулан, Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа БНСУ-д айлчлахыг урив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүсэв.

Цаашид хоёр улс худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахаа Гадаад хэргийн сайд Пак Жин илэрхийлэв.

Уулзалтын үеэр олон улс, бүс нутаг, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал, эрүүл мэнд, хот байгуулалт, дэд бүтэц, соёл урлаг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button