НИЙГЭМ

Д.Мөрөн: Монголд 30 мянга гаруй гадаад иргэн амьдарч буйгаас 3 мянга орчим нь оюутнууд

Өнөөдөр /2019.10.17/ гадаадын иргэдийн хэрэг зөрчлийн талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн олон нийтэд мэдээлэл хийлээ.

-ХУУЛЬД ЗААГДСАН ТООГ БАРИМТАЛЖ ЧАДАЖ БАЙНА ГЭВ-

Тэрбээр Монгол улсад оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 28268 байгааг хэлсэн юм. Үүнээс хоёр улсын харьяалал бүхий 16 улсын 1927 цагаач иргэд байгаа бөгөөд тэдний дийлэнхийг БНХАУ болон ОХУ-ын иргэд эзэлж буй.

Хуулийн зохицуулалтаар Монгол улсад оршин суух гадаад иргэдийн тоо нийт хүн амын 3 хувиас илүүгүй байх ёстой гэж заасан байдаг бөгөөд энэ тоо хэвийн хэмжээнд байж чадаж байгааг тэрбээр онцоллоо. Монгол улсад амьдарч буй нийт гадаад иргэдийн 0.4 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байгаа аж. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоо нийт хүн амын 0.5 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж заагдсан байдаг ба, манай оронд амьдардаг цагаач иргэдийн тоо 0.06 хувьд хүрч байгаа юм байна.

Харин суралцах чиглэлээр Монгол улсад орж ирсэн нийт 39 орны 2970 гадаадын иргэн байна. Энэ тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад 28 хувиар нэмэгджээ. МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС гэсэн таван их сургуульд голлон гадаадын оюутнууд ихээр суралцаж байгаа аж. Тэднийг улсаар нь ангилбал, БНХАУ  хамгийн их буюу 2152 байгаагийн дийлэнх нь Өвөр Монголчууд байдаг ба цаашлаад ОХУ – 340, БНСУ-145, Япон - 89, Лаос - 58 оюутан байна.

-ЗАМ, ГҮҮРИЙН САЛБАРТ АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ХЯТАД ИРГЭД МАХНЫ ҮЙЛДВЭРТ ХУУЛЬ ЗӨРЧИН АЖИЛЛАЖ БАЙСАН-

Мөн гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар үргэлжлүүлэн мэдээллээ. Засгийн газраас жил бүр гадаадын иргэдэд хөдөлмөр эрхлэх салбар, чиглэлээр нь квот тогтоодог. Тухайлбал энэ жил барилгын салбарт ажиллах монгол ба гадаад иргэдийн тооны харьцааг 9:1 байлгахаар зохицуулжээ. Гэтэл ААН-үүд зөвшөөрөл бүхий квотоо өөр салбарын ААН-үүдэд худалдсан, шилжүүлсэн тохиолдол бүртгэгдэж байгаа аж.

Жишээ нь Өмнөговь аймагт Зам, гүүрийн салбарт ажиллах зөвшөөрөл аван орж ирсэн 92 хятад иргэн Махны үйлдвэрт ажиллаж байсныг албадан гаргажээ.

Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөл бүхий 87 улсын 9929 иргэн оршин сууж байна. Тэдний дийлэнхийг БНХАУ-ын 6993 иргэн эзэлж буй.

-ЗӨРЧИЛ ГАРГАСАН ИРГЭД, ААН-ҮҮДИЙГ 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН-

Мөн гадаадын иргэд визний хугацаа хэтрүүлэх, зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх гэх мэт зөрчлүүд буурахгүй байгааг Д.Мөрөн онцлов.

Гадаадын иргэн, харьяатын газраас гадны иргэн ажиллуулж буй 676 аж ахуйн нэгж байгууллагад бичиг баримтын шалгалт хийжээ.  Ингэснээр 1.2 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 хүнийг албадан гаргасан байна.

Мөн багийн спортын тамирчны урилгаар гадны орнуудаас иргэд оршин суух зөвшөөрөл олгох болсонтой холбогдуулан, урилга өгсөн иргэн, ААН нь уг тамирчнаа Төрийн байгууллагад бүртгүүлдэггүй, ирсэн хойно нь тоолгүй орхидог гэх мэт явдал элбэг анзаарагдаж байгаа тухай ярьсан юм. Хамгийн сүүлд гэхэд Нигер улсаас ирсэн хоёр тамирчны нэгийг албадан гаргаад байгаа бөгөөд, нөгөө нь энэ сарын 26-нд нутаг буцах юм байна. Чингээд ер Нигер улсаас аливаа иргэн Монгол улсад амьдран суух зөвшөөрөл авах асуудлыг таслан зогсоогоод буй тухай мэдэгдлээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button