УЛС ТӨР

Монгол, ОХУ, БНХАУ-ын удирдагчдын гурван талт уулзалт эхэллээ

Узбекистан улсын Самарканд хотноо болж буй ШХАБ-ын дээд чуулган болж байна.

Энэ үеэр буюу Узбекстаны цагаар 17:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ, ОХУ-ын удирдагчидтай уламжлалт Гурван талт уулзалт хэлэлцээр эхэллээ. Энэ нь Монголын цагаар 20:00 цаг юм. Энэхүү уулзалт зургаа дахь удаагаа болж буй бөгөөд хамгийн сүүлд 2019 онд уулзсан. Түүнээс хойш цар тахал хэмээн гурван жил завсарлаад байсан юм. Бид уулзалтын дараа ямар үр дүн гарсан талаар Ерөнхийлөгчийг дагалдан яваа сайд нараас ярилцлага авч, мэдээлэл хүргэх болно.

Өмнө нь болж байсан уулзалтуудын үеэр манай тал ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, Транзит Монгол болох сонирхлоо байнга илэрхийлдэг байсан. Энэ удаад ч энэ сонирхол хэвээр бөгөөд өмнөх уулзалтуудаас ялгаатай нь бодит үр дүн гаргах магадлал өндөр байгаа юм.

ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

-Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн асуудал.

-ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Ази, Европыг холбосон төмөр замын сүлжээ бий болгох ажилд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх,

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын төмөро замын сүлжээнд холбох, Зүүн болон Баруун босоо тэнхлэгийн төмөр замын асуудал

-Одоо байгаа боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал

Дээрхээс гадна гурван улсыг холбосон хурдны авто замын сүлжээ байгуулах, аялал жуулчлалын коридор үүсгэх зэрэг асуудлыг хөндөх төлөвтэй байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Туслах Ю.Ушаков уржигдар өгсөн мэдээлэлдээ “Гурван талт уулзалтаар хилийн шалган нэвтрүүлэх боомтуудыг өргөтгөх, шинээр байгуулах, ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн "Союз Восток" хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан барих асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Байгаль орчныг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, аялал жуулчлалын чиглэлээр мөн хамтарч ажиллах сонирхолтой байгаа” гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button