Top StoriesЯрилцлага

Тэнгэр шинжих ухааны өв тээгч Д.Таванжин: Ширүүн салхитай, идэш муутай, зүтгүү хавар болно

"Тэнгэр шинжих ардын ухаан" cоёлын биет бус өв тээгч, “Нүүдэлчний соёлын биет бус өв” олон улсын наадмын хоёр удаагийн төлөөлөгч Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Д.Таванжинтэй ярилцлаа.
Тэрбээр 2018 онд “Хүй долоон худаг”, 2022 онд “Горхи Тэрэлжийн цогцолбор” газарт болсон наадмуудад өв тээгч төлөөлөгчөөр оролцжээ.

-30 дахь жилдээ тэнгэр шинжиж байна-

-Тэнгэр шинжих ухааныг та хэзээнээс өвлөж эхлэв?
-Тэнгэр шинжих ухаан манай нутагт маш эрт дээр үеэс уламжилж ирсэн өв. Миний аавын аав “дүлий” Сайнбаяр гэдэг хүн их сайн шинжээч хүн байсан гэдэг. 1944 оны намар өвөөг уулан дээр гараад бууж явахад нутгийн нэг хөгшин тааралдаж, цагийн өнгө аясыг асуухад “Хоолоо эрт, их хийгээрэй” гээд яваад өгч. Алдартай бичин жилийн зудын намар нь шүү дээ. Энэ зуднаар унаганыхаа ногтыг авч чадахгүй алдаж, идэш хоол, өвс тэжээл бэлдээгүй айлууд тэр чигээрээ малаа алдсан гэдэг. Миний хувьд 1993 онд Дарамын Бор гэдэг хүнд шавь орж, одоо 30 дахь жилдээ тэнгэр шинжээд дүгнээд байна. Тэнгэр шинжихдээ хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс эхлэн шинжиж, намрын дунд сарын 15-ны шөнө нутаглаж буй газрынхаа хамгийн өндөр ууланд гарч эргэн тойрноо дурандаж, маргааш нь дүгнэлтээ нутгийн ард түмэнд дүгнэлт, мэдээллээ өгдөг. Энэ жилийн намар л гэхэд зүүн хойд талдаа эвгүйрч, их цастай өвөл болохоор ажиглагдсан. Үнэхээр Багануур, Багахангай тийш цагийн байдал хүндэрлээ.
-Тэнгэр шинжих ухааныг хэрхэн эзэмшдэг вэ?
-Бүх юмыг ажиглана. Шинийн нэгний нар мандахаас эхлээд амьтан адгуус, шувуу, хорхой шавьж, байгалийн үзэгдлүүд, өвс ургамал, манан будан, тоос шороо гээд хүрээлэн буй бүхнээ ажиглаж энэ дундаасаа ирж яваа цагийн өнгө аясыг тооцоолдог. Эндээс зөвхөн цаг агаар гэлтгүй бусад үйлийг ч зөгнөж, болгоомжилж харах боломжтой мэдээллийг өгч байдаг.
-Тухайлбал…?
-Хоёр жилийн өмнө би хүний өвчин гарч магадгүй гэж хэлж байсан. Дээр үед өвгөд үүлний 13 шинж гэдгийг ялгаж харж, их мэдээлэл авдаг байсан. Би ч бас энэ цар тахлыг үүлний 13 шинжийг шөнө дурандсан дүгнэлтээрээ харсан.
-Намрын дунд сарын 15-нд бүтэн жилийн шинжийг гаргадаг гэлээ. Бичиж, тэмдэглэж эмхэтгэх үү?
-Ерөнхий нэг тэмдэглэл байнга явдаг. Яг тухайн жилийн ерөнхий өнгө аяс уулан дээр очиход багцаагаар цээжинд байна. Ажиглаад л өглөө нь хэлнэ. Цаг уурч Д.Шагдарсүрэн гуайтай 28 жил уулан дээр гарлаа. Тэр өдөр ууланд маш олон хүн цугладаг. Нутгийн иргэдээс гадна Төв, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Өвөрхангайгаас ч хүмүүс ирж ам чагнана. Сум, аймгаас удирдлагын хүмүүс ирж мэдээлэл авна. За тэнд очиж амжаагүй хүмүүс бол нэг хэсэгтээ л гэрээр айлчилна. Утсаар ярина. Малчин түмэн бол энэ тэнгэр шинжих ухааныг маш их дээдэлж, өндөр ач холбогдол өгдөг.
-Гарах уулаа хэлцэж сонгох уу?
-Хүн хаана нутаглаж байна, тэр орчмынхоо хамгийн өндөр дээр гардаг. Манай нутгийн Бага залаа хайрхан бол орчны 100 км дурангаар торохгүй харагддаг. Их угтаал хайрхан бас сайхан.

-Үхэр бут өндөр ургасан жил цас их унадаг-

-Хэрхэн өв тээгч болдог вэ?
-Тухайн хүн өөрөө би өв тээгч больё гээд явахгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөөд, нутаг усныхан дэмжсээр л ийм болсон. Нутгийн иргэд надаар тэнгэр шинжүүлж, асууж лавлаж авсан мэдээлэл нь амьдралд нь хэрэг болж байгааг харахад урамтай байдаг. Манайхан чинь утсаар залгаад "Ойрд цаг агаар хэр байх бол, хот руу нэг яваад ирвэл яах бол" гэх мэтээр их ярина.
-Танд бичиж тэмдэглэсэн нь их үү?

-Өөртөө тэмдэглээд л байна. Манай багш зузаан дөрвөн дэвтэр тэмдэглэл бичсэн байдаг. Одоо хөгшинд нь байдаг болов уу. Амьд сэрүүн байхад нь асуух юм их байж дээ гэж одоо боддог.
-Тэнгэр шинжих ажилдаа та хэр цаг зав гаргадаг вэ?
-Малчин хүн ерөнхий өдөр тутмын амьдралынхаа байдлаар ажиглаад явна. Өглөөний нар гарахаас эхлээд үдэш унтах хүртэл бүх зүйлсийг ажиглана. Түүнээс биш тэнгэр харлаа, ажиглалаа гээд цаг зав гаргаад явна гэсэн ойлголт байхгүй. Байгаль дэлхийн бүхий л зүйлс, хөдөлгөөн мэдээлэл өгдөг.
-Жишээ нь…?
-Үхэр бут өндөр ургахад цас унана. Өнтэй өвлийн үүл бараан. Шувуу доогуур нисч байвал өнтэй өвөл болно. Цасан ширхэг эргэлдэн бууж байвал өндрийн салхины хурд, хүчийг танина. Шивээ, бут хэр өндөр ургаснаас, мал салхитайд, тогтуунд хаашаа явж байгаагаас харж болно. Буга хэзээ урамдах, ууль хэзээ дуугарах, болжмор хургах, тоос шороо, хавар, намрын салхи их мэдээлэл өгдөг.

-Шинийн нэгэнд цастай байвал бороо цагтаа орохгүй-


-Таны ажигласнаар туулай жилийн хавар ямархуу байх бол?
-Холоос багцаалдсан таамаглаж байна. Шинийн нэгнээс шинж их юм хэлнэ дээ. Ерөнхийдөө хаа малын идэш хоол багасна. Хавар салхитай байна. Айхтар харанхуйлж, сүйдлэхгүй ч салхилаад л байх болов уу. Зүтгүүхэн хавар болно болно доо. Бороо орох газараа ус хаяад өнгөрнө. Шинийн нэгэнд үүлтэй, цас ороход зургадугаар сарын 20-ноос нааш хур ордоггүй гэж хэлдэг байсан. Одооны багцаа ийм байна. Шинийн нэгэнд цас хаялчихгүй бол бороо хугацаандаа орно.
-Дэлхийн дулаарал, цөлжилт, экосистемийн тэнцвэр алдагдах нь тэнгэр шинжих ухаанд нөлөөлж байна уу?
-Тэгэлгүй яахав. Ялангуяа машин техник олширч тоос шороо их болсонтой холбоотой ялгаж салгахад хэцүү болсон. Малын хөлийн тоос өөрөө их мэдээлэл агуулж байдаг. Дэлхий өөр болоод байгаа. Нар хугацаандаа ч арай доогуур гарч ирдэг болсон. Зэрлэг амьтан хүнээс үргэж, дайжихаа больчихсон. Хүнээсээ их шалтгаалах цаг ирээд байна даа. Байгалийн энэ их өөрчлөлтийг ажиглаж, харьцуулж, тайлж уншаад л явна.
-Хаврын тэнгэр халтай гэж ярьдаг. Өглөө нь налайж байснаа үдээс сүйд болж мал, хүн ихээхэн хохирдог шүү дээ?
-Хавар мандахаас л харах боломжтой байдаг. Нарны байр байдлыг уншаад сурчихад өнөөдрөө, ирэх 2-3 өдрийг харж болно.
-Танаас суралцаж байгаа хүн бий юу?

-Байгаа. Манай нутгийн хоёр залуу байнга холбоотой байж, уулан дээр дагаж гардаг.
-Урилга, заллага их үү?
-Манай багшийг байхад бид хоёрыг урьдаг байсан Өнгөрсөн намар Завхан аймаг руу урьсан. Зун нь Нүүдэлчдийн их наадмаас шагнал авсан учраас уламжлалт байдлаа хадгалаад нутагтаа уулан дээрээ гарья гэж бодоод яваагүй. Ирэх жил ирээч гэсэн газрууд бас бий.
-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button